Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд хаалттай хорих ангид 15 жилийн ял оноолоо

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  бага насны хүүхдэд  хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн хэргийг шийдвэрлэлээ. 


Архангай аймгийн харьяат, урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан Д овогтой Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдэд хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийжээ.


Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч  Д-д 15 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.


Бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх гэмт хэргийн үйлдэгддэг орчин нь ахуйн хүрээнд, гэр бүлийн хамаарал бүхий этгээд үйлдэх нь дийлэнх хувийг эзэлдэг. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ хандуулах хараа хяналтаа сайжруулах, тэднийг болзошгүй эрсдэл, бие махбодь болон сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг прокурор анхааруулж байна гэж Архангай аймгийн прокурорын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ