АН-ын зөвлөл: Сонгуулийн тойрогт амлаад байгаа мөнгөө түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст зарцуул
Өнөөдөр АН-ын зөвлөл ээлжит хуралдаанаа хийж хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Хамгийн эхлээд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляцитай холбоотой ард иргэдийн амьжиргааны талаар мэдээлэл солилцжээ. Улмаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ.
Мөн өнгөрөгч долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн асуудлаар үнэн худал нь үл мэдэгдэх олон асуудал яригдсан тул байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзжээ.
Энэ тухай АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “Өнөөдөр улс орны нөхцөл байдал иргэдийн амьдрал туйлын хүнд нөхцөлд байна. Ийм үед Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна. Хэнтийн нуруунд гарсан түймэр олон хоног үргэлжилж, 60 км газрыг эзэлсэн. Ийм үед засгийн газар Сонгуулийн тойрогт ажиллаж, сонгуулийн сурталчилгаа ярьж яваа нь харамсалтай. Сонгуулийн тойрогт амлаад байгаа мөнгө төгрөгөө түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст, хоол хүнс дутагдалтай газарт зарцуулах хэрэгтэй. Тэнд хүн хүч, хоол хүнс, техник дутагдалтай байгаа. Гэтэл Ерөнхий сайд тэнд очиж, уулзалт хийж байгаа нь сонгуулийн хууль зөрчиж байна. Ерөнхий сайд хөрсөн дээрээ буугаач ээ.
Мөн өргөн хэрэглээний барааны үнэ урьд байгаагүйгээр өдөр бүр өсөн нэмэгдэж, дундаж орлоготой айл өрхийн амьдрал улам уруудан доошилж байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөр 5.5 тэрбум ам.доллар авах амлалтад орсон. Өнөөдрийн байдлаар эрх баригчид бараг хоёр тэрбум ам.доллар авчихаад байгаа.
Шатахууны жижиглэнгийн үнэ 2018 онд таван удаа, 2019 онд хоёр удаа өссөн. Энэ нь инфляцид маш их нөлөөлж байна. Мөн махны экспорт өсч байгаа нь сайн хэдий ч үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд хатуу нөлөөлж байна.
Мөн хоёрдугаарт, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 33 их наяд төгрөг хулгайлсан гэх ташаа мэдээлэл гарах боллоо. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 2015 оны наймдугаар сарын 07-нд баталсан. Тус хууль хэрэгжсэний дараа 34,7 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол АН-ын засгийн үед авсан 2,5 тэрбум ам.долларын бондтой огт холбоогүй зүйл юм. 11 их наяд нь бизнес эрхлэгчдийн татварын хөнгөлөлтийн чөлөөлөлт байсан.
Түүнээс биш 33 их наяд төгрөгийг хэсэг бүлэг хүмүүс хулгайлсан асуудал биш. Бондын зарцуулалтын талаар тодорхой мэдээлэл өгсөн дээр байх" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ