Татварын өр өвлөгдөх эсэх талаар Сангийн сайд тайлбар өгөв
Татварын багц хуулийн төсөлд хуульчлагдан батлагдаж болохгүй асуудлууд олон байгаа талаар иргэд, хувийн хэвшлийнхний зүгээс мэдэгдэж буй. Тухайлбал, татварын өрийг үр хүүхдэд нь өвлүүлэх заалтыг татварын хуулийн шинэ төсөлд байгаа талаар ярьж, бичиж байгаа юм. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, дараах мэдээллийг өгөөд байна.
Татварын ерөнхий хуулийн төслийн 13.6-д “Нас барсан болон нас барсанд тооцогдсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчид нь өвлөсөн хөрөнгөнд ногдох хэмжээгээр шилжих бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй” гэж заасан.
Энэ нь одоогийн хүчин төгөлдөр Татварын ерөнхий хуулийн 10.2-т нас барсан буюу нас барсан тооцогдсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчид нь шилжинэ” гэж заасан харилцаа бөгөөд Иргэний хуулийн 512.2-т өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ. 535.1-д өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасан Иргэний хуулийн суурь зарчимтай нийцүүлэн илүү тодорхой болгосон” гэж тайлбар хийв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ