Цагаан сарыг Азийн үндэстнүүд хэрхэн тэмдэглэдэг вэ?
Билгийн тооллын шинэ жил буюу Цагаан сар нь Азийн үндэстнүүдийн хувьд гэр бүл, найз нөхдөөрөө цуглах хамгийн гол баяр бөгөөд үндэстнийхээ онцлогийг тусган, янз бүрээр тэмдэглэдэг билээ.
Вьетнамын Цагаан сар
Вьетнамд Цагаан сарыг Тет гэдэг бөгөөд Вьетнамын ард түмний хувьд хамгийн ариун баярын нэг нь юм. Билгийн тооллоор Тет баярыг нэгдүгээр сарын сүүлээр, хоёрдугаар сарын эхээр гол төлөв тэмдэглэдэг байна. Тет баяраар вьетнамчууд гэр бүл, хамаатан садантайгаа уулзаж, өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлдэг.
Шинэ жилийн шөнө цэцэрлэгт хүрээлэн, гудамжиндаа түүдэг гал асааж, будаагаар төрөл бүрийн хоол, амттан хийж, дайлдаг байна. Томчууд хүүхдүүдэд улаан өнгөтэй дугтуйд хийсэн мөнгө бэлэглэдэг гэнэ. Тет баяраар эрчүүд нь хар өнгийн хувцас өмсдөг бол эмэгтэйчүүд улаан, шар өнгийн хувцсаар гангардаг.
Мам Нгу Куа буюу таван төрлийн жимсний дээжээр ширээгээ засч,, цэцэгс, тоорын цэцгээр гэрээ чимэглэн ирж буй жилдээ сайн сайхан байх, шинэ бүхний эхлэлийг билэгддэг байна.
Гурван хоног, зарим үед бүтэн долоо хоног үргэлжилдэг баярын үеэр вьетнамчууд мат буюу төрөл бүрийн жимсний цуглуулга, банх чун буюу шош, гахайн махаар амталсан будааны бялуу, манг буюу гахайн мах, хулсны шөлийг амлан зооглодог аж.
Солонгосын Цагаан сар
Солонгост Цагааны сарыг Соллаль гэдэг. Энэ баяраар солонгосчууд өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлж, гэр бүл, дотнын найз, нөхөдтэйгөө хамт тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Соллаль баяр Солонгосын соёл, хоолны урлаг хосолсон баяр. Солонгосчууд үндэсний ханбуг дээлээрээ гоёж, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн зан үйлийг үйлдэж, үндэсний тоглоом наадгай тоглон, ардын дуу, хуучны түүхээ сонсож тэмдэглэдэг байна.
Соллаль баярын үеэр токкук шөл, калби жим, жеон амттанаар ширээгээ чимдэг аж. Ихэнх солонгосчууд шинийн нэгний нарыг далайн эрэг дээр угтдаг байна.
Хятадын Цагаан сар
Хятадуудын хувьд Цагаан сар нь өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлж, гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт өнгөрүүлэх хамгийн чухал баяр. Битүүний зоогийг тэр жилийн хамгийн хүндтэй идээнд тооцдог байна. Сая сая хүмүүс битүүний зоогоо барих гэж гэр лүүгээ яарах үеэр тус улс даяар ихээхэн хэмжээний замын түгжрэл үүсдэг бөгөөд дэлхий дээрх хамгийн том нүүдэл гэж нэрлэдэг гэнэ.
Хятадын ард түмэн хүмүүсийг нэгтгэж, алжаалаа тайлж, жилийн турш хөдөлмөрлөсний шагнал хэмээн хоол, идээг үздэг байна. Хятадын Цагаан сар 15 хоног үргэлжилдэг байна.
Камбожийн Цагаан сар
Камбож улсад Цагаан сар нь олон нийтийн баяр биш хэдий ч тус улсын олон иргэд, ялангуяа хятад гаралтай иргэд нь энэ баярыг өргөнөөр тэмдэглэдэг байна.
Цагаан сараар камбожчууд аз авчирна хэмээн билэгдэж гэрээ шар өнгийн цэцгээр чимэглэдэг бөгөөд гудамжинд луу, арслангийн бүжиг болдог аж. Хэдий удаан луу, арслан бүжиглэнэ, төдий чинээ аз авчирдаг гэж итгэдэг тул хүмүүс бага хэмжээний хандив өгч, аль болох удаан бүжиглүүлдэг байна. Хятадын Цагаан сартай нэгэн адил камбожчууд битүүний өдөр Хятадын уламжлалт хоол, унд бэлтгэн, гэр бүлээрээ цугларч, өвөг дээдэсдээ хүндэтгэл үзүүлдэг гэнэ.
Шинийн нэгэнд ирсэн найз нөхөд, хамаатан садандаа улаан дугтуйтай мөнгө бэлэглэдэг аж.
Филиппиний Цагаан сар
Эрт үед зөвхөн хятад гаралтай филиппинчүүд тэмдэглэдэг байсан Цагаан сар өдгөө Филиппинд өргөнөөр тэмдэглэдэг баярын нэг нь болжээ. Тикой хэмээн Цагаан сарын амттан бэлтгэх уламжлал ихээхэн дэлгэрсэн байна.
Баярын өмнө филиппинчүүд гэрээ цэвэрлэж, мөнгөний улаан дугтуй бэлдэж, төрөл бүрийн хоол, амттанаар ширээгээ чимэглэх нь ирэх жилдээ аз хийморь авчирна хэмээн билэгддэг байна.
zindaa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ