Элчин сайд Г.Ганболд:Охины бие сайжирсан тул энэ сарын 8-нд нутаг буцсан

Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдтой ярилцлаа.


-Монгол, Энэтхэгийн харилцаа ямар түвшинд байдаг, цаашид аль салбарт илүү хөгжих боломжтой вэ?


-Монгол, Энэтхэгийн ард түмний эртний уламжлалтай, түүх, соёл, оюун санааны хэлхээ холбоотой. Уг хэлхээ холбоо маань төр, засгийн газрын хооронд албан ёсны дипломат харилцаа болон цар хүрээ, агуулгын хувьд өргөжин улс төр, батлан хамгаалах, худалдаа эдийн засаг, соёл, боловсролын салбарт Стратегийн иж бүрэн Түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна.


Цаашид худалдаа, эдийн засаг, геологи, уул уурхай, сансар судлал, банк, санхүү, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи, цахим аюулгүй байдал, анагаах ухаан, эрүүл мэнд, уламжлалт эмнэлгийн болон бусад олон салбарт хөгжих өргөн боломж байна. Хоёр орны харилцааны өнөөгийн түвшинг дүгнэж, цаашдын зорилтыг тодорхойлоход өндөр, дээд хэмжээний түвшинд уулзаж ярилцах нь чухал ач холбогдолтой.


-Одоо Энэтхэгт хичнээн монгол хүн сурч, амьдарч байна?


-Энэтхэг улсын Засгийн газар их, дээд сургуулиудын үндсэн ангид суралцах манай оюутан, залууст жил бүр 50 тэтгэлэг, мэргэжил дээшлүүлэгчдэд 200 гаруй тэтгэлэг олгодог. Их дээд сургуульд, түүний дотор буддын гүн ухааны чиглэлээр манай 700 орчим иргэн суралцдаг.


-Манайхан сүүлийн үед Энэтхэг явж эмчлүүлэх сонирхол их байна. Шашин номын мөр хөөж Энэтхэг явах хүмүүс ч олширсон. Ер нь Энэтхэгт явж байгаа хүмүүст та юу зөвлөх вэ?


-Иргэд маань тухайн улс орны хууль журам, тогтсон ёс заншллыг судалж, зохих даатгалын үйлчилгээнд хамрагдах, очих улсынхаа талаар эртнээс судалж мэдвэл хүндрэл бэрхшээлгүй Энэтхэгт зорчих бүрэн боломж бий. Нэг жишээг дурдахад хүний эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс хагалбар Энэтхэг улсад 1970-аад онд эхэлсэн. Энэ талын харилцааг хуулиар зохицуулаагүй байхад эд, эрхтний хууль бус наймаа байсан учир Хүний эд, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийг 1994 онд баталж, 2009 онд нэмэлт оруулсан юм байна.


Хүний нүд, нарийн гэдэс, бөөр, элэг, зүрх, уушги түрүү булчирхай, шулуун гэдэсний доод хэсэг, арьс, зөөлөн эдийн донор болон хүлээн авагчийн хооронд мөнгөн солилцоо байх ёсгүй, эд, эрхтэн шилжүүлэх мэс хагалбарыг шүүхээр баталгаажсан, зохих эрх бүхий байгууллага нь баталсан,эмнэлгийн шинжилгээгээр нотлогдсон, нөхцөлд тусгай зөвшөөрөлтэй эмнэлэгт хийдэг.


Гадаадын иргэд нутгийн хүмүүсээс эд, эрхтэн авахыг хориглодог, өөрсдийн ах, эгч, дүү, аав, ээж, эхнэр, нөхрөөс авахыг зөвшөөрдөг (өвөг эцэг, эмэг эх, ач зээ нар энэ заалтад нэмж хамрагдсан) байна. Эд эрхтнээ бусдад өгөх хүн 18 насанд хүрсэн байхыг шаарддаг.Тархи нь үхэжсэн цогцосноос эд, эрхтэн авахыг зөвшөөрдөг боловч арилжааны зорилгоор шарил хөндөхийг хориглодог.


Энэтхэгт эд, эрхтэн шилжүүлэн суулгах явдал бусад улстай харьцуулахад бага. Жишээ нь, нэг буман хүнд эд эрхтэн шилжүүлэх хагалгаа Испанид 35.1, Бразилд 27, АНУ-д 26, Канадад 14, Австралид 11, Энэтхэгт 0.08 тохиолдол бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, нэг минут тутамд гурван хүн, жилд 4.5 буман хүнд эрхтэн шилжүүлэх хагалгаа шаарддаг ч тэдний 10 орчим хувьд эл боломж олддог. Зүйрлэхэд 150 мянган хүн бөөрний дутагдалд ордог атал 3500 хүн бөөр шилжүүлэн суулгуулдаг, зургаан мянган хүн диализийн аппаратад ордог аж.


-Монголчууд маань Энэтхэгт эмчлүүлэхээр явахад юуг анхаарах ёстой вэ?


-Сүүлийн үед мэдээлэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирсантай холбогдон эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар нэмэгдэж заавал нэг ижил бүлгийн цустай байхыг шаардахгүй, цусны бүлэг тохируулах эмчилгээ хийгээд зарим эрхтнийг шилжүүлэн суулгадаг болсон байна. Эд, эрхтнийг шилжүүлэн суулгах 1300 хагалгааны 400 орчим нь цогцосноос хийгддэг. ЭХО, хэт авиа, цээжний рентген, элэг, бөөрний ажиллагааны шинжилгээ хийхэд хавсарсан, далд үедээ байгаа эмгэг илрэх, оношийн зөрүү гарах, бусад өвчин эмгэг илэрдэг. Цаашилбал,нэмэлт эмчилгээ, үйлчилгээ авах, анх төлөвлөснөөс илүү зардал чирэгдэл үүсэх, визийн хугацааг хилээр нэвтэрч орсноос бус, олгосон өдрөөс тооцдог учир виз сунгуулах, ангилал солиулах, торгууль төлөх, хилээр гарах зөвшөөрөл авах хүндрэл бэрхшээл нэлээд хэдэн удаа гараад байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар гадаад улсын эмнэлэгт хандахын өмнө дотоодын гурав дахь шатлалын эмнэлгүүд, нарийн мэргэжлийн эмч нартай зөвлөх, хуулийн дагуу эрх, үүрэг нь тодорхойлогдсон зуучлагч байгууллагаар зохих гэрээний үндсэн дээр үйлчлүүлэх, анагаахын мэдлэг, гадаад хэлний дадлага, туршлагатай орчуулагч, хэлмэрчийн туслалцааг авах нь дээр дурдсан хүндрэл бэрхшээлээс зайлсхийхэд тустай байх болно. Хилийн чанадад зорчихын өмнө эрүүл мэндийн болон аяллын даатгал хийлгэх, зохих хэмжээний төлбөр мөнгийг дансанд урьдчилж төлөвлөх, хэдий хэр зардлаар чухам ямар эмчилгээ, үйлчилгээг авах талаар урьдчилж мэдэх нь зүйтэй санагдана.


Эд, эрхтэн худалдах явдлаас сэргийлэхийн тулд эрх бүхий Advisory Commit­tee, State Authorization Com­mittee, Verification Committee, Medical Bоard гэдэг байгуулага эсвэл ДТГ-аас “Non Objec­tion Certificate” буюу зохих зөвшөөрөл авсан өвчтөн “Mo­han Foundation” гэдэг төрийн бус байгууллагад бүртгүүлэн тохирох эд, эрхтэн олдохыг хүлээдэг. Тохирох эд, эрхтэн олдсон тохиолдолд Blood type test, Serology, Crossmatch, Human Leukocyte Antigen гэхчлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэж, хүний дархлалын олдмол хомсдол, халдварт шар, сүрьеэ өвчингүй гэдгээ нотолж, гэр бүлээсээ зөвшөөрөл авсан байхыг шаарддаг.


-БНЭУ-д хүүхдээ эмчлүүлж буй монгол эмэгтэй Элчин сайд таныг тусалсангүй, өшиглөж унагасан гэж цахим орчинд бичлэг тавьж нэлээн шуугиан үүсгэсэн. Тэр асуудал юу болсон бэ?


-Таныг нэгэнт асуусан болохоор энэ талаар дэлгэрэнгүй мэдээлье. Иргэн Б.Батчулуун Шинэ Дели дэх ЭСЯ-д 2018 оны арванхоёрдугаар сарын 7-нд ирж охиноо Энэтхэгийн “BLK” эмнэлэгт цаашид эмчлүүлэхгүй, тус эмнэлгийн санал болгож байгаа эмчилгээг хийлгэхгүй, нутаг буцахаар шийдлээ, Энэтхэгт байх визийн хугацаа хэтэрсэн, торгуулийн хэмжээ их болоод байгааг хөнгөлүүлж, хилээр гарах зөвшөөрөл олгуулж тусална уу гэж хүссэн.


ЭСЯ хүүхдийнхээ төлөө яваа залуу гэр бүлд тусална гэж түүнд тун тодорхой хэлж, харин ЭСЯ-тай холбогдолгүй гурван сар гаруй хугацаа өнгөрүүлснийг асууж эдгээр асуудлыг шуурхай шийдвэрлүүлсэн. “Охиных нь биеийн байдал хүнд байсан тул нэмж муудахаас болгоомжилж байна, түүнийг тээвэрлэхгүй гэж Air China компани мэдэгдсэн тул “Kore­an Air” компанид хандсан юм. Б.Батчулуун “BLK” эмнэлэгт төлөх мөнгө байхгүй, эмнэлгийн төлбөрөөс хөнгөлүүлж өгнө үү гэж хүссэний дагуу “BLK” эмнэлэгтэй ярьж гурван сая энэтхэг рупи буюу 40 гаруй мянган ам.долларын төлбөрийг чөлөөлүүлсэн тухай өмнө яригдсан.


Б.Батчулууны гэргий Г.Оюун арванхоёрдугаар сарын 10-ны өглөө ЭСЯ-ны гадаа ирж “Англи хэлтэй хүн гаргаж өг”, “Элчин сайд яг одоо эмнэлэгт очиж хүүхэдтэй минь уулз” гэж шаардсан. Урьдаас товлосон уулзалтад явах байсан тул уулзалтад очсоны дараа түүний хамт эмнэлэгт явж очъё, Солонгосын нисэхийн компанитай ч холбогдъё гэж тайлбарласныг хүлээж авалгүй, заавал одоо хамт явна гэж хэлээд автомашины араар тойрч зам хаасан тул түүнийг консул Л.Батсуурийн хамт машиндаа суулган дагуулаад уулзалтад очсон.


Уулзалтын дараа “За, одоо эмнэлэг рүү явъя” гэтэл тэр эмнэлгийнхээ хаягийг хэлж мэдэхгүй байсан тул консулдаа эмнэлэгтэй нь ярих үүрэг өгч, би Шинэ Дели дэх БНСУ-ын ЭСЯ, “Korean Air” компанийн менежерт байдлыг тайлбарлаж ярьсан. Консул тэднийг мөн өдрийн үдэш нисэх буудалд хүргэж охинд шаардлагатай хүчилтөрөгчийн төлбөр 900 ам.доллар өгч онгоцонд суулгасан боловч нислэгийг нь хоёр цаг хэртэй саатуулсан учир тэднийг онгоцноос буулгасан юм билээ.


-Машинаас түлхсэн, өшиглөсөн гэх асуудал хэдийд болсон юм бэ?


-Г.Оюун мөн сарын 11-ний өглөө ЭСЯ-ны сууцны байрны гаднах гудамжинд ирж “Элчин сайд одоо эмнэлэгт явж оч. Яагаад өдий болтол очиж уулздаггүй юм бэ?” гэж шаардсан. Түүнд хэлж тайлбарласныг огт ойлгохгүй, хөдөлж байгаа автомашины хаалганаас зуурч зүүгдсэн. Автомашины хаалганаас түүний гарыг нь тавиулахаар буухад тэр нэг алхам гэдрэг ухарч газарт суусан. Миний зүгээс түүний биед халдсан зүйл байхгүй. Тэр ямар ч тайлбар сонсох шинжгүй хашгирч, харааж зүхэж байсныг эмнэлэгт удаан хугацаагаар хүн сахиад ядарч сэтгэл санаа нь цочирдож хямарсных болов уу. Хэсэг хугацааны дараа тайвширна биз гэж санасан. Тэрээр түргэн тусламж дуудуулж хэд хэдэн эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн, шинжилгээ нь ямар нэг гэмтэл үгүй эрүүл гэж гарсныг ЭСЯ-ны консулын ажилтан сүүлд ярьсан.


Миний бие ЭСЯ-ны дипломат ажилтнуудад охины эмнэлэгтэй холбоо барих, тухайн оройн нислэгээр буцаахаар ажиллах үүрэг өгч өөрөө урьдаас товлосон уулзалт, арга хэмжээнүүдэд явсан. Бид уулзалт, арга хэмжээнүүдийн дундуур зөөврийн хүчилтөрөгчийн үнэ 65 мянган энэтхэг рупийг болон нисэх онгоцны нислэг өөрчлүүлсний төлбөр 908 ам.доллар төлөх, “Fortis Es­corts Heart Institute” эмнэлэгтэй ярилцаад уг эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний төлбөр 2400 ам.долларыг дараа төлөх баталгаа өгч, охиныг нь эмнэлгээс гаргахыг зөвшөөрүүлсэн. Гэвч тэд нислэгийн цаг тулчихлаа гэж хэлээд тэр өдөр нисэх буудал руу явсангүй.


Нөхцөл байдлыг зүй зохистой шийдэх арга замыг хамтдаа ярьж зөвлөх гэж чармайлгүй, хөлөө хүрэх газарт явна. Та нарын мууг үзнэ, ЭСЯ мөнгө гаргаж бүх зардлыг минь төлөх үүрэгтэй, биднийг одоохон нутаг буцааж аль. Та нарын ярьсныг бичлэг хийж хадгалсан гэх зэргээр бухимдан орилж байсан төдийгүй, Элчин сайд биед халдсан, өшиглөсөн, биеийн юм ирдэг хугацаа нь өөрчлөгдсөн, тархи доргисон, тархины суурь яс цуурсан гэж ул үндэсгүй, баримт нотолгоогүй зүйл ярьж нийгмийн сүлжээгээр шуугиулсан. Хууль хяналтын байгууллагад ч хандсан. Миний бие өнгөрөгч нэгдүгээр сард тэдний ар гэрийнхэнд уг байдлыг танилцуулсан, хоёрдугаар сард, ЦЕГ-ын Улсын Мөрдөн байцаах газарт мэдүүлэг, тайлбар өгсөн.


Тэдэнд туслахаар төвөөс ирсэн Цэргийн госпиталийн их эмч охины биеийн байдал хүнд байгаа тул нэмж нэг эмч, сувилагч дагалдан явах шаардлагатай гэж үзсэн тул Энэтхэгийн эмнэлэгт болон ГХЯ-нд хандаж эмч, сувилагч томилж ажиллуулах хүсэлт тавиад “Сэхээн амьдруулах эмчилгээний 15 багт хандлаа, ахиу цалин хөлс амласан боловч хэн нь ч явахыг зориглохгүй байна”. “Холбогдох байгууллагуудтайгаа зөвлөлөө. Эмнэлгийн мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагахыг санал болгож байна” гэдэг хариу авсан.


-Эмнэлгийн төлбөр тооцооны асуудал нь шийдэгдсэн үү?


-ГХЯ-ны Консулын газрын дэргэдэх Иргэдэд туслах санд байдлыг уламжилж Энэтхэгийн эмч, сувилагч нарыг хөлсөөр авч охиныг Монголд хүргэхэд өмнө гаргасан дээр нэмж 20 мянга орчим ам.доллар шаардагдахаар байгааг төвийн холбогдох байгууллагуудад танилцуулсан. Төвөөс томилогдсон Шалгалтын хэсэг газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад Охиныг эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтүүлж эмчлүүлэх, бие нь сайжрахыг хүлээхээр шийдвэрлэсэн.


-Хүүхдийн бие сайжирсан уу?


-Түүнээс 75 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 25-нд охины бие сайжирсан тул нутаг буцахад татгалзахгүй гэж эмнэлгээс албан ёсоор мэдэгдсэний дагуу мөн сарын 28-нд миний бие эмнэлгийн удирдлагатай уулзаж, охины эцэг, эх төлбөр мөнгөгүй учир эмчилгээний төлбөрийг хөнгөлүүлэх хүсэлтийг нь уламжилсан. Эмнэлгийн төлбөр 58 мянган ам.доллар буюу 3.8 сая энэтхэг рупийн 52 хувийг хөнгөлөх, төлбөрийн 48 хувиас 25 мянган ам.доллар буюу 1.8 сая энэтхэг рупийг хэрхэн төлж барагдуулахыг тав хоногийн хугацаанд шийдвэрлэх, дурдсан тав хоногийн хугацаанд эмчилгээний төлбөрийг эмнэлэг хариуцахаар тогтсон.


Нөхцөл байдлыг охины эцэг, эхтэй дүгнэж ярилцсаны дүнд тэд гурван мянган ам.доллар буюу 200 мянган энэтхэг рупийг төлөх, үлдсэн 22 мянган ам.доллар буюу 1.6 сая энэтхэг рупийг тодорхой хугацаанд төлж барагдуулах хүртэл Элчин сайдын яам баталгаа гаргахаар шийдвэрлэсэн. Тиймээс хугацаа хэтэрсэн визийг нь дахин сунгуулж энэ сарын 8-нд тэднийг нутаг буцаагаад байна.


Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, түүний дотор мэс хагалбар хийлгэх, эд, эрхтэн шилжүүлэн суулгах зорилгоор Энэтхэг улсыг зорьдог манай иргэдийн дийлэнх нь зорьсон хэргээ бүтээгээд эх орон, ар гэртээ баяр хөөртэй буцдаг. Цаашид ч тэгнэ гэж итгэж байна. ЭСЯ үүний төлөө ажиллах болно.


Өнгөрөгч бямба гариг буюу энэ сарын 9-ний орой Б.Батчулуун, Г.Оюун нар охинтойгоо Улаанбаатарт ирсэн бөгөөд охины бие замдаа ямар нэгэн байдлаар өвдөж чилээрхээгүй байна. Өдгөө охин Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

dnn.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ