800 жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүм шатлаа
800 гаруй жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүмд томоохон хэмжээний гал гарлаа.
Орон нутгийн цагаар өчигдөр 18:50 цагт гал гарсан байна. /Одоо Парист шөнийн 02 цаг өнгөрч байгаа бөгөөд гал гарснаас хойш найман цаг өнгөрчээ/
Сүмд сэргээн засах үйл ажиллагаа явуулж байжээ. Сүмээс хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн бөгөөд одоогоор хүн хохирсон талаарх мэдээлэл гараагүй байна.
Парисын дарь эхийн сүмийн гол орой болон дээвэр шатаад байна.
XII-XIV зуунд Парисын төвд барьж байгуулсан готик хэв маягийн энэ сүмийг жил бүр сая сая жуулчин ирж үздэг байна.
МАКРОН СҮМИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА ГЭДГЭЭ АМЛАЛАА
Дарь эхийн сүм бол бидний түүх, бидний уран зохиол, бидний сэтгэл зүрхний нэг хэсэг, бидний гайхалтай түүхийн газар, бидний амьдрал байсан юм.
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлах болно гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр сэргээн засварлах үйл явцад зориулж хөрөнгө босгох олон улсын кампанит ажил эхлүүлэхээ амласан байна.
"Дарь эхийн сүм бол бидний түүх, бидний уран зохиол, бидний сэтгэл зүрхний нэг хэсэг, бидний гайхалтай түүхийн газар, бидний амьдрал байсан юм. Сүм шатсаар байна. Маш олон хүн харамсаж байгааг мэдэж байна.
Гэхдээ би өнөөдөр бас итгэл найдварын талаар яримаар байна. Бид 800 жилийн өмнө энэ сүмийг барьсан ч түүнээс хойш үргэлж сэргээн засварлаж, сайжруулж, өргөжүүлж ирсэн. Тиймээс өнөөдөр би сүмийг хамтдаа сэргээн босгох болно гэдгийг итгэл төгс хэлж байна" хэмээн Францын Ерөнхийлөгч хэлжээ.
Тэрбээр сүмийн хоёр цамхаг болон фасад хэсгийг нь хамгаалж чадсан гал сөнөөгчдийг амь биеэ үл хайрлан байж ажиллаж буйд талархлаа илэрхийлжээ. Тэрбээр галын нөхцөл байдалтай танилцаад "аймшигтай гамшиг боллоо" хэмээж, үүнээс дор зүйл болох магадлалтай байсан тухай хэлсэн байна.
Эх сурвалж: BBC gogo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ