Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд УЛСЫН НАЧИН цол олгохоор боллоо
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр /2019.06.19/ боллоо. Хурлаар бөхчүүдэд цол, чимэг олгуулах тухай Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцжээ.
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож давааг нь хүчингүй болгосон тул Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон байна. Мөн Улсын начин Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг олгохоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос шийдвэрлэжээ.
Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын тавын таваанд Улсын гарьд Н.Ганбаатар нь аймгийн арслан Б.Эрдэнэхүүг өвдөг шороодуулсан ч сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тул улсын наадамд давсан давааг хүчингүй болгож, Н.Ганбаатар гарьдын барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг өмнө нь гаргаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ