Тэрбумтан мэс засал хийлгэж байхдаа нас баржээ


 

Бельгийн бизнесч Эхуд Ари Ланиадо Парис хотод  бэлэг эрхтэн томруулах мэс засал хийлгэж байх  үедээ  нас баржээ. “Дейли мэйл” сонинд ингэж бичсэн байна.

Бэлэг эрхтэнд нь  тариа хийсний дараа зүрхний дутмагшилд орсон нь нас барах шалтгаан болжээ.  Эмч нар 65 настай тэрбумтныг сэхээн амьдруулах гэж оролдсон ч, түүнд туслаж чадаагүй  байна. Талийгаачийн тэргүүлж байсан “Omega Diamonds” компани түүний нас барсныг нотложээ. Ланиадог  эх орон – Израильд нь нутаглуулах төлөвтэй байгаа аж.

Эхуд Ланиадо үнэт чулууны худалдаагаар баяжсан бөгөөд захлаагүй алмазын үнэлгээний томоохон шинжээчид тооцогдож байжээ.  2015 онд тэрбумтан 12,03 каратын “Жозефинагийн хөх сар” гэдэгт ховор бриллиантыг дуудлага худалдаагаар 48,4 сая ам. доллараар (127 тэрбум гаруй төгрөг – ред.,) худалдсан байдаг. Үүнээс гадна,  тэр Монакод 35 сая орчим еврогийн (104 тэрбум төгрөг) үнэ бүхий пентхаустай байжээ.

2013 онд Ланиадо болон түүний ажил хэргийн түншийг татвар төлөхөөс бултсан  гэж буруутгаж байсан аж.  Шийтгэл хүлээхээс зайлсхийхийн тулд тэд 160 сая евро нөхөн төлөхөд хүрч байжээ. Түүнчилэн Ангол болон Конго улсаас алмаз импортлохдоо  гаалийнханд хуурамч юмуу бүрэн бус мэдээ өгч байсан хэмээн тэрбумтныг бас  сэжиглэж байсан байна.

“Дейли мэйл” сонин талийгаачийн найзын хэлснийг иш татахдаа, баян хэдий ч тэрбумтан намхан нуруутайдаа маш их ичдэг  байжээ. “Нягтлан бодогч нь түүний хүссэнээр  банкин дахь дансны мэдээллийг уншиж өгөх үед л тэр өндрийнхөө тухай бодохоо больдог,  ингэхдээ өдөрт  олон удаа ингэж  мэдээлэл өгөхийг хүсдэг байсан юм” гэж найз нь хэлсэн байна. 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ