“ШИНЭ”-ийн тулгын гурван чулууны нэг Самандын хүү самрахуу?

    Увсын угшилтай Самандын хүү Жавхлан Улаанбаатарт морь унаж сонгуульд ялж болдгийг харуулсан цорын ганц улс төрч. СУИС төгсөж зохиолын дуугаар зон олноо уярааж Монголоо тойрон аялаж, тоглолтоо хийж явсан тэрбээр Улсын Дээд Шүүхэд нэрээ өгчихөөд байгаа Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэлд орсоноор УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй ах нараа дагаж баруун аймгуудыг дайлаар мордож явна.

Хэтийдэж байнауу даа гэмээр уламжлалт үйлтэн тэрбээр ШИНЭ нам байгуулагдаад явчихвал анх удаа намын гишүүн болно.УИХ-ын гишүүн тэрбээр гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүдийг дахин сонгуульд дэвшүүлэхгүй байх анхны хуулиа бас саяхан санаачилж өргөн бариад буй.   

     Ихэвчлэн ганцаарчилсан улс төр хийх гэж оролддог, анхны хуулиа санаачилж, анх удаа нам эвсэлд орж байгаа түүнийг хууль эрх зүйн талаас нь ч тэр, улс төрчийнх нь талаас нь ч тэр ганц сайн сургаж өгөх хүн бол яах аргагүй УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Улс төрийг хэрхэн яаж хийдгийг,  хууль хэрхэн өргөн барьдагийг, яаж батлуулдгийг  яруу тодоор харуулах  УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тэр хавьгүй хурдан суралцах нь дамжиггүй. Тэгээд хэдэн бор юмаа УИХ-ын гишүүн Лу.Болд ахынхаа “Богд” банкинд хадгалуулчихвал болох нь тэр. “МАНАН” дэглэмийг нураах Монгол түмний жагсаалд эхнээс нь оролцоогүй ч “ШИНЭ” намын тулгын гурван чулууны нэг болохоор шийдсэн тэрбээр ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүйг дэндүү ихээр ойлгосон гэдгээ ч хэлж байсан.

Намд элсэхдээ мэдээж АН, МАН-ын алинд нь ч элсэхгүй нь тодорхой байсан ч,. Н.Энхбаярын толгойлдог МАХН-д элсээгүйг бодоход их удаан судалж үзлээ хэмээн айлдсанаас нь дүгнэхэд, тэрбээр сонгуулийн бооцоогоо “ШИНЭ” дээр тавьсан хэрэг.

Ингээд бодохоор иргэд сонгогчдын анхаарлын төвд “Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл буюу “ШИНЭ”-ийнхэн ороод ирчихвүү дээ. МАНАН дэглэмийн эсрэг ШИНЭ -д элссэн  Самандын хүү яг одоо баруун аймгуудыг  байлдан дагуулж, МАНАН-г самарч яваа юм байна...

 Д.Оюу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ