Америкийн цомын гурван тоглолтын ялагчийг пеналтигаар тодруулжээ


Бразилд болж буй Америкийн цом буюу Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 46 дахь тэмцээний шөвгийн наймын дөрвөн тоглолтын гурав нь гоолгүй өндөрлөж, ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодруулахад хүрчээ.

Эхлээд Порту Алегри хотын “Гремио Арена” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэд Парагвайг үндсэн ба нэмэлт цагт хожиж чадалгүй хөгжөөн дэмжигчдийнхээ нервийг баран байж пеналтигаар л буулган авав.

Колумби Чили, Уругвай Перугийн тоглолтууд мөн л гоолгүй өндөрлөж, пеналтигаар Чили, Перугийн багууд дараагийн шатанд шалгарсан байна. Харин хэсгийн тоглолтуудад тааруухан байсан Аргентин Мартинес, Ло Чолсо нарын гоолын ачаар Венесуэлийг 2:0-ээр хожжээ.

Хагас шигшээд Бразил Аргентинтай, Чили Перутэй тус тус учраа таарсан байна. 

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ