Хуулийн сайдад хаягласан Б.Булганы захидлыг нууцын зэрэглэлээс гаргажээ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булган өнгөрсөн 2015 оны тавдугаар сарын 15-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандан захидал бичжээ. Уг захидал нь нууцын зэрэглэлд хамааралтай байсан тул олон нийтэд ил болгох боломжгүй өнөөг хүрсэн байна. Харин саяхан С.Зориг агсны хэргийн зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргаснаар талийгаач С.Зоригийн гэргий Б.Булганы Ц.Нямдорж сайдад хаягласан энэхүү захидлыг олон
нийтэд ил болгох боломжтой болжээ.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганы Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хаягласан захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖ ТАНАА
Банзрагч овогтой Булган би С.Зориг гишүүнтэй амьдарч байхад 1998 онд манай гэрт аймшгийн хүн амины хэрэг гарсныг Монгол даяараа мэдэж байгаа. Энэ хэрэг гарсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнөөс авахуулаад намайг байцааж, ам зураг гаргуулж, мөн 14 хоног хорьж байсан. Энэ бүх үйл ажиллагааг би зөв гэж бодож, Ажлын хэсгийг дуудах бүрт цаг хугацаанд нь ирж, чадах ядахаараа тусалж, энэ хэрэг илэрнэ гэдэгт дандаа итгэл төгс явж ирсэн билээ.
2015 оны 11 дүгээр сарын 13-нд намайг Тагнуулын Ерөнхий газар дээр 8 цагт ирээрэй гэсэн. Би өглөө нь ирээд, орой нь хоригдсон. Энэ удаад мөрдөн байцаагч нар нь Эрүүгийн хууль болон хүний эрхийг маш их зөрчсөн.
Өмгөөлөгчгүй байцаасан.
“Танай гэрт очих шаардлагатай байна” гэж хэлэхэд нь би зөвшөөрч, гурван мөрдөн байцаагчтай гэртээ ороход араас нь гэнэт хориод хүн Амгаланбаатартай хамт орж ирсэн. /масктай, буутай, камертай/
Ингээд надад прокурорын тушаалыг танилцуулалгүй, шууд гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн.
ТЕГ дээр эргэн ирээд Амгаланбаатартай хамт нэг өрөөнд цоожилж, нэг цаг орчим байлгасан. Мэдээж, энэ хүн намайг хэл амаар доромжилж, “Унтаж хэвтэж байснаа санахгүй байна уу” гээд сандлын маань хөлийг өшиглөж, өдөөн хатгалга явуулж байсан. Амгаланбаатар нь том биетэй боловч ухаан нь хөгжөөгүй учир намайг хоёр өгүүлбэр хэлсний дараа тэр юу ч хэлж чадахгүй, чимээгүй болсон.
Мөрдөн байцаагч нар нь “Нөхөн хэлэлцэх хугацаа дуусан” гэж хажуугаар өнгөрөхдөө хэлж байсан.
Бүтэн өдөржин хоолгүй, хамгийн гол нь уух юмгүй байлгасан.
Хорьсныхоо дараа тэр ”За одоо хэргээ хүлээ, бидэнд хангалттай нотлох баримт байгаа” гэж шахаж, сэтгэл санааны дарамт үзүүлж байсан.
Ингээд би 10 сар хоригдоход надаас гурван удаа л байцаалт авсан. Шинэ юм огт асуугаагүй, гол нь хэргээ хүлээ гэсэн агуулгатай, мөн урд өгсөн мэдүүлгүүд чинь хоорондоо зөрөөд байна гэхээс өөр зүйл огт байгаагүй учир би дахин мэдүүлэг өгөхгүй, гарын үсэг зурахгүй гэсэн. Мөн “Энэ хоригдож байгаа хүмүүс алуурчид биш” гэж хэлсээр 10 сар хоригдсон. Үүний дараа миний хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ хүмүүсийн шүүх хурлыг намайг оролцуулахгүй, хаалттай хийсэн билээ. Одоо надад шинэ хэрэг нээж, яллагдагч болгосон байна. Надтай мөрдөн байцаагч Бархасбадь хурандаа дөрвөн удаа мэдүүлэг авах гэж уулзсан. Сүүлийн хоёр удаагийн уулзалтаар тэр “Өөрийн чинь тэмдэглэлийн дэвтэрт танай охины бичсэн зүйлийн талаар асуух хэрэгтэй байна. Хоёулаа Хятад явах уу” гэхэд нь би “Би 82 настай ээжийгээ хардаг учир амжихгүй” гэхэд тэр “Охин чинь яг хэзээ ирэх вэ” гэж байнга асууж байгаа. Миний охин Сийлэгмаа нь 1998 онд 13 настай, эмээ, өвөө дээрээ амьдарч байсан ба тэр хэзээ ч хүний дэвтэрт юм тэмдэглэх хүн биш юм. Иймээс хэрэв миний охиныг байцаах хэрэгтэй бол камерт бичлэгтэй, өмгөөлөгчтэй, ямар нэг шахалт дарамтгүй уулзахад нь анхаарч өгөхийг би танаас хичээнгүйлэн хүсч байна.
1937 онд миний өвөө Ц.Тамжав нь Бүх цэргийн яамны Санхүүгийн албаны дарга байхдаа хэлмэгдэж, цаазлуулсан ба 1964 онд цагаатгагдсан билээ. Тэр үеийн архивын баримтуудаас харахад, хэлмэгдсэн хүмүүс хэргээ зөвшөөрч, гарын үсэг зурсан байдаг. Энэ нь тэднийг ар гэр, эхнэр хүүхдээр нь барьцаалсан гэдэг юм билээ. Одоо миний охинтой уулзана гэдэг нь надад дарамт шахалт үзүүлж байгаа хандлага гэдэг сэтгэл надад төрж байна.
Миний хань С.Зориг нь 1990 онд найз нөхдийн хамт ардчилсан өөрчлөлтийн төлөө тэмцэхдээ хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулах гэж зүтгэсэн. Иймээс 1937 он Монголд эргэн ирэхгүй гэдэгт би гүнээ итгэж байна.
Би энэ захидлыг бичихдээ,
Энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд анхаарч, мөрдөн байцаах ажиллагаанд хэрэглэж байгаа залхаан цээрлүүлэх, айлган сүрдүүлэх, гэнэдүүлэх аргуудыг зогсоохыг хүсч байна.
Энэ хэрэгт холбогдуулан гэм буруугүй хүмүүсийг хэлмэгдүүлэхийг зогсоохыг хүсч байна.
Хэргийн нууцтай холбоотой ямар ч мэдээлэл бусдад тарааж болохгүй гэдэг нэрийдлээр надаас манай гэр бүлийн гишүүд, өмгөөлөгч, найз нөхдөөс минь гарын үсэг авсан тул үг хэлж болохгүй, өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй болгосон.
Мэдээллийн хэрэгслээр нэг талыг барьсан, сөрөг мэдээлэл явуулж байгаа.
Энэ бүгд нь Монголын төлөө чин сэтгэлээрээ зүтгэж явсан С.Зориг гишүүний нэрийг гутааж, мөн ард түмний маань төр засаг, хууль цаазандаа итгэх итгэлийг маш ихээр бууруулж байгааг анхаарна уу.
Захидал бичсэн Б.Булган
Би “Улсын нууц задруулахгүй гэсэн бичигт гарын үсэг зурсан тул энэ захидлын хуулбарыг төрийн нууцад нэвтрэх эрхтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд:
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нарт хуулбарыг хүргүүлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ