Кайли Женнэр: Би насан туршдаа гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж, худалдана
АНУ-ын телевизийн реалити шоунаас төрсөн Кардашианы гэр бүлийнхнийг мэдэхгүй хүн цөөн. Тэгвэл Кардашианы гэр бүлийн гишүүн 22 настай Кайли Женнэр өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүний худалдааны ашгаараа дэлхийн хамгийн залуу ам.долларын тэрбумтан болсныг “Forbes” сэтгүүл мэдээлээд буй. Өөрийн хүчээр тэрбумтан болж чадсан Кайли Женнэрийг дэлхий даяар онцолж байна.
Кайли Женнэр бол 1976 оны Зуны олимпын хөнгөн атлетикийн 10 төрөлтийн ялагч Брюс Женнэр (өдгөө тэрбээр хүйсээ сольж Кайтлин Женнэр болсон) болон телевизийн продюсер Крис Женнэр нарын бага охин. Түүний төрсөн эгч нь загвар өмсөгч Кэндалл Женнэр. Гэхдээ тэрбээр эцэг өөртэй Кортни, Ким болон Клой Кардашиан гэх гурван эгч, Роб Кардашиан гэх нэг ахтай. Үүнээс гадна эх өөртэй Бюрт, Брэндон, Броди Женнэр гэх гурван ах, Кэси гэх эгчтэй. Тэрбээр 2017 оноос хойш рэппэр Трэвис Скотттой үерхэж эхэлсэн бөгөөд хосууд өнгөрсөн онд Сторми гэх охинтой болсон.
“Time ” сэтгүүл 2015 онд Женнэрийн эгч дүүсийг олон нийтийн сүлжээн дэх хандалтад үндэслэн дэлхийн нөлөө бүхий өсвөр насны охидоор нэрлэж байв. Кайли Женнэрийн инстаграмыг өнгөрсөн оны байдлаар 122 сая гаруй хүн дагасан нь хамгийн их дагагчтай 10 алдартны нэг болгоод буй. 2017 онд тэрбээр өөрийн амьдралаар телевизийн цуврал кино бүтээж, гол дүрийг нь өрөө бүтээж эхэлсэн. Цуврал нь 2017 оны наймдугаар сараас “Е! сувгаар цацагдаж байгаа. Түүнчлэн 2017 онд Женнэр “Forbes Celebrity’’-н 100 шилдэг хүнд бүртгэгдсэн хамгийн залуу эмэгтэй болсон билээ. Түүний өөрийн эгч Кэндалл Женнэртэй хийсэн ярилцлага “Vogue” сэтгүүл дээр гарчээ. Ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Чиний юу гэж хариулахыг бараг бүгдийг нь мэдэж байж, чамаас ярилцлага авна гэдэг хөгжилтэй санагдаж байна шүү. Гэхдээ Кайли ээж болсноос хойш амьдралд чинь ямар өөрчлөлт гарсан бэ. Тэгээд бас ихэнх цагаа хүүхэдтэйгээ өнгөрөөх болсон л гэж битгий хэлээрэй. Би угаасаа мэдэж байгаа?
-Ээж болсноор миний амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарсан гэж бодохгүй байна. Харин амьдралыг харах өнцөг л өөрчлөгдсөн. Одоо ирээдүйн талаар л их бодох болсон доо. Өмнө нь өдөрт хийх ажлынхаа талаар л боддог байлаа. Ер нь хандлага маань их эерэг болж байгаа.
-Тийм ээ, чи одоо ээж болсон шүү дээ. Хүүхэдтэй болсноор олон нийтийн сүлжээнд хандах хандлага чинь өөрчлөгдсөн үү?
-Үгүй ээ.
-Хүүхэд байх үеийнхээ хамгийн мартагдашгүй дурсамжаас хуваалцаач?
-Хүүхэд байх үеийн хамгийн дурсамжтай үе бол мэдээж чи бид хоёрын хамт өнгөрүүлсэн мөчүүд. Барбигаар тоглох. Мөн гэр бүлээрээ баяр тэмдэглэх үе. Мэдээж одоо ч гэсэн бүхий л баярыг гэр бүлээрээ тэмдэглэж байгаа л даа.
-Тийм ээ. Барби бол мартагдашгүй яах аргагүй мартагдашгүй дурсамжуудын нэг шүү дээ?
-Тийм шүү.
-“Kylie Cosmetics”-ийг бий болгох санаа хэрхэн төрсөн бэ?
-Би зүгээр л өөрийнхөө уруулыг бизнесийнхээ загвар болгон хувиргасан. Би жижигхэн, нимгэн уруултай. Харин өөрөө том, зузаан уруулд дуртай байсан учраас уруулын будганд ихээхэн ач холбогдол өгч, уруулаа будалгүйгээр гэрээсээ гардаггүй байлаа. Ер нь яг үүнээс эхэлж, “Kylie Cosmetics”-ийг бий болгох тэр тусмаа уруулын будгийн цуглуулга гаргах санаа эхэлсэн.
-“Kylie Cosmetics’’-ийг эхлүүлээд өнөөг хүртэлх хугацаанд яг юу сурч, ямар туршлага хуримтлуулсан бэ?
-Өөрийгөө гоо сайхны ертөнцийн талаар юу ч мэддэггүй байснаа ойлгосон. Үнэндээ би зарим бүтээгдэхүүний ялгаа, хэрэглээг ч мэддэггүй байсан. Харин одоо бол энэ ертөнцийн талаар хангалттай мэдээлэлтэй болохоос гадна энэ салбарт бүхнийг хамгийн сайнаараа хийх хэрэгтэйг ойлгосон.
-Чамд хамгийн их нөлөө үзүүлж, нөлөөдөг хүнээр хэнийг нэрлэх вэ?
-Мэдээж, миний ээж. Бид хамтдаа бизнесийн талаар ярилцдаг. Тэр бол маш ухаалаг эмэгтэй. Сурах зүйл ч их бий.
-“Kylie Cosmetics’’-ийн ирээдүйн зорилго нь юу вэ?
-“Kylie Cosmetics’’-ийн зорилго бол дэлхий даяар олон сүлжээ дэлгүүртэй болох. Мөн би насан туршдаа гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж, худалдана гэж бодож байгаа. Дараа нь Сторми охиндоо бизнесээ өвлүүлнэ. Тэр үүнийг ямар нэгэн байдлаар өргөжүүлнэ гэдэгт итгэж байна.
-Яагаад загвар өмсөгчийн ажлаа орхин, гоо сайхны бүтээгдэхүүн худалдах болов?
-Хувийн бизнес эрхлэх нь илүү сонирхолтой санагдсан. Би загвар өмсөгчөөр ажилласан бол одоогийнх шиг олон сая ам.долларын орлоготой ажиллаж чадах байсан эсэхдээ эргэлзэж байна. Эмэгтэй хүнд гоо сайхны бүтээгдэхүүн их нөлөөлдөг учраас гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Гоо сайхны бүтээгдэхүүн ямар чухал үүрэг гүйцэтгэдэг вэ гэдгийг бидний өдөр тутмын амьдралаас харж болно шүү дээ.
-Чамайг инстаграмд 112 сая, твиттерт 23.5 сая хүн дагадаг. Гэтэл чи сошиал сүлжээнд байгаагаасаа илүү сонирхолтой хүн шүү дээ?
-Ерөнхийдөө сошиал сүлжээнээс харахад хүмүүсийн амьдрал сонирхолтой харагддаг. Гэхдээ снэпчат юм уу, эсвэл инстаграмд тавьсан найман секундийн дүрс бичлэгээс тухайн хүний талаар гүйцэд ойлголт авах боломжгүй. Би инстаграм, снэпчатад хүмүүст харуулахыг хүссэн юмаа л байршуулдаг. Гэхдээ хэнд ч харуулахыг хүсдэггүй өөр зөндөө зүйл надад бий. Хүмүүс намайг нүүрээ будаж үсээ гоё засаж өндөр өсгийт өмсөж хээнцэр дэгжин хувцасласан байхыг харахыг хүсэж байгааг ойлгож байна.
Тэд надтай гудамжид тааралдвал намайг танихгүй л болов уу. Би хувцсаа солиод энгийн явах дуртай. Цаг ямагт гоё харагдана гэдэг хэцүү.
-Бидний хувьд бусад хүүхдүүдийн адил энгийн сургуульд явж, бүх зүйл маш энгийн байдаг байсан. Эргээд бодоход энэ нь бидэнд зөв үлгэр дуурайлал болсон юм шиг санагддаг. Харин Трэвисийн хамгийн сайн тал нь юу вэ. Аав болсноосоо хойш хэрхэн өөрчлөгдөв?
-Бидний хэн хэн ямар ч туршлагагүй байсан учраас бүхнийг эхнээс нь хамтдаа хийж байгаа.
-Мөнгөөр худалдан авах боломжгүй яг ямар зүйлийг амьдралаас авахыг хүсдэг вэ. Юу гэж хариулах бол гэдэг чинь их сонин байна?
-Би өөрийнхөө мөнгөөр мөрөөдөж байсан “LaFerrari” худалдаж аваад үнэхээр их баярлаж байсан. Гэхдээ баяр хөөр удаан үргэлжлээгүй. Мөн мөрөөдөж байсан байшингаа худалдаж авах үед ч гэсэн. Яг энэ үед л эд материал хүнийг аз жаргалтай болгодоггүй юм байна гэдгийг ойлгосон. Зарим хүн бүх насаараа материаллаг эд зүйлсийн төлөө хөдөлмөрлөж, эцэст нь энэ бүгд аз жаргал биш байсан гэдгийг ойлгодог. Харин миний хувьд байр суурь байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, аз жаргалыг гэр бүл, найз нөхдөөсөө хайж олохыг хичээдэг.
-Үнэхээр сайхан хариулт байна. Ингээд төгсгөлд нь юу хэлэхийг хүсэж байна даа?
-Сүүлийн үед “lnstagram”-aap Трэвис бид хоёрыг хамт амьдардаггүй гэх мэдээлэл гарах болсон. Тусдаа амьдардаггүй. Калабанасын байшиндаа хамтдаа амьдарч байгаа гэдгээ хэлмээр байна.
ikon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ