Америкийн цом: Уругвай эхний тоглолтдоо Эквадорыг бутниргэв
Бразилд энэ сарын 14-нд эхэлсэн Америкийн цом буюу Өмнөд Америкийн аварга шалгаруулах 46 дахь тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. “С” хэсгийн эхний тоглолтод Уругвай өчигдөр Эквадорыг 4:0-ээр бутниргэлээ.
Тоглолтын эхний үеийн 24 дэх минутад Эквадорын хамгаалагч Кинтерос өрсөлдөгч багийнхаа тоглогчийн нүүр рүү тохойдон улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн юм. Үүнээс өмнө Уругвайн Лодейро тооны харьцааг 1:0 болгоод байсан бөгөөд нэг тоглогч дутуу үлдсэн Эквадорт Кавани, Суарес нар нэмж гоолдсон юм. Улмаар Эквадорын Мина өөрийн хаалганд бөмбөг оруулснаар Уругвай “С” хэсгийг тэргүүлж эхэллээ. Өнөөдөр тус хэсэгт Чили, Японы багууд тоглох ажээ.
Харин “А” хэсэгт Бразил Боливийг 3:0-ээр хожиж, Венесуэл Перутэй 0:0-ээр тэнцсэн бол “В” хэсэгт Колумби Аргентинийг 2:0-ээр давамгайлан Парагвай, Катартай 2:2-оор эвийн гэрээ байгуулжээ.
Энэ удаагийн Америкийн цомд Өмнөд Америкийн 10 багаас гадна Азийн хөлбөмбөгийн холбооноос урилгаар Япон, Катарын багууд оролцож байна. Тус тэмцээнд Уругвай 15, Аргентин 14, Бразил 8 удаа тус тус түрүүлж байсан түүхтэй.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ