Семеня: Би гарцаагүй эмэгтэй хүн

Өмнөд Африкийн 800 метрийн гүйлтийн Олимпийн хоёр удаагийн аварга Кастер Семеня пүрэв гарагт /2019.02.14/ өөрийгөө "Гарцаагүй эмэгтэй хүн" гэж мэдэгджээ.

 

28 настай Семеня ирэх долоо хоногт эмэгтэй гүйгчдийн цусан дахь тестостерон буюу эр дааврын хэмжээг хязгаарлах тухай Олон улсын атлетикийн холбооноос санал болгож буй дүрмийг авч хэлэлцэх Спортын арбитрын шүүх хурлын өмнө ийн мэдэгджээ. “Семеня бол гарцаагүй эмэгтэй хүн. Тэр бол дэлхийн олон олон хүнд урам зориг өгсөн баатар юм” гэж түүний өмгөөлөгч мэдэгдээд, тэрбээр бусад тамирчдын адил түүнийг хүндэлж, хандахыг хүсдэг гэжээ.

 

Дүрэм ёсоор эр даавар хэт өндөр болон бэлгийн гаж хөгжилтэй тамирчдын тестостерон буюу эр дааврын хэмжээ заасан хэмжээнээс бага байх ёстой гэнэ. Өмнөд Африкийн атлетикийн холбооны дэмжлэгтэйгээр хоёр удаагийн Олимпийн аварга, гурван удаагийн Дэлхийн аварга Семеня энэ дүрмийг эсэргүүцэн, шүүхэд ханджээ.

 

“Намайг өөрчлөгд гэж шаардаж, чи хэн бэ гэж асууж байгаа нь шударга бус явдал” гэж Семеня ярьжээ.

 

Семенягийн нэгэн адил Фрэнсин Ниёнсаба /Бурунди/, Маргарет Вамбуи /Кени/ нарын тамирчид тесторстероны хэмжээгээ шалгуулах асуудалтай тулгараад байгаа юм.

 

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны зүгээс энэ шийдвэрээ эмэгтэйчүүдийн гүйлтийн уралдааны шударга байдлыг хангах үүднээс гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Кастер Семенягийн өмнө нь хийлгэж байсан шинжилгээгээр түүнийг эмэгтэй гэдгийг нотолсон бөгөөд  цусан дахь тестостерон буюу эр дааврын хэмжээ байгалиасаа өндөр гэдэг нь тогтоогджээ.

 

Харин Олон улсын атлетикийн холбооны хуульчид түүнийг эрэгтэй тамирчин гэж тооцох ёстой гэдгийг нотлохыг хүсч байна. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол тэрбээр эрчүүдтэй хамт уралдах болно гэж мэдэгдээд байгаа юм.  


zindaa.mn 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ