Ш.Алтантуяагийн хүү: Ээжийг нас барсны дараа НЭРЭЭ СОЛИХООС аргагүйд хүрсэн

Шаарийбуугийн Алтантуяа агсны том хүү "Ээжийнх нь үхлийн талаарх сөрөг мэдээлэл нэрээ Б.Баярхүү гэж солиход хүргэсэн" хэмээн Малайзад болж буй шүүх хурал дээр ярьжээ. Б.Баярхүү талийгаач Ш.Алтантуяа болон Б.Баяржаргал /"Хар сарнай" хамтлагийн дуучин/ нарын хүү юм. 

 

Түүний нэрийг Б.Мөнгөншагай гэдэг байсан бөгөөд 21 настай хүү багадаа сургууль дээрээ шоглуулдаг байжээ. Түүний ээж 2006 онд Малайзын цагдаа нарт буудуулж, Шах Алам хотын ойд цогцсыг нь дэлбэлсэн хэрэг гарахад хүү 9 настай байжээ. “Би ээжийгээ алддаг ямар азгүй хүн бэ гэж өөрөөсөө асуудаг байсан. “Ээжийг Малайз улсад хөнөөсөн тухай мэдээд миний уур хүрч, маш их шаналж, түүнийг хөнөөсөн хүмүүсийг жигшиж байсан” гэж Б.Баярхүү ярьсан байна.

 

Тэрбээр анх ээж нь нас барсан тухай мэдээг эмээ С.Алтанцэцэгээсээ сонсч байжээ. 

 

Найзынх нь эцэг, эх хэрэг болсны дараа өөрийн хүүг түүнтэй тоглож болохгүй гэж хэлж байсныг сонсч, тэдний үгэнд эмзэглэж байснаа сайн санадаг аж.

 

 

Том болсон хойноо Б.Баярхүү ээжийнхээ аллагын талаар илүү нарийн зүйлсийг мэдээ, мэдээлэл, ойрын хүмүүс болон интернетээс олж мэдсэн гэнэ.

 

Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяаг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал Малайз улсад долоо хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 23-нд эхэлсэн. Шүүх хурал Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо арав хоног үргэлжлэх бөгөөд шүүх хуралд хохирогчийг төлөөлж Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний комисс болон хохирогчийн ар гэрийнхэн оролцож байгаа юм. Тэдний дунд Б.Баярхүүгийн өвөө С.Шаарийбуу оролцож байгаа. 

 

Хүү өвөө болон гэр бүлийнхэндээ туслах үүднээс гудамжинд CD, DVD зарж, мөнгө олдог байсан тухайгаа мөн Шүүх хурлын үеэр ярьжээ. Б.Баярхүү ээжийгээ "Хүнийг хайрладаг, зоригтой эмэгтэй байсан" гээд хүүхдүүдтэйгээ хамт кино үзэж, аялал, зугаалгаар явж, тоглоомын талбайд тоглоход байнга хажууд нь байдаг байсан талаар дурсчээ.

 

Шүүх хуралд оролцож буй Ш.Алтантуяа агсны үеэл Г.Намираа /35 настай/ "Талийгаачийг Абдул Разак Багинда цэргийн усан онгоц худалдан авахдаа хэлмэрчлүүлэх үүднээс хөлсөлсөн" гэж мэдүүлэг өгчээ. Абдул Разак Ш.Алтантуяаг өөрийнхөө хуульчид эхнэрээ гэж танилцуулж байсан бөгөөд талийгаачаас хүүхэдтэй болохыг хүсдэг байсан тухай нь үеэлдээ ярьж байжээ.

 

Абдул Разак өнгөрсөн долоо хоногт "Ш.Алтантуяатай хэзээ ч уулзаж байгаагүй гэж мэдэгдсэн бол бас өөр нэг гэрч "Нажиб, Ш.Алтантуяа хоёрын хамт авахуулсан гэрэл зургийг харж байсан" гэж шүүхэд мэдүүлжээ.

 

Ш.Алтантуяагийн гэр бүл талийгаачийн хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд талийгаачийн бага хүү Мөнхтулгын Алтаншагай 2017 онд 15 насандаа өөд болсны дараа түүний нэрийг нэхэмжлэгчдийн нэрсээс хассан байна. Талийгаачийн гэр бүл Ш.Алтантуяагийн үхлээс болж сэтгэл санааны асар их хохирол амсч, сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орсон талаараа нэхэмжлэлд дурьдсан тухай ChannelNewsAsia мэдээлжээ.

 

Хэргийг эргэн сануулбал, Малайзын нийслэл Куала-Лумпурын ойролцоох ойд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг /28 настай/ буудан хөнөөж, цогцсыг нь дэлбэлсэн хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Малайзын хоёр цагдаад 2015 онд цаазын ял оноосон байдаг. Гэсэн ч давж заалдах шатны шүүх хурлын үеэр, батлан даалтаар суллагдаад байсан хоёр цагдаагийн нэг болох Сирул Азар Умар гэгч Австрали руу зугтсан юм. Тэрбээр гадаад улс руу зугтсаныхаа дараахан “Шинэ Засгийн газар надад бүрэн өршөөл үзүүлж, намайг сулласан тохиолдолд би энэ хэргийг шийдвэрлэхэд туслах болно” хэмээсэн байдаг. Харин Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр цаазын ял авсан хоёрдагч этгээд нь тус улсын экс ерөнхий сайд Нажиб Разакийн дотны найз, Батлан хамгаалахын зөвлөх, улс төрийн шинжээч Абдул Разак Багинда гэгч юм. А.Р.Багинда болон хохирогч эмэгтэй хоёр амрагийн холбоотой байсан гэх мэдээллийг тус улсын хэвлэл мэдээлж байв.


 

zindaa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ