Кубад нисэх онгоцны сүйрлээс амьд үлдсэн бүсгүй эмнэлгээс гарчээ


 2018 оны тавдугаар сарын 18-нд Гавана хотоос холгүй сүйрсэн Boeing 737-201 нисэх онгоцноос амьд үлдсэн цорын ганц зорчигч бүсгүй Майлен Диас Альмагер эмнэлгээс гарсан байна. Телевизийн Televisa сувгаар лхагва гарагт ингэж мэдээлжээ. 

Хүндээр  бэртэж гэмтсэн бүсгүй Гаванын эмнэлэгт 10 сар эмчлүүлсэн байна. Тэрээр эмнэлгээс бүрмөсөн гарсан уу,эсвэл эмч нар түүнийг ар гэрийнхэнтэй нь уулзуулахаар тодорхой хугацаагаар гаргасан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.


Boeing 737-201 нисэх онгоц  Гаванын нисэх буудлаас  Ольгин хот руу нисэхээр хөөрмөгцөө шахуу Кубийн нийслэлээс барагцаалвал 20 км-т унасан юм. Эрх баригчдын мэдээлж байгаагаар, сүйрлийн улмаас 112 хүн амь үрэгджээ. Багийн бүх зургаан гишүүн нь Мексикийн иргэд байсан байна.


Нисэх онгоц мексикийн  нисэхийн “Damojh” гэдэг жижиг компанийнх байсан бөгөөд уг компани эмгэнэлт явдал болохоос сар хүрэхгүй хугацааны өмнө нисэх онгоцыг багийнхных нь хамт кубийн “Cubana de Aviacion” компанид түрээслэжээ.  1979 онд үйлдвэрлэж, 2017 оны арваннэгдүгээр сард засвар үйлчилгээ хийсэн  энэ нисэх онгоц ашиглаж болно гэсэн сертификеат авсан байна. Эмгэнэлт явдал болсон шалтгааныг мөрдөн шалгах ажил хараахан дуусаагүй ажээ. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ