Э.Цэндбаатар Ази тивийн аварга боллоо
Өнгөрсөн жилийн Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар дахин Азийн дэвжээнд түрүүллээ. Тайландад болж байгаа боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий 60 кг-ын жингийн финалд манай тамирчин Казахстаны З.Сафиуллинтай алтан медалийн төлөө өрсөлдлөө. Закир Сафиуллин 2015 оны Азийн АШТ-ий мөнгөн медальтай, 32 настай тамирчин. Дөрвөн жилийн өмнө 2015 онд тивийн аваргын финалд манай Д.Отгондалайд ялагдаж байсан юм.
Тоглолтын эхний үе аваа өгөөтэй, харилцан цохилцон өнгөрсөн ч Э.Цэндбаатарын зүүн гарын цохилт арай илүү оновчтой байлаа. Хоёрдугаар үед ч тамирчид хэн хэнээсээ илүүрхэх юмгүй тэнцүү тоглож дуусгасан. Харин сүүлийн үед Э.Цэндбаатар илүү ажиллаж, давамгайлснаар шүүгчид санал нэгтэй манай боксчинд ялалт өгсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ