Холландын “Аякс” Английн “Тоттенхэм Хотспур”-ыг талбай дээр нь “дээрэлхэв”
Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолт Английн Лондон хотноо “Тоттенхэм Хотспур”, Холландын “Аякс” багуудын хооронд болов.
Бэртэлттэй Харри Кейн болон хоёр шар хуудсаар торгуульж тоглолтыг өнжихөд хүрсэн Сон Хеун Мингүй талбайн эздийн довтолгоо ямар ч иргүй болсон нь тоглолтын эхнээс л тодорхой болсон юм. Харин “нисдэг холландууд” талбайн бүх хэсэгт давамгайлан маш сонирхолтой тоглолт үзүүлж байлаа.
Иймээс ч 15 дахь минутад Ван Де Бек гоол оруулсан нь санамсаргүй зүйл байсангүй. 75 дахь минутад “Аякс” хоёр дахь удаагаа гоолдох тун дөхсөн. Гэвч Нересийн өшиглөсөн бөмбөг талбайн эздийн хаалганы шонг оносон билээ.
Ийнхүү “Аякс” “Тоттенхэм Хотспур”-ыг талбай дээр нь хожин Аваргуудын лигийн финалд шалгарах томоохон алхам хийж чадлаа.
Өнөөдөр хагас шигшээгийн хоёр дахь тоглолтод Лионел Месси тэргүүтэй Испанийн “Барселон” Английн премьер лигийн аваргын төлөө өрсөлдөж буй “Ливерпул”-тэй тоглоно.
"Тоттенхэм Хотспур" (Англи) – "Аякс" (Холланд) – 0:1 (0:1)
Гоол: Ван Де Бек (15 дахь минут)
"Тоттенхэм Хотспур": Ллорис, Алдервейрелд, Санчес, Фертонген (Сиссоко, 39), Триппьер (Фойт, 80), Эриксен, Ваньяма, Роуз (Дэйвис, 79), Алли, Лоренте, Лукас Моура.
"Аякс": Онана, Фелтман, Блинд, Де Лигт, Тальяфико, Ван Де Бек, Шене (Мазрауи, 65), Де Йонг, Зиех (Хунтелар, 87), Тадич, Нерес.
Шар хуудас: Тальяфико, 30. Фелтман, 63.
Шүүгч: Матеу Лаос (Испани).
Лондон. "Тоттенхэм Хотспур" цэнгэлдэх хүрээлэн.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ