Ш.Алтантуяа Малайз улс Францаас хөлөг онгоц худалдан авах ажиллагаанд оролцсон нь тогтоогджээ
"Scorpene" шумбагч хөлөг онгоц
Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал Малайзад болсон билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотой мэдээллүүд ар, араасаа гарсаар байна.
Ш.Алтантуяа агсныг Малайзын Засгийн газар Францаас “Скорпион” шумбагч хөлөг онгоц худалдаж авах ажиллагаанд орчуулагчаар оролцсон. Малайзын талаас наймаанд оролцсон нөхдүүд гэрээний мөнгөн дүнгээс зувчуулах сонирхолтой байсан учраас Ш. Алтантуяаг хөнөөсөн гэсэн мэдээлэл гарч байсан. Гэхдээ өмнө болсон шүүх хурлуудаар энэ талын мэдээлэл чухалчлан хөндөгдөлгүй өдийг хүрсэн юм. Тэгвэл Ш.Алтантуяа Франц-Малайзын хооронд байгуулсан хөлөг онгоц худалдах, худалдан авах хэлэлцээрт оролцсон нь тодорхой болжээ.
Өмгөөлөгч Аполин Кагнат энэ талаар мэдэгдсэнийг theedgemarkets.com мэдээлсэн байна. Түүний хэлснээр бол, шумбагч хөлөг онгоц худалдаж авах хоёр гэрээ байгуулагдсан. Эхнийх нь худалдан авах тухай байсан бол дараагийнх нь худалдан авахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах тухай гэрээ байсан. Энэхүү хоёр дахь гэрээ байгуулагдах үйл явцад Ш.Алтантуяа нэг бус удаа оролцсон нь тодорхой байгаа гэнэ. А.Кагнат “Тэр Францад ирж байсныг бид мэднэ. Уулзалтуудад оролцож байсныг ч санаж байна” хэмээн онцолжээ.
Ш.Алтантуяа Малайз улс Францаас хөлөг онгоц худалдан авах ажиллагаанд оролцсон нь тогтоогджээ
Синтия Габриэль
Малайзын хүний эрхийн өмгөөлөгч Синтия Габриэль мөн хоёр дахь гэрээн дээр Ш.Алтантуяагийн оролцсоныг Францын Прокурорын газар тогтоосон гэдгийг баталсан мэдэгдэл хийсэн байна. Тэрээр Францын хуулийн байгууллагыг Ш.Алтантуяагийн хэрэгт анхаарал хандуулахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа мөн илэрхийлжээ.
эх сурвалж:eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ