Ж.Батзандан: Цор ганц амьд гэрч Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгохоор бэлдэж байна
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, А.Сүхбат нар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентийн холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хорооны гишүүнээр ажиллаж байгаа. Тэд өчигдөр энэ асуудлаар МҮОНТ-ийн нэвтрүүлгийн ярилцлагад орохдоо Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийн хэсгээс гаргалаа.
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих байрны зоорийн давхарт 2015 оны есдүгээр сард хийсэн бичлэгт Б.Содномдаржааг хоёр хоригдол ээлжлэн шөнийн турш зодож, галуун цуваагаар алхуулж, савтай ялгадсаа дээрээс нь асгах, элдэв муу үгсээр хараах зэргээр тамлаж буй нь бичлэгт үлджээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Эхний 24 минутын буюу зургаа хоногийн турш эрүүдэн шүүсэн бичлэгээс түүвэрлэн гаргасан. Хоёр хоригдол ээлжлэн Б.Содномдаржааг унтуулахгүй тамлаад өрөөнөөс гарахад зөрөөд ШШГЕГ-ын ажилтан орж ирж, Содномдаржааг үргэлжлүүлэн зодож, нүдсэн. Төрийн албан хаагч шүү дээ. ШШГЕГ-ын энэ ажилтан одоо яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Үүнийг бид эрүүдэн шүүлт гэж үзэж байна. Эрүүдэн шүүлттэй холбоотой бичлэгүүдийг ил болгох шийдвэр гарсны дагуу үе шаттайгаар олон нийтэд ил болгож байна. Түр хороо мөн цорын ганц амьд гэрч Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгохоор бэлдэж байна.
УЕП, Дээд шүүх, Тагнуулын ерөнхий газрын дарга удирдлагуудтай Засгийн газраар дамжуулан уулзаж, эрүүдэн шүүсэн асуудалд холбогдсон хүмүүсийн хэргийг яаралтай шалгаж, хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Одоогийн байдлаар найман хүн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаж, шүүх рүү шилжихэд бэлэн болсон гэх мэдээллийг Засгийн газар, УЕП-ын газраас өгсөн. Эрүүдэн шүүсэн нь нотлох баримтаар тогтоогдсон. Иргэд олон нийтийнхээ дэмжлэгээр Түр хорооны ажил ахицтай яваа.
Мөн Чимгээгийн өрөөнд шөнө хүн амины олон удаагийн хэрэг үйлдсэн Ц.Амгаланбаатарыг оруулж, "Хэргээ хүлээ!!!" хэмээн айлгаж, хараалын үг урсгаж буй бичлэгийн хэсгээс үзүүлэв. Чимгээг 110 хоногийн турш ШШГЕГ-ын пудволын хүйтэн өрөөнд хорьж, усанд оруулах, хувцсаа солих ч боломж олгоогүй" хэмээн УИХ-ын гишүүн Л.Болд тайлбар хийв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ