Хорт хавдрыг соодоор эмчлэх боломжгүй

Хорт хавдарт шинжлэх ухаанчаар хандахыг ДЭМБ-ын мэргэжилтнүүд уриалан зөвлөж байна. Учир нь эл өвчнийг улс, үндэстнүүдийн уламжлалт арга, элдэв хоол, хүнсээр илааршуулах оролдлого хийж, амиа алдаж, эрүүл мэндээрээ улам хохирох тохиолдол олон улсын хэмжээнд байгаа аж. Иргэдийн эрүүл байх, амьд явах эрхийг ноцтой зөрчиж, хорт хавдрыг элдэв бүтээгдэхүүнээр эмчлэх боломжтой гэж мэдээллийн төөрөгдөлд оруулсан тодорхой жишээ цөөнгүй байна.

Жишээ нь, Италийн эмч Туллио Симончини ийм үйлдлийнхээ төлөө өнгөрсөн оны нэгдүгээр сард 5.5 жилийн ялаар шийтгүүлжээ. Хорт хавдраар мэргэшиж, олон нийтэд танигдсан тэрбээр анагаах ухааны аргаас гажиж, хүнсний соодоор хавдрыг эмчлэх боломжтой гэж үзэн, санаагаа гүйцэлдүүлэхээр иргэдийг сэнхрүүлээд уджээ. Үүнээс болж 2008 онд эмчлэх эрхээ хасуулсан юм байна. Гэсэн ч тэрбээр хилийн чанадад явж, “эмчилгээгээ” хийсээр байжээ. Түүнээс болж хэчнээн хүн хохирсныг тогтоох боломжгүй. Учир нь түүний эмчилгээний “арга технологи”-ийн талаар олон орны хүмүүс өдгөө ч интернэтээс уншиж, туршдаг нь аюулын хүрээг тэлж байгаа юм. Манай хойд хөршийнхөн сүүлийн үед Туллио Симончиний аргаар хорт хавдрыг эдгээх боломжтой гэж “хошуурч” байгаа гэнэ.

Т.Симончини шиг иргэдийг төөрөгдүүлж, ДОХ зэрэг халдварт өвчнийг “ардын” аргаар эмчлэх тухай ярьдаг эмч, домч гэх хүн энд тэнд таардгийг ийнхүү сэрэмжлүүлж байна.

unuudur.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ