О.Баасанхүү хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд 80 сая төгрөг олгохыг шаардав

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ. Тэрбээр улс төрийн хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд олгох нөхөн олговрыг УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө олгохыг шаардсан байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү шаардлагаа танилцуулахдаа "2018.01.12-ны өдөр улс төр хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах хууль батлагдсан. Уг хуулиар хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд 80 сая төгрөг олгох ёстой. Энэ хууль хэрэгжихгүй байна. Өнөөдөр 570 орчим ахмад мөнгөө авч чадахгүй байна. Ихэнх нь 80-аас дээш настай. Хууль хэрэгжихгүй байгаа учраас хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь олон байна. Тиймээс энэ оны хаврын чуулган дуусахаас өмнө ахмадуудад 80 сая төгрөгийг өгөхийг шаардаж байна. Учир нь энэ хүмүүс хуулийн хэрэгжилтийг хүлээхэд хүндрэлтэй" гэсэн юм.

Мөн О.Баасанхүү гишүүн “G time” сүлжээний хохирогч 11 мянган иргэний хохирлыг барагдуулахад Засгийн газар анхаарлаа хандуулахыг шаарджээ. Тэрбээр "G time" сүлжээгээр 40 тэрбум төгрөг төвлөрүүлж, 20 тэрбум төгрөгийг нь урамшуулал байдлаар хүмүүс хувааж авсан байдаг. Энэ сүлжээнд ганцхан Ж.Марат буруутдаг. Тиймээс цагдаагийн байгууллагынхан 20 тэрбум төгрөг авсан хүмүүсээс хохирогчдод зохих хэмжээний мөнгө өгүүлэх хэрэгтэй. Зөвхөн Эрдэнэтэд 4000 хүн “G time” сүлжээний хохирогч болсон. 4000 хүнийг тухайн үед Орхон аймагт Тагнуулын газрын дарга байсан Чулуунбаатар гэдэг хүн элсүүлсэн. Тагнуулын ажилтан элсүүлсэн болохоор иргэд итгэсэн. Зөвхөн Ж.Марат гэдэг хүнийг хүлээсээр 11 мянган хүн хэцүүдэж байна” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ