УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өнөөдөр хаана
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр хаана.
Монгол Улсын их хурлын тухай хуулийн дагуу хаврын ээлжит чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 05-нд нээж, долоодугаар сарын 01-нд хаадаг. УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганы хугацааг энэ сарын 10 хүртэл сунгах захирамж гаргасан. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаран хэлэлцэх бус, Үндэсний их баяр наадам өнгөрсний дараа нухацтай хэлэлцэх ёстой гэсэн албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Энэ дагуу 2019 оны ээлжит чуулганыг өнөөдөр 10.00 цагт хаах болжээ. Хаалтын дараа үргэлжлүүлэн УИХ-ын ээлжит бус чуулганыг нээхээр төлөвлөсөн байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга албан бичигтээ, “Ардчилсан Үндсэн хуулийн амжилт ололт, алдаа дутагдал ил байна. Амжилтыг ахиулж, алдааг засах нь Монголын төр, ард түмний үүрэг мөн, арга зам нь хуульдаа өөрчлөлт оруулж, сайжруулах гэдэгтэй маргаж буй хүн алга. Нөхцөл байдал ийм байхад долоо хэмжих асуудлыг нэг хэмжиж хэрхэвч болохгүй гэдгийг онцгойлон сануулъя. Миний бие нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний хувьд, Улсын Их Хурлаар хэлэлцүүлж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг албан бусаар олж авч, зохих хэмжээнд судалж танилцлаа. Авууштай ч зүйл байна, алдаатай ч зүйл байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтай хэлэлцэх шаардлагатай байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх чуулганд биечлэн оролцож, саналаа тусгайлан илэрхийлнэ” хэмээсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ