“Салхитын мөнгөний орд”-ын хэрэгт холбогдсон гэх дөрвөн хүнийг суллаж, таван шүүгчийн нэр ил болов

-ТАЛИЙГААЧТАЙ ХАМТ ХОРИГДОЖ БАЙСАН ИРГЭДИЙГ СУЛЛАСАН Ч ШАЛГАЖ БАЙГАА-


Салхитын мөнгөний ордыг эзэмшигч “Амин билигт” компанийн албан хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Бямбаа нарын таван хүнийг их хэмжээний авлигын гэмт хэрэгт оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байсан. Улмаар АТГ-аас тэднийг ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид саатуулсан байдаг.


Дээрх хоригдсон гэх таван хүн дунд Салхитын мөнгөний ордыг хууль бусаар зарсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан Ш.Мөнгөншагай байсан. Түүнийг Салхитын мөнгөний ордыг шүүхээр нэхэмжлэн авахын тулд хуулийн байгууллагынханд авлига өгсөн гэх хэрэгт татан шалгасан аж.


Харамсалтай нь хоёрдугаар сарын 22-23-нд шилжих шөнө ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид хоригдох хугацаа дуусахаас нэг цагийн өмнө талийгаач Л. Бямбаа амь насаа алдсан. Ингэхдээ талийгаач гурван ширхэг цаасан дээр гэрээслэл бичиж үлдээсэн байна.


Уг гэрээслэлдээ “Миний данснаас мөнгө авч, нэр бүхий хүмүүсд өгөөрэй” хэмээн бичиж үлдээсэн гэх мэдээлэл байгаа юм. Түүнчлэн гэрээслэлд хэд хэдэн шүүгчдийн данс руу мөнгө шилжүүлсэн хэмээн бичиж үлдээсэн тухай яригддаг юм билээ.


Одоогоор Салхитын мөнгөний ордыг эзэмшигч нартай холбоотой хэрэгт хамжигчаар оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр таван хүнд АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа билээ. Уг хэрэгт шалгагдаж байсан гавьяат хуульч Л.Бямбаа хорих ангид амь насаа алдсан бол түүнтэй хамт цагдан хоригдсон дөрвөн иргэнийг сулласан байдаг. Авлигатай тэмцэх газраас явуулж буй мөрдөн шалгалтын явцад дээрх хэрэгт Л.Бямбаагаас гадна хамжигч хамтрагчаар нэр бүхий таван шүүгч оролцсон байж болзошгүй үндэслэл байгаа тухай мэдээлсэн.


Дээрх хэрэгт хамжигчаар оролцсон байж болзошгүй гэгдээд буй таван шүүгчийн нэр хэвлэлийн хуудаснаа ил болж эхэлсэн байна. Тодруулбал, талийгаач шүүгч Л.Бямбаагийн хүү С.Төмөрбат, Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Энхжаргал нарын нэрийг бичжээ.

medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ