Э.Оюунболд түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэв
Ардчилсан намын өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр/2019.04.07/ Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, улсын заан М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Н.Батзаяа, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, М.Бадарч, О.Хангай тэргүүтэй бөхчүүд хүчийг үзэн барилдав.
Барилдаанд улсын арслан Э.Оюунболд найм даван түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв. Улсын заан М.Өсөхбаяр, улсын заан, олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар зургаа даван шөвгийн дөрөвт үлдсэн юм.
Э.Оюунболд арслан тавын даваанд аймгийн арслан М.Бямбадорж, зургаагийн даваанд аймгийн арслан Н.Мустафа, долоогийн даваанд улсын заан М.Өсөхбаяр, наймын даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг давж түрүүлэв.
Барилдааны үеэр Үндэсний бөхийн холбоо, “Жудаг” групп хамтран “Уран гараа дэвээтэй бөх” шагналыг улсын заан М.Өсөхбаярт гардууллаа. Мөн Ардчилсан намын нэрэмжит “Өсөх ирээдүйтэй бөх” шагналын эзнээр Дорноговь аймгийн арслан М.Бямбадорж тодорсон. Тэрбээр түрүү бөхийн тааварт нэрлэгдэж байсан улсын харцага О.Хангайг давж, шуугиан тарьсан юм.
Аймгийн арслан цолтнуудаас Н.Мустафа ганцаараа шөвгийн наймд үлдсэн бөгөөд тэрбээр тавын даваанд улсын аварга Н.Батсуурийг давсан. Барилдааны дөрвийн даваанд аймгийн арслан М.Бямбадорж улсын харцага О.Хангайг, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл улсын харцага Ш.Мөнгөнбаатарыг тус тус давж, өсөх ирээдүй бөх гэдгээ харуулаад авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ