Г.Ганхуяг, Б.Отгонбаяр нар хүрэл медаль хүртлээ

“Ши Ань-2019” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр 74 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн аварга, “Хангай хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Батсуурийн Отгонбаяр Монголын эрэгтэй бөхчүүдийн эхний хүрэл медалийг авчирлаа. 
Азийн аваргад анх удаа зодоглосон тэрбээр 1/8 шигшээд Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Данияр Кайсановт 1:8-аар ялагдсан. Өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан юм. Улмаар дагах барилдаанд Узбекистаны Артём Присьянюкыг цэвэр дарсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпийн хошой, дэлхийн болон Европын аварга ОХУ-ын алдарт бөх Мавлет Батировын дүү “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, 2016 оны Азийн аварга Бахрейний Адам Батыровтой барилдах ёстой байсан. Түүний өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй учраас Б.Отгонбаяр тивийн аваргаас анхны хүрэл медалиа зүүв.

Мөн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд 23 хүртэлх насны дэлхийн болон Азийн АШТ-ий хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хошой мөнгөн медальт, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Ганбаатарын Ганхуяг Монголын эрэгтэй бөхчүүдийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. 
Г.Ганхуяг 1/8 шигшээд Европын залуучуудын аварга болж, Али Алиев, Александр Медведь, Тахтийн цомд түрүүлж байсан Кыргызстаны дагестан легионер Алигажи Гамидгажиевт 2:4-өөрялагдсан. Өрсөлдөгч нь шигшээд торолгүй шалгарснаар дагах барилдаан гарав. Дагах барилдаанд Японы Такахиро Мүраямаг 1:1-ээр, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд 2014 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Абдурасул Вахобовыг 4:0-ээр ялснаар шагналын тавцанд зогсохоор боллоо. 
Ийнхүү Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид эртний Хятадын нийслэлээс нэг мөнгө (Ө.Батзул), хоёр хүрэл медаль (Б.Отгонбаяр, Г.Ганхуяг) хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлэв. Маргаашнаас эмэгтэйчүүдийн барилдаан эхэлнэ.

Mongolian Wrestling Federation

СЭТГЭГДЭЛ БИЧИХ