Видео: Тунгаа аваргын бүсээ эргүүлэн авч чадсангүй
Монголын холимог тулаанч Ж.Нарантунгалаг өчигдөр /2019.04.12/ Филлипин улсын Манила хотод “One Championship Roots of Honor“ тэмцээнд оролцлоо. Манай тамирчин “ONE Championship” холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө вьетнам гаралтай, Австралийн тулаанч Мартин Нгуентэй тулалдсан юм. Энэ бүсийг Тунгаа 2014-2015 онд эзэмшиж байсан юм. Мартин бол манай тулаанчийн Оросын Марат Гафуровт алдсан аваргын бүсийг 2017 онд Гафуровыг хоёрдугаар үед хүнд цохилтоор ялж, булаан авсан тулаанч билээ. 13 насны зөрүүтэй тулаанчид. Тэд 5 минутаар 5 үе тоглох ёстой.
Танхимд дуучин Д.Жаргалсайханы “Чингисийн баатрууд” дуу эгшиглэн, Тунгааг гарч ирэхэд үзэгч олон уухайлан хүлээж авч, угтан гүйж харагдсан. “One Championship” холбооны фэнүүд чухам Тунгаа л үзүүштэй сайхан тулаанаараа тэмцээн, уралдааныг нь сонирхолтой болгож байгааг андахгүй сайн мэднэ.
Эхний үе тулаанчид нэг нэгнээ туршсан, тагнасан маягаар эхэллээ. Аварга Нгуен тун болгоомжтой тоглох аж. Тактикаа сайн боловсруулж, бэлтгэсэн нь илт. Шатар тоглож буй мэт л хөдөлгөөн, цохилт бүрээ хянан нягтлаж байлаа. Байн байн баруун кидан өшиглөлт хийнэ. Тунгаа урд гараар сайхан хатгаад дотогш орох гэсэн боловч болсонгүй. Нгуен угтуулж цохиод, зайгаа хадгалан, киданаа хийсээр. Кидан өшиглөлт өрсөлдөгчийн тулгуур хөлийг муудуулж, гарын цохилтын хүчийг бууруулдаг. Тунгаа хариу өшиглөх боловч Нгуений кидан түүнийг тэнцвэр алдуулж, хөл нь хөдлөхөд хэцүү болж байгааг Нгуен мэдэж байв.
Хоёрдугаар үе эхэллээ. Тунгаа довтолж, баруунаар даллан цохиж, урагшилна. Харин Нгуен юунд ч сандрахгүй юм. Маш сайн харж, яаж тоглох, юу хийхээ бүгдийг төлөвлөжээ. Ээлжит баруун кидан Тунгаагийн зүүн хөлөнд буухад манай тамирчин илт доголоод ухарсан тул Нгуен боломжоо алдсангүй. Үргэлжлүүлэн дайрч, дахин нэг кидандаад зүүн хөл нь ажиллагаагүй болоход нь үсрэн, өвдөглөж, манай тамирчныг унагаалаа.
Ийнхүү аваргын бүсээ хамгаалсан Нгуен Тунгаад хүндэтгэл үзүүлэн, ёслож байлаа. Харамсалтай нь Тунгаа бэлтгэсэн, зэхсэн зүйлээ бүрэн гаргаж чадсангүй, австрали тулаанчийн хэмнэл, тактикт орж, хүнд цохилтоор ялагдлаа. Гэхдээ тэр дахиад тулалдана, дуусах болоогүй.
Алтан соёмбот далбаагаа мандуулан, тоглолтын өмнөх монгол бөхийн шаваа, ялалтын дараах уухай гээд Тунгаа шиг монгол хүн бүрийн цөсийг хөөргөж, омогшуулдаг тамирчин цөөхөн бий. Ямар ч Аялал жуулчлалын яам, тамгын газруудаас илүү эх орноо дэлхийд сурталчилж, таниулна гэдэг энэ буй за.
zindaa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ