"600 сая"-ын хурууны хээний төхөөрөмж алдаа зааж, чуулганы ажиллагааг гацаав

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Л.Болд нарын гишүүд С.Зоригийн хэргийг судлах Түр хороо байгуулах горимын саналыг гаргасан юм. Уг асуудлаар санал хураалт явуулах үед техникийн асуудал үүслээ. Учир нь гишүүд энэ хаврын чуулганаас  гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгч байгаа билээ. 

 

Харин 600 сая төгрөгийн үнэ бүхий хурууны хээ уншигч төхөөрөмж санал хураалтын үеэр ажиллахгүй алдаа заалаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "Төхөөрөмж уншихгүй байна. УИХ-ын Тамгын газрынхан яагаад энэ төхөөрөмж гацаад байна вэ" хэмээн программд ачаалал үүсснийг засах үүрэг өглөө. 

 

Программд үүссэн ачааллыг арилгаж, дахин гишүүдийн ирц бүртгэхээр карт уншуулахад мөн л гацав. УИХ-ын дарга Г.Занданшатар "Танхимд 50 гишүүн байна. Картад 15 гишүүний карт уншжээ. УИХ-ын Тамгын газрынхан ажлаа хийж чадахгүй бол өргөдлөө өгөөрэй" хэмээн зандрав. 

 

Хэсэг хугацааны дараа дахин санал хураалт явуулахад мөн гацлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар мөн бухимдаж "Ямар учиртай төхөөрөмж авсан юм. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон үүнээс болж огцорвол таарна" хэмээв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ