Буудуулж амь насаа алдсан хэргийн эргэн тойронд: Талийгаач хүнд өвчтэй байжээ

Өчигдөр  өглөө 06.15 цагт цагдаагийн байгууллагын шуурхай мэдээллийн утсанд “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11- р хороо 100 айл орчмын автобусны буудал орчимд толгойноос цус гарсан байдалтай хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийнхан хэргийн газарт үзэлэг хийж,  духандаа  буудуулж амь насаа алдсан байдалтай байсан цогцосыг шинжилгээнд илгээгээд байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарах юм.

Нас барсан хүнийг 40 орчим настай, хөдөө орон нутгийн харъяалалтай гэж байсан ч энэ мэдээлэл ташаа болох нь тогтоогдоод байна.  Талийгч 1958 онд төрсөн, 61 настай,  Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт амьдардаг байжээ.

Хэргийн газрын эхний үзлэгээр цагдаагийн байгууллагын  рлшууг нь тайрсан ТОЗ-8 маркийн  буугаар өөрийгөө егүүтгэсэн байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт хийсэн бөгөөд харин  бууг нь  хайгаад олоогүй гэх мэдээлэл байсан ч цагдаагийнхан өчигдөр  мөрдөн шалгах явцдаа бууг олжээ.

Зарим нэг гэрчүүдийн мэдүүлснээр  тухайн газарт шөнийн 03 цагийн үед эрэгтэй эмэгтэй хоёр хүн тамхи татаад зогсож байсан гэх бөгөөд удалгүй эрэгтэй хүний муухай орилох дуу гарсан гэжээ.

Талийгч  амиа хорлосон байж  магадгүй гэх урьдчилсан таамаг байгаа. Учир нь  түүний гарт нь дарины үлдэгдэл байжээ. Нөгөөтэйгүүр мөн гэрээслэл бичиж үлдээсэн гэх  мэдээлэл байгаа юм.  Гэвч гэрээслэл бус харин өвчнийхөө талаар бичиж тэмдэглэж байсан  тэмдэглэлийг нь олжээ. Тэрбээр хүнд өвчтэй, үүнээсээ болоод сэтгэл санааны тогтворгүй байдалтай байсан гэдгийг эх сурвалжууд  дурджээ.

Энэ  хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм байна. 

Түүнчлэн хэрэг болсон газрын ойр орчмын барилгууд камертай байжээ.

 

Г.Хан zaluu.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ