Архитектурын буруу шийдлийн улмаас Зүүн 4-н зам дээр авто замын ноцтой осол гарахад ойрхон байна
Нийслэл хотын бүтээн байгуулалтад өнгө үзэмж нэмж буй зарим шилэн барилгуудын архитектурын алдаанаас болж зам тээврийн ноцтой осол гарахад тун ч ойрхон байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, Зүүн 4-н замын уулзвар, “Кемпински” зочид буудлын урд талд байрлах оффис, худалдаа үйлчилгээний зориулалтай 11 давхар “Оld city tower” гэх алтлаг өнгөтэй шилэн барилга өнгөрсөн жил ашиглалтад орсон байдаг юм. Уг барилга нарны эгц өөдөөс харж баригдсан учраас 12:00-16:00 цагийн хооронд Зүүн 4-н зам дээр гялбаа үүсгэж явган зорчигчид болон авто замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт ихээхэн хүндрэл үүсгэдэг байна.
Бид энэхүү сурвалжлагыг бэлтгэхийн тулд Зүүн 4-н зам дээр 12:30 минутын үед очиход Зүүн 4-н замын уулзвар тэр чигтээ алтаар хучигдаа юу гэлтэй шар өнгөтэй болж гэрлэн дохио хүлээж буй жолоочид нарныхаа хаалтыг буулгасан байв. Харин зам хөдлөн гарахаар зогсож буй иргэд бүгд л гараа саравчлан ногоон гэрэл ассан эсэхийг нягтлан харна. 13 дугаар хорооллоос чанга, чанга инээсээр хөөцөлдөн гүйж ирсэн хэсэг сурагчид“Энэ барилга шижир алт юм биш үү. Зам тэр чигээрээ алт шиг өнгөтэй болчихсон байна. Хардаа хүүхдүүдээ” хэмээн ноцолдож буй найзуудыгаа татаж чангаахад нөгөө хэд нь “Ямар аймар хурц гэрэл вэ. Нүд сохорчихлоо, юу ч харахгүй байна” гээд нүдээ анин хоёр гараа өргөж яван бие биенээрээ тоглов.
Зүүн 4-н замын уулзвараар зорчиж буй жолооч нараас өдрийн цагт үүсдэг гялбааны талаар асуулаа.
-НҮД ГЯЛБААД ЗАМ ХӨНДЛӨН ГАРЧ БУЙ ХҮНИЙГ ДАЙРАХ ШАХСАН-
Таксины жолооч н.Доржпүрэв: “Одоо харин ч гайгүй гялбаа үүсч байна. Та нар зун ирээд хараарай, Энхтайваны өргөн чөлөөнөөс ирэхэд гэрлэн дохио харагдахгүй маш хэцүү байдаг. Замын цагдаа зохицуулалт хийж буй үед дохиогоор нь явдаг. Өнгөрсөн жилийн өдийд нүд гялбаад улаан гэрлээр зам хөндлөн гүйгээд гарч буй эрэгтэй сурагчийг дайрахаа шахсан. Тухайн үедээ “Оld city tower” гэх барилга руу орж хэл ам хийж л байсан. Өвлийн улиралд утаа нар хаагаад гялбаа үүсэх нь арай бага. Хамгийн их хөдөлгөөнтэй Зүүн 4-н замын уулзвар дээр алтлаг өнгийн шилэн барилга барьсан нь асуудалтай л санагддаг” гэв.
Жолооч н.Пүрэв: “Зүүн 4-н замын уулзвараар өдөр бүр гардаг. Хурц нартай өдөр зам дээр маш хурц гялбаа үүсдэг. Яагаад замын уулзвар дээр ийм барилга барихыг зөвшөөрсөн юм. Энэ уулзвараар гарах бүртээ л гайхаж байна. Зуны хурц нартай үед юу ч харагдахгүй ш дээ. Жолооч нарын нүд гялбаснаас болж зам тээврийн ноцтой осол гарахад ойрхон байна. Холбогдох газар нь анхааралдаа аваасай гэж боддог” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Бид энэ асуудлын талаар “Оld city tower”-ийг барьсан барилгын инженер н.Мижиддоржоос тодруулга авсан юмаа.
-НАРНЫ ТУСГАЛЫГ ТООЦООЛЖ ҮЗЭЛГҮЙ БАРИЛГАА БАРЬСАН-
-Танай барилга алтан шаргал өнгөтэй болохоор өдрийн цагт Зүүн 4-н зам дээр гялбаа үүсгэдэг юм байна. Та бүхэн мэдэж байгаа юу?
-Манай компани Улаанбаатар хотын хэмжээнд анх удаагаа шар өнгөтэй шилэн фасадаар барилга барьсан. Хар, хөх өнгийн шилэн фасадаар барилгаа барьж болох л байсан. Гэхдээ нийслэл хотынхоо төвд баригдаж буй гэдэг утгаар нь шар өнгийн шилэн фасад ашигласан. Барилга ашиглалтад орсны дараа шилэн фасадан дээр туссан нарны гэрэл авто зам руу ойж гялбаа үүсгэнэ гэдгийг зураг төслийнхөн болон манай компанийнхан тооцоолоогүй, мэдээгүй л дээ. Нарны тусгалыг тооцоолж үзэлгүй барилгаа барьсан. Шинэлэг, өнгөлөг зүйл барилга барихыг л хүссэн. Өнгөрсөн жилийн хавар фасад хийж эхэлхэд ийм асуудал үүсээд чимээгүй болчихсон. Шар фасадан дээр туссан нарны гэрэл авто зам дээр гялбаа үүсгэдэг гэдгийг мэддэг. Тиймээс 8, 9 дүгээр давхартаа дотор талд хуулга наасан
-Шилэн фасадныхаа дотор талд нь хуулга наах биш гадна талдаа хар өнгийн хуулга нааж зам дээр үүсэх гялбааг багасгах арга байхгүй юу?
-Бид энэ асуудлыг мэдээд л байгаа. Тиймээс 8, 9 дүгээр давхарынхаа дотор талаас бууруулагч наачихсан гэж хэлсэн шүү дээ. Анхаарал тавихгүй тэр чигээр нь хаячихаад байгаа юм биш. Янз, янзаар л үзэж байна. Шар өнгөтэй юман дээр хар өнгийн лак цацалтай нь биш дээ. Нарны тусгал 20-30 минутын хугацаанд л авто зам дээр ойдог. Өдөржингөө эсвэл 12 цагийн турш нарны гэрэл авто зам дээр тусаад байгаа юм биш. Үүнээс болоод аваар осол гарсан гэж сонсогдохгүй л байгаа. Манай компанийнхан дор бүрнээ чих тавьж л байдаг.
-Явган зорчигчид зам хөдлөн гарахад гэрэл нь харагдахгүй, хурц гэрэл шууд нүд рүү нь тусахаар 1-2 секунтын турш юу ч харагдахгүй, харанхуйлдаг гэсэн гомдол ирж байсан уу?
-Бид боломжоороо судлаад л байгаа. Манайхан ганц юм хийсэн нэгнээ ад үзээд байгаа болохоос биш Солонгос, Орос, Америкт ийм өндөр барилгууд замын уулзвар дээр нь өчнөөн л байдаг ш дээ. Арай шинэлэг өнгөлөг юм хийхээр л ад үзээд байх юм. Та ч гэсэн хотын иргэн бусад барилгаас арай л өөр байгаа биз дээ. Ирэх жилээс явган зорчигчдод зориулан гүүрэн гарц барина. Ингэхээр нөхцөл байдал арай өөр болох байхаа.
Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ