Д.Бямбасүрэн: Сюй Шү Жанд дагаар орсны 100 жилийн ойг тэмдэглэх гээгүй бол ШХАБ-д элсэх шаардлагагүй

Mонгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн ШХАБ-ын талаархи ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

-Оюутолгойн гэрээг шалгах УИХ-ын ажлын хэсэг томилогдон ажилласан ч  тайлангаа тавьсангүй.  Ам нээх аваас төрд байгаа бүх хүний асуудал яригдах тул  Төрийн ордон дэлбэрнэ гэж Д.Тэрбишдагва гишүүнийг ярьсан гэх мэдээлэл  гарсан. Оюутолгойн талаар эхнээс нь  ярьж, сэрэмжлүүлж ирсний  хувьд танд  юу  бодогдож байна вэ?

-Өнгөрсөн жилийн  намрын чуулганы хаалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асар их хүчин чармайлт тавьж, санал гаргаж байгаад Оюутолгойг шалгах УИХ-ын ажлын хэсэг гаргахаар болсон. Ажлын хэсгийг томилсон УИХ-ын даргын шийдвэр нь Оюутолгойн гэрээг байгуулсан бүх үйл ажиллагаа биш зөвхөн гэрээний хэрэгжилтийг шалгах гэсэн утгаар гарсан. Түүнээс хойш жил тойрлоо.Ажлын хэсгийн шалгалтын дүн нийтэд ил болсонгүй. Бодвол төрийн дээдсүүддээ  хүрсэн байдаг уу, үгүй юу.

Сураг сонсоход өнгөрсөн зургаадугаар сарын 20-нд ажлын хэсгийн дүн гарах ёстой байж. Түүнээсээ хоцорсон уу, ямартай ч намрын чуулган эхлэх үед  дүгнэлтүүд нь  үндсэндээ цэгцэрч гарсан ч одоо болтол УИХ-аар  хэлэлцэгдээгүй гэх юм. Зарим нь УИХ-ын гишүүд Оюутолгойн шалгалтын багийг онгоцоор аваачин  дайлж цайлж, бэлэг дурсгал өгөөд асуудал бодитой шалгагдаагүй гэлцэх юм. Аль ч талаас нь авч үзэхэд Оюутолгойн асуудал Монголын төрийн бодлогын одоогийн гол шалгуур болоод байна.

Монголд шударга ёс байна уу, төрөөс ард түмэндээ байнга зарлан тунхаглаж байгаа баялгийн шударга хуваарилалт байна уу гэдэг асуудал энд очиж шийдэгдэнэ. Гэрээг  2009 оны аравдугаар сарын 6-нд үзэглэснээс хойш 10 жил өнгөрлөө. Мөн УИХ-аар хэлэлцэж баталсны 10 жилийн ой болно. Энэ хугацаанд Оюутолгой ямар гэрээ байгуулсан юм бэ, ямар өгөөжтэй вэ гэдгийг монголчууд харах бүрэн боломжтой боллоо.

Эхний төсөөллөөр 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Монголын тал 34 хувийг нь эзэмших, ийм л тохиролцоотой байсан. 34 хувийг нь эзэмших нь зээлээр шийдэгдлээ гэдэг нь эхнээсээ тодорхой байсан. Гэтэл одоо хөрөнгө оруулалтын дүн нь  хөөсөрсөөр байгаад 10 тэрбум гараад явчихаж  байх жишээтэй. 2012-2013 оны үед манай гурван сайд Оюутолгойн баримтад шалгалт хийж, хоёр  тэрбум 130 сая ам.долларын зөрчил илрүүлсэн. Тэр дотор “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ийн баячуулын идсэн уусан юм, хүүхдээ сургуульд сургасан зардлыг нь гадаадын хөрөнгө оруулагчид төлсөн гэхчлэн Монголд огт хамаагүй асуудлууд орж өр болоод явж байгаа. “Рио Тинто”-д байгалийн баялгийн бүх нөөцийг эзэмшүүлэн  тэр нь гаднын банкны барьцаанд “Дубайн төлөвлөгөө” гэгчээр тавигдаж, ард нь бид өртэй үлдэж байна даа.

-Өнөөдрийн байдлаар манай улсын өр хэчнээн болсон бол?

-Барагцаагаар энэ жил  “Рио Тинто”-д өгөх Монголын өр нэг тэрбум, 600 сая ам.доллар болчихсон болов уу. Баялгаа хүнд өгөөд өөрсдөө өртэй үлддэг ийм хөөрхий сэтгэлгээтэй улс орон дэлхийд байдаг гэдгийг Монгол харуулж байгаа хэрэг шүү дээ. Энэ хугацаанд “Рио Тинто”-гийнхон байгалийн нөөцийг өөр компани руу шилжүүлэхийг оролдлоо, банкны барьцаанд тавилаа,  татвараас зугтан Нидерланд руу очиж ч үзлээ.

Ажилчдыг хоморголон халж, мянга мянгаар нь ажилгүй болгож ч үзлээ. Үүнээс харахад “Рио”-гийнхон гэдэг бол дэлхийд том хэмжээнд хүрсэн луйварчид юм байна гэдэг нь харагдаж байгаа. Зүүн Өмнөд Ази, Африкт тэдний үлдээсэн зам мөрийг харахад цусан мөртэй луйварчид юм даа гэж бодогддог юм шүү дээ. Манай улстай гэрээ хийх ажил анх “Айвенхоу Майнз” компаниас эхэлж, 1990-ээд оны сүүлээс Уул уурхайн ассоциаци гэдэг байгууллагыг байгуулан санхүүжүүлж, тэднийг тэжээж байгаад сүүлд нь манай эрхэм дээдсүүдэд янз бүрийн үйлчилгээ үзүүлсээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан хойноо хувьцаагаа “Рио Тинто”-д зарчихаад яваад өгсөн.

-Оюутолгойн орд ашиг өгөх байтугай өрөнд оруулж, хөгжилд хөтлөх бүү хэл ямар ч  дэд бүтэцгүй  явж ирсэн. Бид яагаад ийм болчихов оо?

-Оюутолгойн ордын нөөц баялаг анх илрэх үеэс эхлээд гаднынхан манай эрх баригчдын дунд, хэвлэл мэдээллийнхний дунд өөрийн лоббиг үүсгэх, тэднийг хахуульдах алсыг харсан үйл ажиллагааг олон чиглэлээр явуулсан. Түүний дүнд 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулах болж, өдөр тутам ам.доллар алдаж байна гэрээгээ хурдан байгуулаач гээд Ерөнхий сайд байсан хүмүүс  ч ярилаа, улстөрчид нь ч  ярилаа, эрдэмтэд нь ч шуугьж эхэлсэн. Эд бүгд мөнгө авсан шүү дээ. Зарим нь ах дүү, үр хүүхэд, төрөл садангаа тэнд ажилд оруулсан. Ингэж худалдагдаад гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах  үеийн нөхцөл байдал их өөр байсан.

Гэрээний төслийн талаар би анх 2009 оны гуравдугаар сарын 31-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж байсан. Таван зүйлийг анхааруулсан. Нэгдүгээрт, гэрээнд Монгол Улсын Үндсэн хуулиар байгалийн баялаг бүх ард түмний мэдэлд, төрийн өмчид байх ёстой. Гэтэл Монголын төр засаг нь өөрөө эзний байр суурь дээр сууж, ард түмнийхээ мэдлийн баялгийг гадныхантай наймаалцаж  тохирохын оронд, өөрөө гаднын гэрээний төсөл дээр очоод суучихсан. Тэдний аманд унасан.  Тэр үед Оюутолгойн нөөц батлагдаагүй, ТЭЗҮ нь гараагүй байсан. Ийм байхад юугаа хэнд яаж өгч байгаагаа мэдэхгүй гэрээ байгуулж яаж болох вэ дээ. Сүүлд нь яаран сандран нөөц баталсан. Тэрийг нь одоо авч үзэхэд их сонин.

-Тухайлбал?

-Жишээ нь, Бүрэн батлагдсан нөөц нь 42 сая тонн зэстэй гэж байхад тэр үед баталсан гэрээгээр 25 сая тонн зэсийн нөөцтэй гэсэн байдаг. Одоо 1,800 тонн алтны нөөцтэй гэж байхад тухайн үед 800 тоннын нөөцтэй гээд батлах жишээтэй. Ингэж там тум гэрээ баталсан. Бас нэг зүйл нь гэрээнд Монголын  хүлээж авч болохгүй асуудлууд бий. Сүүлд гэрээний 9 дүгээр бүлгийн 9.13.3 болсон  бүтээгдэхүүнээ экспортод гаргаж олсон орлогоо гадаадад байршуулж, өөрийн дур зоргоор зарцуулна гэсэн заалт байна. Энэ нь Монголын аж ахуйн нэгж юм уу, Монголын эдийн засгийн эргэлтээс гараад явчихаж  байна шүү дээ. 

Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн орон зайг задлаад хаячихаж байна. Оюутолгойн бүх үйл ажиллагаа Монголын хууль дүрэмд захирагдахгүй, тэд гадаад орчинд ямар ч будлиан хийсэн бид мэдэхгүй. Гаднаас авах зүйлээ асар өндөр үнэтэй авч, эндээс гаргахаа худал хуурамч үнэлгээ тавиад гаргаад байхад бид хэзээ ч ашиг хүртэхгүй гэдэг нь ойлгомжтой. Нөгөө талаас, Монголын хууль ёсоор авах ёстой татвар ихээхэн  өөрчлөгдсөн.

2006 онд “Айвенхоу Майнз”-д илт тал засагчид Монголын ашигт малтмалын  болон Татварын тухай хуулийг өөрчилсөн юм. Тэр хуулийг гаргахдаа  ашигт малтмалын бүх төрлийн нөөцийн төлбөр нь таван хувь байна гэсэн. Гэтэл энд алт, нүүрс гээд огт өөр үнэтэй баялаг байдаг. Нефть гэж огт өөр нөхцөлтэй, өөр болзолтой баялаг байдаг. Алтан дээр зэс байлаа гэхэд  орд газар бүхэн геологийн өөр нөхцөлтэй, ашиглах нөхцөл нь өөр байдаг.

Нөөцийн төлбөр гэдгийг тухайн орд газрынхаа онцлогийг харгалзан тогтоодог. Уг нь манай хуульд таван хувиас доошгүй байна гэсэн бол түүнээс дээш нөхцөлийг тохиролцож болно. Гэтэл тав гээд тогтоочихсон. Энэ нь хуульд  47.3 гэж тусгагдсан. Олон түмэн эсэргүүцэж, шүүмжилсээр 2009 онд шинэ заалт нэмж өсөн нэмэгдүүлэх хэмжээнд оруулсан. Арга зүйн хувьд тэр  маш болхи. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээндээ 47.3-ыг мөрдөнө гээд оруулчихсан.

Өөрөөр хэлбэл, 10 хувийн нөөцийн төлбөр төлөх ёстой байтал таван хувиар төлөх нь л дээ. Үүнээс болж одоо Монгол Улс жилд ойролцоогоор 150 сая ам.доллар алдаж байгаа.  Тэр үед Монголын татварын хуулиар гэнэтийн ашгийн татвар гэж нэрлэж байсан, тэр нь алтнаас 68 хувь, зэс дээр ч бас хэрэгжиж  байсан. “Айвенхоу Майнз”-ынхан үүнийг хүчингүй болгох шаардлага тавьсан. Манайхан буулт хийж хуулийн  заалтыг хүчингүй болгосон.

Энэ хэчнээн хэмжээний алдагдал гаргаж байгааг тооцвол өчнөөн тэрбум ам.доллар болно. Монголын тэр үеийн татварын хуулиар гадаадын хөрөнгө оруулагч Монголоос ашгаа зөөж гаргавал  ногдол ашгийн 20 хувийн татвар нэмж төлөх заалттай байсан. Гэтэл бүх орлогоо гадаадад байршуулж зарцуулахаар нөгөө зөөж гаргах гэдэг заалт байхгүй болчихож байгаа юм. Энэ мэтээр алдагдалтай ажиллаж ирсэн.

Гэрээний анхны нөхцөлөөр Оюутолгой Монголоос зөвхөн эдийн засгийн хувьд төдийгүй газар нутгийн хувьд тусгаарлагдмал, өөрийн хил хязгаартай, өөрийн хяналтын посттой, тэр бүү хэл  нисэх онгоцны буудалтай байхаар байсан. Тийм байдлаар үзэглэсэн. УИХ-ын гишүүд үүнийг мэдэж байсан. 2009 оны гуравдугаар сараас долоодугаар сар хүртэл хүлээж, зарим зүйлийг нь өөрчилж байгаад үзэглэсэн. Тэр үед нь би “Эрхэм дээдэст”  гэж нэг  захидал бичсэн, News.mn цахим хуудаст гарсан. Та нар их сайндаа одоогийн гэрээний нөхцлөөр Оюутолгойн олсон ашгийн 19 хувийг авна  гэдгийг хэлсэн. Тухайн үед 76 хувийг авна гэсэн мунхруулга явж байсан.

Тэр байтугай 2012 оны сонгуулийн үеэр  төв талбайд байшин шиг том реклам тавиад бүх орлогын 71 хувь нь Монголд эргэлдэнэ гээд гаргаж байсан шүү дээ.Тэр худал. Энэ үед манай Ерөнхий сайд  байсан хүн УИХ –д очоод “Би толгойгоороо хариуцна” гэж амлалт өгөөд батлуулж байлаа. Иймэрхүү байдлаар батлагдсан гэрээ, одоо эргээд харахад Монгол Улс ашиг хувааж авч чадалгүй өрөнд орж, татварын бага сага юм л  авч байна.

-Нэг сонирхолтой зүйл нь  “Дубайн гэрээ”.  Үндсэн хуулиар бүх ард түмний мэдэлд байх баялгийг гаднын компани гадаадын банкнаас зээл авахад барьцаанд тавьж болохгүй гэдэг  хэнд ч ойлгомжтой атал  Ерөнхий сайд нь очиж тийм  гэрээ хийсэн. Тэр үед  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл юу хийж байв гэдэг бүр ч сонин санагддаг?

-Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн гурвуулаа Үндсэн хууль зөрчсөн асуудалд орно шүү дээ, тэр чинь. Тэр гэрээнээс болж хоёр талаасаа асуудал улам хүндэрлээ. Энэ нь юу вэ гэвэл, 2012, 2013 оны үед Монголын төрийн гурван сайд очиж хөрөнгө оруулалтын тооцоон дээр нь шалгалт хийж, нийтдээ хоёр тэрбум 130 сая ам.долларын зөрчил илрүүлж, тодруулах зүйл олон байгааг хэлсэн. Түүнээс хойш Сангийн яам гэрээг баталгаажуулахгүй явсан. Гэтэл манайхан Дубайд очоод гурван сайдын шалгалт зөрчил илрүүлээгүй, гэрээг батлах үүргийг Монголын тал хүлээлээ гээд гарын үсэг зураад ирсэн. Ингээд тэр доторх  худал, хуурмаг зүйлүүд нь алга болсон.

Тэнд гадныхны үр ашиггүй зарцуулсан, идсэн, уусан янз бүрийн зардал байгаа. Нөгөө талаас уул уурхайн хөрөнгө оруулалт гэдэг ойлголтоор аливаа орд газрыг ашиглахад бэлтгэх хүдрийн үндсэн биет хүртэлх газрын баялаг хөрөнгө оруулалтад ордог. Хүдрийн биет хүртэлх зардал урсгал зардалд бичигддэг. Гэтэл 2010 онд баталсан Оюутолгойн ТЭЗҮ-ээр нийт хонгилын хэмжээ 65 км-ээр тусгагдсан байсан, хөрөнгө оруулалтад орох нь тэр шүү дээ. 2015 онд тэрийгээ 202 км болгож нэмсэн. Далд хөрсний ажлыг гурав дахин алдаж тооцдог уул уурхайн компани гэж юу  байх вэ, тийм мэргэжилтэн ч гэж юу байх билээ.

Тэрийг нь хүлээж авч зөвшөөрч суудаг “ах дүү” нар ч гэж юу билээ. Ингээд харахад тэрний ард маш том хуйвалдаан явжээ. Монголын тал уул уурхайн сайдаа томилсон нь маш сонин. Уул уурхайн шийдвэрлэх салбарт хятад хэлний мэргэжилтэн аваачаад тавина. Бие хамгаалах урлагийн хүн томилно. Нэхмэлийн үйлдвэрийн хүн тавина. Эсвэл сайн бөх аваачаад тавих жишээтэй. Яагаад гол салбараа мэргэжлийн бус хүнээр удирдуулж, тэнд заавал алдаатай шийдвэрт хүрдэг вэ гэдэг нь өөрөө асуудал юм. Сүүлийн үед манайхан “Рио Тинто дэлхийд нэртэй том компани юм.

Энэ компани Монголд яаж хандахаас бусад хөрөнгө оруулагч хамаарна, тэд зугтаад явчих вий. “Рио Тинто” бол манайхыг харуулах толь” гээд ярьцгаах боллоо. Том “араатан”, том дээрэмчин ирээд чамайг зулгааж байна гээд бахархах хэрэггүй шүү дээ. Монголчууд түүгээрээ бахархдаг болчихоод байгаа. Ер нь “Рио”-гийнхны гаргасан аашийг бүгд мэднэ шүү дээ. Барагтай бол Монголын улс төр тогтворгүй байна гэж зарлаад, гарах  барих юмаа л хийнэ.

-Хөрөнгө оруулалтын гэрээ ёсоор бол “Рио Тинто” манайд оруулах хөрөнгө оруулалтаа ямар хэлбэрээр хийх ёстой вэ?

-Хувьцааны хөрөнгөөр хийх ёстой. Гэтэл одоо тэд 8-9 тэрбум ам.долларын зээл авчихсан, түүгээрээ  хийгээд явж байгаа. Хөрөнгө оруулалтыг зээлээр хийнэ гэдэг хүү нь ч, нөхцөл нь ч өөр шүү дээ. Үндсэндээ гаднын банкны зээлийн хүүгийн дарамтыг манай улсад тохчихоод явж байгаа. Энэ байдлаараа хөрөнгө оруулагч биш зээл зуучлагч болчихоод байгаа, ийм л компани.

Манайхан асуудалд янз бүрээр ханддаг. Тухайлбал, 2014 онд Засгийн газар солигдож, АН төр барьсан. Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоно гээд УИХ дахь бүлэг нь 100 хувийн саналаар  шийдчихээд байхад АН-ын ҮЗХ хуралдаад Ч.Сайханбилэгийг гаргаж ирсэн.  Дараа нь түүнийг Ерөнхий сайдаар томилоход нөгөө УИХ-ын гишүүд нь 100 хувь санал өгөөд сууж байсан. Яаж худалдагддаг вэ, гаднын компаниуд төрд ямар нөлөөтэй вэ, Монголын улс төрд яаж оролцдог вэ гэдэг нь эндээс харагдана. Өөрөөр хэлбэл, одоогийн Оюутолгойд хөрөнгө оруулалт хийж  байгаа этгээд бол Монголын улс төрд хутгалдаж, улс төрийг тогтворгүй болгож байгаа.

Тэд манай улс төрийг өөрийнхөө өвдөгт сөхрүүлээд манайхны ноёд өмнөөс нь мөлхөж очоод хөлийг нь тэвэрч гутлыг нь үнсэж, гарыг нь долоож байгаа шүү дээ. Оюутолгойг шалгах ажлын хэсгийг онгоцоор аваачиж дайлж цайлсан гэдэг нь  УИХ-аас цацагдлаа. Эндээс ямар хэмжээнд “гар тослох” арга хэрэглэдэг нь харагдаж байгаа биз дээ. Иймээс маргаантай асуудал их байна.

-Та Монголын төлөөх асуудалд зарчим барьж хандах хэрэгтэй гэж байна. Яавал зарчимтай байх вэ?

-Нэгдүгээрт, Үндсэн хуулиа барьж, бүх ард түмний өмч хөрөнгийг гаднын компанийн өмнөөс гадаадын банканд зээлийн барьцаанд тавьж болохгүй гэдэг зарчмаа ил зарлаж, “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, хууль үйлчилж байхад хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр байгуулсан гэрээний асуудлыг “Рио Тинто”-той дахиж ярих хэрэгтэй.

Нөгөө талд нийгмийн асуудал бий. Тэд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр гаргаж байгаа үйлдвэр шүү дээ. Гэтэл Оюутолгойн геологи, уул уурхайн нөхцөл бусад аль ч орны уурхайгаас дор биш, баялаг агуулгатай, хүдэр ашигладаг. Дээр нь алт, зэсийн орд газар шүү дээ. Ийм байтал монгол ажилчид хэдэн жилийн өмнө гаднын жишиг үйлдвэртэй харьцуулахад 11 дахин бага цалин авч байсан.

Өөрийнхөө ажилчдын эрх ашгийг хамгаалах хэрэгтэй шүү дээ. Гэтэл манай төр засаг Оюутолгойг шүүмжиллээ, одоо хаах нь, хохироох нь гэсэн дуу хоолой гаргадаг болохоос тэнд ажиллаж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар дуугардаггүй. Оюутолгойг хэн ч хаая гээгүй. Хамгийн гол нь зөв шударга гэрээ хэлэлцээрийн үндсэнд зөв явуулъя гэж ярьж байгаа. Анх Оюутолгойгоос ашиг хуваая гэж ярьж байсан. Одоо 2037 он хүртэл ийм боломжгүй боллоо. Үүнийгээ ч гэсэн зөв тооцох хэрэгтэй. Тэгэхээр Д.Тэрбишдагвын хэлдэг “Төрийн  ордон дэлбэрэх юм байна” гэдэг нь бас чиг зөөлөн хэлсэн үг. Оюутолгойд хамаатай бүх “ах дүү нар” түймэрт шатах юм байна гэвэл хатуудахгүй байх.

-Энэ хүртэл УИХ, Засгийн газар яаж ажиллаж ирснийг та сая хэлчихлээ. Төрийн тэргүүнүүд маань  хэрхэн хандаж ирсэн бол?

-“Айвенхоу Майнз” компани Оюутолгойн ордыг анх илрүүлсэн үеэс эхлэн Төрийн тэргүүний өрөө, намын дарга нарын өрөөгөөр гүйх нь хэвийн үзэгдэл болсон. Хэвлэл, мэдээллээр ч гэсэн  Фрийдланд гэдэг хүн Ерөнхийлөгчтэй уулзлаа  гээд гардаг  байлаа.

Ер нь гаднын хөрөнгө оруулагчид гэсэн бүтэх, бүтэхгүй этгээдүүд Монголд орж ирээд юу хийдэг вэ гэдгийг эрүүл ухаанаар ойлгохын тулд манай төрийн тэргүүнүүд яаж хандаж байсан бэ гэдгийг эргэж харах  л хэрэгтэй болно. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Уул уурхайн үндэсний ассоциаци” гэдэг байгууллагын ерөнхийлөгч байлаа.  “Айвенхоу Майнз”-ынхан тэр байгууллагыг санхүүжүүлж, лобби бүлгээ бий болгож байлаа. Дараа нь манай анхны Ерөнхийлөгчийн амаар  Оюутолгой бол Дархан хүртэл хонгил гаргаж ухаж хөрөнгө оруулалт хийнэ  гэдэг үгийг хэлүүлсэн.Тэрийг Оюутолгойнхон хэлээгүй, “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто”-гийнхон  хэлээгүй, Монголын анхны Ерөнхийлөгч хэлсэн.

Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед  түүний өрөөгөөр Фрийдланд гэх нөхөр мөн ч олон орж гарсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болж тангаргаа өргөсний маргааш  гэрээг үзэглэсэн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг харин баялгийн нөөцийг банкны барьцаанд тавихыг эсэргүүцээд зөвшөөрөхгүй байсан. Гэтэл “Рио”-гийн ерөнхийлөгч Уолш ирж Ц.Элбэгдоржтой уулзаад явсан. Дараа нь манай  Ерөнхийлөгч “Уолш бид хоёр бүхнийг шийдсэн” гэж мэдэгдсэн. Юу шийдсэн юм, тэр нь “Дубайн гэрээ” болсон юм уу даа гэж  бодогдох юм.

Хэрэв Аюулгүй байдлын зөвлөл дээр асуудал яриад шийдсэн бол “Би тухайн үед зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлсэн” гэж хэлэх үндэстэй, хариуцлагын асуудал ч өөрөөр яригдана. Ийм байдлаар асуудлын нүдийг олж шалгах  хэрэгтэй. Ер нь гаднын хөрөнгө оруулагч, шинэ колоничлогч, эдийн засгийн алуурчдын ард байгаа хөл гарууд Монголд юу хийж байна вэ гэдэг дүр зургийг гаргаж, тодруулж, өөрсдийгөө ойлгоход хэрэгтэй юм шүү дээ. 2014 онд Засгийн газар солигдох асуудалд Н.Алтанхуягийн танхим явах нь зайлшгүй байсан. Оронд нь хэн бэ гэхэд “Рио Тинто” гол тоглолтыг хийсэн. Үүнийг ойлгох хэрэгтэй байх.

-С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг АТГ  баривчлан шалгасан. Энэ Оюутолгойн асуудлыг жинхэнээс нь шалгасан хэрэг үү, эсвэл зүгээр л чулуу хөөлгөсөн улс төрийн  тоглоом байв уу. Та юу гэж дүгнэж байна?

-Монголын төрд сүүлийн хэдэн сарын үйл явдлыг тооцохгүй бол Оюутолгой тойрсон асуудлаар үнэнийг олъё гэсэн хүсэл, сэтгэл байгаагүй. Оюутолгойн талаарх “Дубайн төлөвлөгөө”-нд газар, байгалийн баялгийг банкны барьцаанд тавилаа гээд бичиг ирж байхад нь бүх ард түмний мэдэлд байх ёстой тэр газар, баялгийг хаанаас, хэнээс тэр банкны барьцаанд тавьсан бэ гэдгийг төр, засаг хэлээгүй. Үүнийг нуугаад байгаа нь Үндсэн хуулиа зөрчиж, тэдэнтэй сүлбэлдсэн хэрэг.

Ер нь Оюутолгойн асуудалд гурван сайд шалгаад хоёр тэрбум гаруй ам.долларын зөрчил гарсан байгааг хэлж байхад тэр үеийн УИХ, Засгийн газар дүлий, сохор юм шиг сууж байгаад өнгөрсөн нь өнөөгийн байдалд хүргэсэн.  Ер нь хараад байхад Монголын төрийн эрх баригчид Оюутолгойд хөрөнгө оруулагчдыг гарыг долоож амташсан, түүнгүйгээр амьдарч чадахаа байсан юм уу даа гэж бодогддог.

-Сүүлийн үед Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д Монгол Улс элсэх хэрэгтэй гэсэн сурталчилгааг манай улстөрчдийн зүгээс ихээхэн хийх боллоо. Та ямар байр суурьтай байна?

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ 1996 онд байгуулагдсан. Хил хязгаарын төвөгтэй нөхцөлд байгаа зургаан орон, БНХАУ, ОХУ, Казахстан, Узбекистан Тажикстан, Киргиз улс эхэлж байгуулсан юм шүү дээ. Эдний одоогийн төвшинд тавьж байгаа гол асуудал нь алан хядах, салан тусгаарлах, хорлон сүйтгэх гэсэн  гурван үйл ажиллагааны эсрэг тэмцэнэ гэж ярьдаг.

Сүүлд Энэтхэг, Пакистан улс нэмж орсон байна лээ. Монгол Улс энд ороод юу хийж чадах вэ. Ямар үйл ажиллагаа явуулах вэ гэвэл дээрх гурван асуудлын аль нь ч Монгол Улсыг олон улсын эвсэлд нэгдэхүйц шахалт, шаардлага болоогүй. Ер нь бол хоёр хөршийнхөө нэгдэн орсон цэрэг, улс төрийн чанартай хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс яаж хандах вэ гэдгийг бодох хоёр үндэслэл бидэнд бий.

Нэгдүгээрт, Монголын улс төр тогтворгүй байна. Өнөөдөр  дэлхийн аль ч улс орныг аваад үзэхэд Монголын парламент, гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн засаглалын  хооронд ингэтлээ тэмцэл өрнөсөн улсыг олоход хэцүү. Улс төрийн   тогтворгүй нөхцөлд байгаа улс орон гадагшаа эвсэл холбоонд орно гэдэг нь  тэндээс тусламж дэмжлэг авах тухай асуудал юм шүү дээ. Хоёрдугаарт, Монгол Улс эдийн засгийн хувьд маш сул дорой, өр зээлд баригдсан, ДНБ-ээсээ  хоёр дахин давсан өр зээлд орчихоод байна. Эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсан ийм байдалтай улс орон гаднын эвсэл холбоо руу гүйнэ гэдэг  эргэлзээтэй. Энэ бол Монголын талаас тавих ёстой асуултын нэг.

-Эргэлзээ, хардлага төрүүлж байгаа өөр зүйл байна уу?

-Бид  нэг зүйлийг маш сайн бодох ёстой. Одоогоос 100 жилийн өмнө Монголын ноёд дээдсүүд Сюй Шү Жанд захидал бичиж, урьж авчраад монгол төрийнхөө тугийг буулгаж, зэвсгээ хураалгаж байлаа. Түүнээс  хойш 100 жил өнгөрчээ. Тэгэхээр 100 жилийн ойг нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэж тэмдэглэх гээ юм уу  гэсэн хардлага надад байдаг. Бид 1921 онд Ардын хувьсгал гарч гамингийн ноёрхлоос салж байлаа. Одоо бидэнд дахин тэгж хөдлөх боломж ирэх 2021  онд байх чуу, үгүй чүү, сайндаа л  Ерөнхийлөгчийн сонгууль болох биз дээ гэж бодогдоно. Түүхийг олон дахин сөргүүлж турших хэрэггүй юм.

-Ер нь ШХАБ ямар зорилго, чиглэлээр ажилладаг юм бол?

-ШХАБ анхнаасаа цэрэг, улс төрийн чиглэлтэй байгууллага байсан. Одоо ч тэр хэвээрээ байгаа. Хэдийгээр эдийн засгийн талын асуудалд голлон анхаарна гэж ярьж байгаа ч одоогоор ШХАБ-аас хэрэгжүүлсэн эдийн засгийн нэг ч төсөл байхгүй.

-Манай улс энэ байгууллагад  ороод юу хийж чадах бол?

-Монгол Улс тийшээ орлоо гэхэд юу ч хийж чадахгүй. Тэгэхээр орох хэрэг байна уу. Ер нь бол аль нэг эвсэл, холбоонд элсэх асуудлыг дор хаяж 10-20 жилийн цаадахыг харж хөдөлбөл яасан юм бэ. Одоо Хятад орон дэлхийн нэгдүгээр гүрэн болж явна. Удахгүй эдийн засгаараа тэргүүлэгч орон болох төдийгүй цэрэг, зэвсгийн талаар, армийнхаа хүний тоогоор энэ өргөн уудам нутагтай улс орон дэлхийн нэгдүгээр гүрэн болно шүү дээ. Энэ нөхцөлд Ази тивийн тавцан дээр ямаршуу геополитикийн орчин үүсэх вэ. Улс гүрнүүдийн харилцаа яаж өөрчлөгдөх вэ, үүнийг харах хэрэгтэй. Үнэлж дүгнэх ч хэрэгтэй байх.

Бид хоёр хөрш оронтойгоо ямар ч тохиолдолд, аливаа эвсэл холбооны гишүүдийн харилцаанаас илүү ойр дотно, ажил хэрэгч, хариуцлагатай хамтын ажиллагаатай байх ёстой. Бид хойд талдаа ч, урд талдаа ч ялгаагүй янз бүрийн худал амлалт өгч, түүнийгээ хэрэгжүүлэхгүй бултсаар байгаад нэр нүүрээ барсан шүү дээ. Холбоонд орно гэж гүйгээд тэнд байгаа холбооны гишүүдийн өмнө бас нэг баахан худал ярьж, амлалт өгч суухын оронд хоёр хөрштэйгөө тогтоосон хамтын ажиллагаа, төслүүдээ хэрэгжүүлэхэд илүү анхаарвал яасан юм бэ. Энэ нь ч Монголд ашигтай  гэж бодогддог.

-БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд манай улсад айлчлахдаа “Манай хөгжлийн  галт тэргэнд та бүхэн суугаарай, хамтдаа хөгжье” гэж урьж, уриалж байсан. Манайхан ч тухайн үед хамтдаа хөгжих нь гэцгээж байлаа. Хамтын хөгжил гэдгийг та ямар утгаар ойлгож  байна?

-Тэр  үгийг манайхан зөв ойлгох хэрэгтэй. Хөгжил гэдэг бол тухайн улс орны өөрийн дотоодын нөхцөлөөс төрж гарна. Аливаа улс орны хүч, зориг тэмүүлэл, амьдрах арга зам нь нэг чигт төвлөрсөн цагт л хөгжинө. Хятад орон түргэн хөгжиж, эдийн засаг нь өсөж байхад мэдээж тэдний хэрэгцээ өснө, тэнд нийлүүлэх бараа, материалын хэмжээ өснө. Гэхдээ Монголд ямар нөлөөтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй. Түүхий эд нийлүүлсээр байгаад сүүлд нь өндөр хөгжилтэй том эдийн засгийн түүхий эдийн хавсарга болчихож  болно шүү дээ. Үүнийгээ бодолцож явах хэрэгтэй юм. Нөгөө талаас хөгжил гэдэг хөдөлгүүр нь улсын өөрийн дотоодод байх ёстой бол хүний галт тэргэнд суусан хүн галт тэрэг хаашаа явна тийшээ л явна. Тэрийгээ бас бодох хэрэгтэй байх.

-Манай улс урд хөрштэйгөө харилцаж, хоёр орны хоорондын бараа эргэлт жилээс жилд  нэмэгдэж байгаа. Гэтэл хойд хөрштэйгөө улам л холдоод байна уу даа. ОХУ ч гэсэн манайхыг тойруулан БНХАУ-тай зузаан нөхөрлөж байгаа нь хийн хоолой, төмөр зам гээд  юм юман дээр харагдаад  байна?

-Хятад улс Монголын гадаад эдийн засгийн харилцаанд хэдийнээ  85 хувийг даваад явж байна. Энэ нь эдийн засгаар нэг улсын хараат боллоо гэсэн үг, нээх бахархах юм биш. Нөгөө талаас, манай хойд талд байгаа том хөршийн ард түмний хэрэглээ, цаг уурын нөхцөл нь хүйтэн сэрүүн бүст багтдаг гэдэг утгаараа мал аж ахуйн гаралтай түүхий эд, хүнсний зүйл нийлүүлэхэд боломж ихтэй. Гэвч зах зээл нь хаалттай байдлаар өнөөдрийг хүрлээ. Хамтын ажиллагааг аваад үзэхэд, ОХУ “Монгол-Орос цветмет”-ээс гарсны дараа зөвхөн эрчим хүч, зам харилцааны салбарт л хамтарч байна.

Нөгөөтэйгүүр, манайхан шатахууныхаа ихэнх хувийг ОХУ-аас авдаг. Харамсалтай нь, Орос манайхаас юу ч авахгүй байгаа. Өнгөрсөн оны гүйцэтгэлээс харахад 60-70 сая ам.долларт хүрэв үү, үгүй юү. Тэр дайны бараа, бүтээгдэхүүн хойшоо гарлаа. Энэ байдал юуг харуулж байна вэ  гэвэл Монгол-Оросын харилцаа тэнцвэрээ алдаж, зайлшгүй Монголын талаас гүнзгий анхаарч, том алхам хийх шаардлагатай болсныг харуулж байна. Манайхан сүүлийн үед гадаад орнуудтай түншлэх тухай ихээхэн ярьдаг болсон.

Хятад улсын дарга манайд айлчлахынхаа өмнө Монголыг найдвартай түнш байя, найрсаг түнш байя, итгэлтэй түнш байя гэсэн захидал ирүүлсэн. Үүнийг бүгд мэдэж байгаа. Түншлэлгүй  яах вэ. Түнш гэдэг бизнесийн хүрээнд их ойр харилцааны төрөл. Гэхдээ бид хоёр хөрштэйгөө түншээс арай илүү өргөн хүрээнд андын төвшинд хамтарч ажилламаар санагддаг.

Үүнийгээ зөв харж, ойлгох юм бол аль ч талаасаа санаачилга гаргах зүйл байдаг л байх. Түнш гэдэг бол тухайн асуудлыг ярьж, хамтарч ажиллаж байгааг л хэлнэ. Нэгэнт гурван орон хил залгаа, бидний аюулгүй байдал, тусгаар тогтнол гурвуулангаас нь хамаардаг юм чинь зөвхөн түншлэхээс илүү андын төвшинд анхаарах асуудал бий. Ялангуяа, одоогийн нөхцөлд хойд хөрштэйгөө холбож ярих зүйл юм.

-Тэгвэл энэ чиглэлд ямар гарц гаргалгаа  байж болох вэ?

-Энэ жил Халх голын ялалтын 80 жилийн ой болно. Энэ бол монголчууд тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө хийсэн тэмцлийн түүхэн үйл явдлын ой. Үүнд Оросын талын оролцоо их бий. Оросын 20 мянган цэрэг эрийн амиар бид тусгаар тогтнол, газар нутгаа хамгаалж үлдсэн юм шүү. Т

эр үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд ирэх байх. Өмнө нь ирнэ гэж амлаж байсан. Халх голын 75 жилийн ойгоор Оросын ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийг ирэхэд манай улс баахан гэрээ хэлэлцээр хийгээд явсных нь дараа тонгорчихсон. Энэ жил тийм байдалд орохгүйгээр гэрээ хэлэлцээрүүдээ маш чамбай хийж, Засгийн газрын комиссоороо хэлэлцэж, урьдчилж тохиролцоод асуудлыг шийдэх хэрэгтэй байх.

Хоёр хөрш маань Монголын хувьд бэрхшээл биш, харин ч боломж гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол хоёр том зах зээл. Монголоос гарч байгаа жаахан бараа, бүтээгдэхүүн тэнд ямар ч зовлонгүй шингээд алга болно. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Нөгөө талаас, энэ хоёр том гүрний нутаг дэвсгэрт Монголын хилийг тойроод монгол угсаатнууд байгаа. Хойд талд Буриад, Тува байна. Өмнөд талд Өвөрмонгол, Шинжаан Уйгарууд байна. Тэдний хэрэглэдэг бараа биднийхтэй ойролцоо. Мал аж ахуйн гаралтай ноос, ноолуураар хийсэн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үндэсний хувцас гэхэд өөрийн үндэсний загвар, өөрийн хийцийн зүйлийг эрхэмлэдэг. Энэ рүү чиглэж ажиллах хэрэгтэй. Гэтэл манайхан том зүйл яриад байх юм.

-Хийн хоолой мөрөөдөж суухаар өөр зүйл сэтгэ, чадахаа амла гэж та хэлж байна уу?

-Манайхан баруугаар төмөр зам явчихлаа, хийн хоолой хойгуур өнгөрчихлөө гээд байх юм. Тэр нь Монголоор дайрсан нь ашигтай юү, дайраагүй нь ашигтай юү гэдгийг  ч гэсэн бодох хэрэгтэй. Энэ хоёр гүрэн эдийн засгийн хувьд өөрийн эрх ашгийг эхэлж бодох нөхцөлд хэрэглээ багатай Монголын уудам газар нутгаар ямар нэгэн хийн хоолой дамжуулах нь ашиггүй. Үүнийг манайхан ойлгох хэрэгтэй.

Юм бүхэн дээр өөнтөглөөд, биднийг орхилоо, хаялаа гэдэг сэтгэхүйгээр хандаж болохгүй. Хийн хоолой Монголд үнэхээр хэрэгтэй юм бол Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хятадад очоод нүүрс хийжүүлэх үйлдвэр барина гэж тохиролцоод ирж байсан, түүнийгээ барихгүй юү дээ. Тавантолгойнхоо хийг нааш  нь татаж авчраад шатаадаг сан уу, дэлбэлдэг сэн үү, тэрийгээ хараад сууж байхгүй юу.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Энэ байдаг л нэг айлчлал уу, нааштай алхам уу?

-Айлчлал хэрэгтэй. Монгол шиг хоёр гүрний дунд байгаа улсын хувьд хоёр талтайгаа байнгын холбоотой байж, бие биеийнхээ санаа бодлыг мэдэрч байх нь чухал. Хятадын талтай ч гэсэн олон янзын асуудлууд гарч байна. Жишээлбэл, Тавантолгойн нүүрсийг төмөр замаар тээвэрлэхээр манайхан Гашуун сухайт руу төмөр зам тавьж байсан. Гэтэл зам маань зөрөөд явчихлаа.

Хэдий болтол шороон замаар нүүрс тээж тоос манаргаж явах юм. Байсхийгээд хилийн боомт хаагдлаа, хил дээр зөрчил үүслээ гэх юм. Хэдий болтол ингэж явах юм бэ. Хятадын талд бид түүхий эдээ өгч байна, технологийн хувьд хэзээ бид арилжаанд шилжих юм бэ. Энэ талаас асуудлууд бий. Харилцаж л байх хэрэгтэй. Хойд хөрштэйгөө ч харилцах хэрэгтэй. Манайхан хойд хөрш рүүгээ очиж ажил хэргийн яриа хэлэлцээр хийлгүй нэлээд удчихлаа. Ц.Элбэгдоржийг  Ерөнхийлөгч байхад гурван орны Төрийн тэргүүний уулзалт болдог байсан. Тэр нь ШХАБ-ын уулзалтын үеэр голдуу болдог байлаа.

Гэхдээ гурван орны асуудлыг ярих зүйл байсан. Одоо “Торгоны зам”-ын тухай асуудал ярьж байна. Манайхан “Талын зам” төсөл гээд ярьдаг. Зам тээврийн асуудал Монголд  үнэхээр чухал. Төмөр замаа өргөтгөж, Европоос Хятад руу ачаа нэвтрүүлж байвал болно. Тэгэхгүйгээр авто замаар зөөхөд манай авто замын даац хүрэхгүй. Тэгэхээр төмөр  замынхаа  асуудлыг ярих хэрэгтэй. Энэ бол гурван улс хоорондоо ярьж байж шийдэх асуудал.

Ч.Үл-Олдох 

"Зууны мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ