Сэтгүүлчдэд ХААЛТТАЙ ҮЗҮҮЛСЭН БИЧЛЭГИЙГ дүрслэн өгүүлбэл

С.Зориг агсны хэрэгт сэжиглэгдэж байгаад амиа алдсан Б.Отгонбаатарын ах мэдээлэл өглөө


Захиалагчийн мөнгийг тараасан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаад галд шатаж амиа алдсан Б.Отгонбаатар буюу “Паар”-ын ах Б.Нэргүй сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Б.Нэргүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хэвлэлийнхэнд эрүүдэн шүүсэн гэх бичлэгтэй холбоотойгоор мэдээлэл хийх үед Төрийн ордонд хамт байсан юм.


Түүний дүү Б.Отгонбаатар нь гэр бүлийн хоёр гишүүний хамт гэртээ шатаж амиа алдсан байдаг. Түүнийг С.Зориг агсны хэргийг үйлдэхэд зуучлагчаар ажилласан гэж шүүхээс буруутгаж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ялласан юм.


Тэрээр хэлэхдээ, “Миний дүү мөнгө тараасан гэх асуудлыг би одоо л сонсож байна. Би төрсөн дүү Хишгээгийн хамтаар шүүх хуралд оролцож байсан ч нарийн зүйл ярилцаж болохгүй гэсний дагуу ярьж байгаагүй.


Сая ХЗДХ-ийн сайд нь хүүхдүүдэд таваас гучин мянган төгрөг тараасан тухай ярьж байна. Би мөнгө төгрөгний асуудлыг үнэхээр мэдэхгүй.


Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нэг гудамжинд амьдардаг хамар хашааны хүүхдүүд байсан. Чимгээг сайн мэдэхгүй ч, Б.Содномдаржаатай манай дүү нар нэг дошин дээр тоглож өссөн.


-Танай дүүг энэ хэрэгтэй хэрхэн яаж холбогдуулсан юм бэ?


-Манай дүүг цахилгаанаас үүдсэн галд 2006 онд шатаж амиа алдсан гэж өнөөдрийг хүртэл үздэг. Хүн алсан, хэрэг хийсэн тухай мэдээлэл бидэнд байгаагүй. Хэрэг хаагдаад зургаан жил өнгөрсний дараа манай эмэгтэй дүүг дуудаж байцаасан байдаг юм. Ажлаасаа гарахад нь дагадаг, гэртээ очход нь үүдэнд нь хүлээж байдаг асуудал олон гарч байсан. Би яг хэрэг гарсан газарт тоглож өссөн, одоо ч тэр шороон дээр амьдарч байна.


Бидэнд энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй байсан. Эмэгтэй дүү маань байцаалтаас гарч ирээд "Манай Паар чинь алуулсан биш. Тэр хэрэгт нь оролцож алалцсан юм байна шүү дээ" гэж хэлээд л ухаан алдаж унаж байсан. Ингэж л бид энэ хэргийн талаар ойлгож эхэлсэн. Тагнуулын газарт намайг байцааж, шинжилгээ хүртэл авсан. 80 гарсан ээжийг минь цонхгүй өрөөнд суулгаад, намайг хотоос авч гараад дүүгийн минь шарилыг заалгаж, ухаад шинжилгээ хийсэн.


-Дүүг тань энэ хэрэгт ямар оролцоотой байсан гэж хэлдэг вэ?


-С.Зориг агсныг хороодог өдөр манай дүү тэдний хөргөгчийг ухаад зогсож байсан гэж Ц.Амгаланбаатар ярьдаг гэсэн. Тэрнээс биш яг ямар үндэслэлээр холбогдсоныг бид мэдэхгүй. Дүү маань тухайн үед хорин настай залуу байсан.


НЭМЭЛТ ТАЙЛБАР: Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөхдөө өөр нэгэн хүнтэй хамтарч хэргийг үйлдсэн шүүх явцад ярьсан байдаг. Тухайн дөрөвдөгч этгээд гэгдэгч нь Б.Отгонбаатар буюу “Паар”. Түүнийг захиалагч талын бие хамгаалагч хэмээж байсан ба залуу гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, хэргийн тухай ам нээж болзошгүй учир Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар өөрсдийн хамсаатан болох залууг эхнэр, хоёр хүүхэдтэй нь галдан шатааж, санаатайгаар амь насыг нь бүрэлгэсэн гэж ярьсан байдаг. 2006 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт амьдарч байсан, иргэн Б.Отгонбаатарын гэрт шөнийн 03:00 цагийн орчимд гал гарч, тэрээр эхнэр М, хоёр хүүхдийн хамт угаартаж нас барсныг С.Зоригийн хэргийн шүүх хурлын явцад хэвлэлүүд мэдээлж байсан.


Ц.Нямдорж: Энэ бичлэгийг хаана ч зохиож, хэн ч эвлүүлж чадахгүй

Өнөөдөр төрийн ордны иргэний танхимд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн тухай 27 минут 5 секундын нууц бичлэгийг өндөржүүлсэн хамгаалалтын дор сэтгүүлчдэд үзүүллээ.


Уг бичлэгийг өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Өнөөдөр бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлэхэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон хууль хяналтын байгууллагын төлөөллүүд хамт байлцав. Бичлэгийг үзүүлсний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийж, асуултад хариуллаа.


Тэрбээр хэлэхдээ, “Би хэвлэлийнхнээр дамжуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр болон ар гэрийнхнээс нь уучлалт хүссэн. Харин одоо уг хэрэгт холбогдож, гэр бүлээрээ шатаагдсан Отгонбаатар гэж залуугийн ар гэрийнхнээс Монголын төр уучлалт гуйж байна. Энэ хэрэг шийдэгдсэнээс хойш гурван жил найман сар, би энэ асуудлыг судалж эхэлснээс хойш хоёр жил зургаан сарын хугацаа өнгөрлөө.


Нас өндөр гурван хүн их зовж байна. Үхтэл үр харам гэдэг үг байдаг. Энэ гурван хүнийг амьд байхад хүүхэд нь алуурчин биш гэдгийг ойлгуулчих юмсан гээд би адгаад зүтгээд байгаа. “Танай хүүхдүүд хүний аминд хүрээгүй” гэдгийг нотлохыг хүсэж байгаа юм. Асар их хугацаа өнгөрсөн. Би энэ асуудлыг шийдээд, энэ хүмүүсийг явуулаад өгөөч гэж Ерөнхий прокуророос их гуйсан, шийдэгдээгүй юм.


Энэ тамлах ажиллагаа гурван үе шаттай явагдсан. 2013 оны наймдугаар сарын дундуур Амгаланбаатар дээр ажиллагаа эхэлсэн. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг харьяаллын бус АТГ-т аваачиж, гүйцэтгэх ажил явуулсан.


Тэднийг Ганц худагийн хамгийн чанадад, хүн оруулж болохгүй газарт хорьсон. Т.Чимгээгийн ээжийг эргэлтээр очиход оруулаагүй. Нэгэнт ял шийтгэгдсэн хүнд хуулийн хугацаа нь болсон бол эргэлт оруулах ёстой.


ШШГЕГ-ын сервэрээс сэргээсэн бичлэг. Энэ бичлэгийг хаана ч зохиож, хэн ч эвлүүлж чадахгүй. Ер нь энэ ажиллагааг зохион байгуулсан хүмүүс бол 4-5 прокурор. Гүйцэтгэх, мөрдөх, хянах, зохион байгуулах тэр бүх ажлыг орлогч прокурор Г.Эрдэнэбат хариуцаж ажилласан. Нэг хүн энэ бүх шат дамжлагыг хариуцдаггүй хуулийн зохицуулалттай.


"Паар" гэдэг залуугийн ах Нэргүйг би авчирч өнөөдөр уулзлаа. Тэр залууг бурхны оронд одсоны дараа хэрэгтэн болгохын тулд нэг хүнийг гэрчээр татсан байдаг. Гэрч 1998 онд Амгаланбаатар ах бид гурав хамт ууж байтал Амгаланбаатар ах хот орж захиалагч нараас мөнгө авсан гээд өврөөсөө багсайсан мөнгө гаргаж ирээд хүүхдүүдэд нь мөнгө тараасан гэж ярьсан байдаг. Гэтэл талийгаач залуугийн том охин 1999 онд удаах нь 2001 онд төрсөн байгаа юм. Ингээд худлаа нь нотлогдож байгаа юм.


2015 оны гуравдугаар сарын 31-нд Б.Содномдаржаад эрүү үүсгэж, 30 хоногийн дараа Т.Чимгээгийн хашаанд цогцос аваачиж хаясан. Ингээд наймдугаар сард тэднийг хориод есдүгээр сард шүүхээр орсон. Тэднийг Ганц худгийн хамгийн чанга дэглэмд хорьсон.


Шүүхийн шийдвэр гарсны дараа прокурор тэдэнтэй хэнийг ч уулзуулж болохгүй гэсэн бичиг өгөөд дарамтлаад байсан. Хуулиараа бол шүүхээр шийтгүүлсэн хүнтэй уулзахад зөвшөөрөл авах шаардлагагүй" гэлээ.


Мөн тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.


-Тагнуулын ажилтан бичлэгийг сэргээж үзүүлсэн тухай хэлсэн. Хэн бичлэг хийгээд, хэн устгаад яаж сэргээж байгаа юм бэ?


-Мөрдөн байцаалтын нарийн юмыг хэлмээргүй байна. Өөрийнхөө сервер дээрээс сэргээсэн. Тийм юм болж байгааг ажлын хэсэг камераар хараад сууж байсан гэсэн үг. Энэ хэргийг шалгах явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллаагүй байна. Шөнө шүүхийн шийдвэрийнхнийг хөөж явуулчихаад Чимгээгийн өрөөнд хүн оруулсан байх.


-Хэргийн захиалагч хэн байсан талаар мэдүүлэг байдаг уу?


-Захиалагч, зуучлагч, хамжигч гэж байгаа. Мөнгө төгрөг өгсөн, авсан талаар худлаа юмнууд олон байна. Мөнгө нэг бол цаасан дугтуйтай, нэг бол чемодантай болоод яригдаад байдаг. Үүнд нэр холбогдсон хүмүүсийг дуудаж асуугаагүй. Шууд л яллачихсан.


-Чимгээ, Содномдаржаа нар хилсээр шийтгэгдсэн бол тэдний хохирлыг хэрхэн барагдуулах вэ?


-Хохирлын тухайд хохирсон хүмүүс өөрсдөө гомдлоо гаргаад, түүний дагуу асуудлыг шийднэ.


-С.Зориг агсны эхнэр Булган хохирогч юм уу, яллагдагч юм уу. Шалгагдаж байгаа статус нь юу юм бэ?


-Булганы хувьд би ч ойлгохоо байсан. Хохирогч байснаа, сэжиглэгдэж 10 сар хоригдсон. Хоригдож байхдаа энэ хүмүүсийг алуурчин биш гэдгийг хэлсэн. Ингээд Булганыг шүүх хуралд оруулахгүй, дээр үед өгсөн ам зургаар нь шийтгэсэн.


-Таныг эрүүдэн шүүх 400 сандал Хятадаас оруулсан гэж яригддаг. Ямар учиртай сандал юм бэ?


-Эрүүдэн шүүх сандал биш л дээ. 2011 оны үед 400 сандал оруулсан. Энэ ширээний хэмжээтэй сандал л даа. Согтуу хөлчүү хүн амиа хорлохоос сэргийлэх, гарыг нь даавуугаар боож, хөлийг нь уядаг сандал. Тэр чинь Америкт сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ашигладаг сандал юм билээ. Энэ сандлыг ашиглаагүйгээс хоёр хүн амиа алдсан.



Сэтгүүлчдэд ХААЛТТАЙ ҮЗҮҮЛСЭН БИЧЛЭГИЙГ дүрслэн өгүүлбэл

С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг уг хэрэгт сэжиглэн шалгах явцад эрүүдэн шүүсэн БИЧЛЭГИЙГ өнөөдөр сэтгүүлчдэд үзүүллээ.


-ЗУРГААН ӨДРИЙН БИЧЛЭГЭЭС 30 МИНУТЫГ ТҮҮВЭРЛЭН ҮЗҮҮЛЭВ-


ТАЙЛБАР: Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарт таслан сэргийлэх арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа Төв аймгийн цагдан хорих ангийн агааржуулалтгүй, усгүй, нойлгүй, цонхгүй зоорийн өрөөнд хорьсон байна. Энэ нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг албаныхан хэлж байна.


Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг хорьж эхэлснээс хойш анхан шатны шүүх хурал хүртэлх нийт 660 гаруй хоногийн бичлэгээс таван өдрийн бичлэгийг нь түүвэрлэж өнөөдөр үзүүлжээ. Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг Төв аймгийн хорих ангид хорьсон анхны өдөр буюу 2015 оны 9 сарын 1-ний өдрөөс 2015 оны 9 сарын 6-ны өдөр хүртэлх бичлэгээс түүвэрлэсэн 30 орчим минутын бичлэгийг үзүүллээ.Тагнуулын газрын ажилтны мэдээлж буйгаар хамгийн зөөлөн дүр, дүрслэлийг нь сонгон авч үзүүлж байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу нууцын зэрэглэлээс гаргасан хэсгийг нь үзүүлсэн байна.


-БИЧЛЭГТ ЮУ ГАРСНЫГ НЭГ БҮРЧЛЭН ӨГҮҮЛЭХЭД-


Төмөр хаалгатай, төмөр сав, дөрвөн ширхэг банзан наарнаас өөр зүйлгүй өрөөнд Б.Содномдаржаа хоригдож байна. Түүний хоригдож буй өрөөнд хүн амины онц хүнд гэмт хэргээр ял эдэлж буй ялтан Ц.Амгаланбаатар, И нар өөрсдийн хөнжил, гудас, хувцас, аяга, тавагтайгаа орж ирнэ /Хуулинд зааснаар ижил хэргээр ял эдэлж буй ялтнуудыг нэг дор хорихыг хориглодог байна/


Тэд уг өрөөнд орсон өдрөөсөө эхлэн зургаан өдрийн турш Б.Содномдаржааг дэглэж, тамладаг. Тэд эхний өдрөө Б.Содномдаржааг хэргээ хүлээхийг шаардаж элдвээр хараан зүхэж, үсдэж, элэгдэж, өшиглөдөг. Тэд цаг, минутгүй ээлжлэн дарамтлах бөгөөд тэр бүрд нь Б.Содномдаржаа “Би хүн алаагүй. Ямар ч хэрэг хийгээгүй” гэж хариулах аж.


Ингээд Б.Содномдаржааг гарыг нь нурууны ард нь үүрүүлж буруу харуулан хаалганы хажууд явган олон цагаар суулгадаг бөгөөд энэ байдал шөнө ч үргэлжилнэ. Тэд нийт зургаан хоногийн турш Б.Содномдаржааг унтуулахгүй нүцгэн, явган суулгаж гар дээр нь сунайлгаж, галуун цуваагаар алхуулдаг. Хорих ангийн журамд зааснаар 23.00 цагаас хойш бүх сэжигтэн, хоригдлууд унтсан байх ёстой ч Б.Содномдаржааг унтуулахгүй дарамталж, цохиж зодсон нь бичлэгт үлджээ.


Энэ хугацаанд Ц.Амгаланбаатар, И нарт эргэлт ирэхээс гадна мөн хоол идэж унтах ажээ. Харин Б.Содномдаржааг унтуулахгүй, хоол идүүлэхгүй явган суулгаж дэглэдэг. Тэд энэ хугацаанд Б.Содномдаржааг хэргээ хүлээхийг шаардаж “Зоригийг алснаа хүлээ. Паарыг шатааж алаа биз дээ. Чи ямар овоо муу гар вэ. Хэргээ хүлээ. Чамаас болж энэ өрөөнд ингэж байж чадахгүй” гэх үгийг байнга хэлж дарамталдаг. Харин Б.Содномдаржаа "Чи таван настай байхдаа ахаа гээд дагаад гүйдэг байсан. Ингэж болохгүй" зэргээр хэлэх аж.


Ц.Нямдорж сайдын хэлж буйгаар Ц.Амгаланбаатартай хамт орж ирсэн ялтан И нь 190 гаруй см өндөртэй, 120 орчим кг жинтэй сагсчин залуу гэнэ. Гурав дахь өдрийн орой Ц.Амгаланбаатар хувинтай шээсийг Б.Содномдаржаагийн толгой дээр асгадаг. Үүнд нь Б.Содномдаржаа уурлаж, гараа үүрч явган суухгүй гэж эсэргүүцэл үзүүлэхэд нь Ц.Амгаланбаатар, И нар нийлж зоддог.


Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сүүлд нь “Тэр хамт хоригдож байсан И нь Б.Содномдаржааг дарамтлах, өөдөөс нь эсэргүүцвэл зодох, мөн ятгаж хэргийг нь хүлээлгэх даалгавартай тэнд орсон. Үүнийхээ шагналыг ч авсан. Онц ноцтой гэмт хэрэг үйлдэж, 16 жилийн ял авсан хүн зургаан жил хоригдоод 2017 оны тавдугаар сард таван жилийг нь, мөн оныхоо аравдугаар сард дахин таван жилийг нь хасуулаад гараад ирсэн. Одоо чөлөөтэй явж байгаа” гэсэн юм.


Тав дахь өдрийн өглөө Ц.Амгаланбаатарыг өрөөнөөс гаргаж оронд нь ШШГЕГ-ын ажилтан Б –г оруулж ирдэг. Тэрбээр мөн Б.Содномдаржааг хэргээ хүлээхийг шаардаж зодох аж. Энэ хугацаанд ялтан И-г хорих ангийн ажилтнууд өрөөнөөс хэд, хэдэн удаа оруулж, гаргадаг.


Б.Содномдаржаа нь тус хорих ангид 460 гаруй хоног хоригдохдоо үргэлж хүйтэн бетон шалан дээр суусан гэдгийг энэ үеэр Тагнуулын газрын ажилтнууд тодотгож байлаа.


Харин Т.Чимэгээг хоригдож буй өрөөндөө унтаж байхад нь гаднаас Ц.Амгаланбаатарыг цээж нүцгэн оруулж дарамтуулдаг. Ц.Амгаланбаатар нь нэг тамхи татах зууртаа “Чи хэргээ хүлээ” гэх мэтээр дарамталж байгаад гараад явдаг.


Ийм үйл явдал дүрс бичлэгт гарах аж. С.Зориг агсны хэргийн шүүх хурал болох хүртэл дээрх өрөөнд Б.Содномдаржаа, Б.Булган, Т.Чимэгээ, Ц.Амгаланбаатар мөн өөр хүнийг хамт нь хорьж байсан үе ч байжээ.


БИЧЛЭГИЙГ СЭТГҮҮЛЧДЭД ҮЗҮҮЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖ СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД НЭЭЛТТЭЙ ХАРИУЛСАН. ЭНЭ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ УДАХГҮЙ ХҮРГЭХ БОЛНО.

Т.Хулан

Эх сурвалж: medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ