Дэлхийн улс орнуудын “Хайрын баяр”
Гэгээн Валентины баяр нь Европ тивд XIII зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудад зориулсан ганцхан баяр юм. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христын шашинтан залуу ламын хайр дурлалаас бий болсон баяр гэгддэг. Манай эриний III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ. Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу хосыг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хорьж улмаар цаазлах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болсон гэдэг. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Валентинаас” гэсэн хаягтай хайр сэтгэлийг илэрхийлж, “үүрд, тэнгэрийн орноос ч чамайгаа хайрлах” болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг хоёрдугаар сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ. Энэхүү хайрын баярыг улс орнууд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар сонирхуулъя.
Тайвань
Гэгээн Валентины өдрөөр залуу хосууд бие биедээ сарнай цэцэг болон сэтгэл татсан хайрын нандин үгсээр дүүрэн чамин бэлэг илгээдэг. Тайваний ёс заншлаар нэг ширхэг улаан сарнай бэлэглэх нь”Ганцхан чамд хайртай” гэсэн утгыг агуулдаг бол 11 ширхэг сарнай нь “Чи надад таалагддаг” гэсэн санааг илэрхийлдэг байна. Мөн 99 ширхэг сарнай бэлэглэх нь “Үүрд хамт байгаач” гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ.
Словени
Словени улс жил бүрийн энэ өдрийг хосуудын баяр биш тариалангийн талбайд ажиллах өдөр гэж үздэг аж. Бусад улс оронд хүмүүс үзвэр үйлчилгээ, кафе, ресторанд хайртай хүнтэйгээ хамт орж баярлаж зугаацаж байхад Словенид хүмүүс тариалангийн талбай руу явж ажилладаг байна. Энэ бол эрт дээр үеэс уламжилж ирсэн уламжлал аж. Энэ өдөр шувууд өөрийн хосоо тариалангийн талбайгаас олдог гэж үздэг юм байна. Харин хосуудын буюу Валентины баяр Словенд байдаггүй оронд нь Гэгээн Григорийн баяраар буюу хоёрдугаар сарын 12-нд хайртай хосууд баярладаг гэнэ.
Япон
Япон улсад Гэгээн Валентины баяраар хүмүүс нэг нэгэндээ шоколад бэлэглэдэг. Гэхдээ шоколадыг эмэгтэйчүүд нь эрэгтэйдээ бэлэглэдэг заншилтай. Хамт ажилладаг хүмүүс, ангийн хамт олондоо “Giri-Shoko” гэдэг шоколадыг бэлэглэдэг аж. Харин хосууд хайртай хүндээ “Honmei-shoko” шоколадыг бэлэглэдэг. Энэ юугаараа онцлог вэ гэвэл тухайн эмэгтэй найз залуу эсвэл хайртай хүндээ заавал гараараа хийж өгдөгт аж. Дэлгүүрээс бэлэн шоколад авч өгөлгүй хайртай хүндээ өөрийн гараар цорын ганц шоколадыг хийж өгдөг уламжлалтай. Мөн “Honmei-shoko”-г өөрийн сэтгэлээ илчлэх нэг хэлбэр гэж үздэг. Тухайлбал, хамт ажилладаг ганц бие залууд сайн болсон эмэгтэй сэтгэлээ илчилж чадахгүй бол “Honmei-Shoko”-г өгөхөд л би сайн гэсэн утга илэрхийлдэг. Харин Япон эрчүүдийн хувьд энэ бэлгийн хариуг гуравдугаар сарын 14-нд “White Day” гэсэн өдрөөр эмэгтэйдээ зүрхэн хэлбэртэй бэлэг дурсгалын зүйл бэлэглэдэг аж.
Өмнөд Солонгос
Солонгост Валентины баярыг Японтой адилхан тэмдэглэн өнгөрүүлдэг. Хайрын баяраар эмэгтэйчүүд нь эрэгтэйдээ шоколад бэлэглэдэг. Хайртай хосууд өдрийн 2.14 цагт нэг нэгэндээ хайртайгаа баталж “Love lock” буюу хайрын түлхүүр солилцдог аж. Мөн арваннэгдүгээр сарын 11-нд охидууд хайртай хүндээ дуртай печенийг нь бэлэглэж, үерхэх санал тавьдаг аж. Харин хөвгүүд энэ саналын хариуг үнсэлтээрээ ойлгуулдаг. Охиныхоо духанд хөвгүүн нь үнсвэл, “чи миний хувьд охин дүү минь”, хацар дээр үнсвэл “хараахандаа болоогүй байна”, уруул дээр нь үнсвэл “зөвшөөрч байна” гэх утгыг илэрхийлдэг.
Их Британи
Британид Валентины өдрөөр эмэгтэйчүүд дэрэн доороо дөрвөн ширхэг лаврын навч хийдэг. Мөн өндөг иддэг бөгөөд өндөгний шар дээр нь давс үйрүүлж иддэг уламжлалтай. Учир нь Англи эмэгтэйчүүд Валентины шөнө сайхан зүүд зүүдэлвэл тэр зүүд нь биелдэг гэж итгэдэг учраас дээрх алхмыг хийдэг байна. Мөн ганц бие бүсгүйчүүд хайртай залуугийнхаа нэрийг модны навчин дээр бичин лаг шаварт хийн гол руу шиддэг эртний заншилтай. Гол руу шидсэн лаг шавар усанд урсаж уусаж дуусаад усны мандал дээр нэр бичсэн навч нь гарч ирвэл хүсэл нь биелдэг гэх өвөрмөц уламжлалтай аж.
Америк
Америкт ихэвчлэн хүүхдүүд бие биетэйгээ бэлэг солилцохоос гадна үдэшлэг зохиодог байна. Америкчууд гэгээн Валентины өдрөөр нэг нэгэндээ ил захидал өгч түүнийгээ өөрийнхөө хүссэнээрээ чимэглэдэг. Энэ өдөр хайртай хосууд бие биедээ ихэвчлэн цэцэг, шоколад, ил захидал, зурвас өгөхөөс гадна хайртай хосууд бие биедээ зориулан өөрсдийн гараар нэхсэн цамц, бээлий, ороолтыг бэлэглэдэг ажээ. Харин шинэхэн хосууд хайртай бүсгүй, залуудаа 1 ам.доллар бэлэглэдэг байна. Энэ нь “Ганцхан минийх” гэсэн утгыг илэрхийлдэг.
Финлянд
Энэ оронд Гэгээн Валентины баярыг “Yan” гэж нэрлэдэг. Энэ нь “найзын өдөр” гэсэн үг юм. Финляндад Валентины өдөр гэж байдаггүй. Харин хоёрдугаар сарын 14-нд “найзын өдөр”-өөр бие биендээ бэлэг өгч, сайн найзууд байхыг бэлгэдэж, цусан тангараг сарны дор өргөдөг байна.
Хятад
Хятад улсад Валентины баяр гэж тэмдэглэдэггүй юм. Учир нь хятадад хосуудын баяр сарны календариар долдугаар сарын 7-нд тохиодог аж. Энэ өдөр хуримаа хийсэн хосуудад 888 юань найзууд нь бэлэглэж, аз жаргал бэлэглэдэг юм.
Энэтхэг
Энэтхэг улсад энэ өдөр бүтэлгүй хайртайгаа учирсэн бүсгүйчүүд хаягдсан залуугийнхаа нэрийг бичсэн цагаан өнгийн футболкийг шатаадаг.
Пакистан
Энэ өдөр зүрхэн хэлбэртэй шаар ихээр зарагддаг байна.
Филиппин
Хосууд нэг нэгэндээ хайртай гэдгээ аварга могойн тусламжтай баталдаг байна.
Турк
Турк залуус сэтгэлийг нь татсан бүсгүйгийнхээ гэрийн гадна зүрхэн хэлбэртэй шаар барин хэзээ гарч ирэхийг нь хүлээдэг байна.
Польш
Польш залуус хайртай бүсгүйдээ аварга зүрх бэлэглэх нь элбэг.
Б.Дэлгэрцэцэг shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ