УЕФА-гийн Ерөнхийлөгч асан Мишел Платиниг Францын авлигатай тэмцэх газрынхан байцаажээ
Францын Нантер хотноо саатуулагдсан Европын хөлбөмбөгийн нэгдсэн холбоо буюу УЕФА-гийн Ерөнхийлөгч асан Мишел Платиниг Францын авилгатай тэмцэх газрын ажилтнууд саатуулан олон цагийн турш байцаасныхаа дараа сулласан тухай “Франс Пресс” агентлаг мэдээлжээ.
Түүнийг Дэлхийн хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-д ажиллаж байхдаа 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагч орныг шалгаруулахад Катараас хахууль авсан хэмээн сэжиглэсээр удаж байгаа аж.
Тэрээр өмнө нь ФИФА-гийн Ерөнхийлөгч асан Жосеф Блаттераас ямар нэг тодорхой шалтгаангүй 1.3 сая евро авснаас үүдэн хөлбөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд дөрвөн жилийн хугацаанд оролцох эрхгүй болсон билээ. Тэр хугацаа дуусахад уг нь хэдхэн сар үлдээд байгаа аж.
Өдгөө 63 настай Мишел Платини Францын шигшээ багийн ахлагч байхдаа 1984 онд Европын аварга болсон бөгөөд дэлхийн оны шилдэг хөлбөмбөгчний “Алтан бөмбөг” шагналыг гурвантаа гардаж байсан билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ