Байнгын хороод Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ

УИХ-ын гурван байнгын хороо Төрийн ордонд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


Тухайлбал, 10.00 цагт хуралдах .Эдийн засгийн байнгын хороо Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай,Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж, Үндэсний статистикийн хорооны 2018 оны ажлын тайланг сонсоно.


Төрийн байгуулалтын байнгын хороо 11.00 цагт хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал, Улсын Их Хурлын Тамгын газрын 2018 оны ажлын тайланг сонсоно. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.


Үдээс хойш буюу 14.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдана. Тус байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02  дугаар дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал, •Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Мөн өнөөдөр 12.00 цагт Цахим бодлогын түр хороо хуралдаж, Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл, УИХ-ын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын багийн мэдээллийг сонсох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ