Монгол улсын баг Туркийн багт хожигдлоо

Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. Энэхүү тэмцээниий хэсгийн тоглолтонд гурван хожил, нэг хожигдол амссан Монголын шигшээ баг дөнгөж сая шигшээ дөрөвт үлдэх эрхийн төлөө БНТУ-ын багтай хийлээ.
Монгол улсын баг тэмцээний “С” хэсгийн хоёроор шалгарсан бол Туркийн баг “А” хэсгийг тэргүүлсэн юм.
Хоёр баг тоглолтын эхнээс ширүүн өрсөлдөөн үзүүлсэн бөгөөд Монголын багийн алдаанууд хожигдлын шалтгаан болсон юм. Тоглолт 21:18-ын харьцаатай Турк улсын багийн хожлоор өндөрлөсөн бөгөөд тэдний хувьд ийнхүү шигшээ дөрвөн багт үлдэж байгаа юм.
Харин хожигдол хүлээсэн ч маш ширүүн өрсөлдөөн үзүүлж чадсан Монголын багийн хөвгүүддээ үзэгчид ихээр баяр хүргэж байлаа. Тэдний хувьд ийнхүү хожигдсоноор дэлхийн аваргын тэмцээнийг өндөрлөлөө. Дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцсон Монгол Улсын багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нарын тоглогчид багтсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ