М.Энхболд явлаа, хэн ирэх вэ?
Хууль тогтоох байгууллага үндсэн үүргээ умартаад удлаа. Ард түмний мандат өвөртөлсөн эрхэм түшээд албан тушаал эрх ашгийн төлөө улайрсаар энэ удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусах нь. Уг нь ард түмэн эрх баригчдыг эмх цэгцнээс гарсан эдийн засгийг эмхэлж, айлаар бол чигч шулуун, эрх үүргээ хамгийн сайн ухамсарласан санхүүгийн сахилга баттай улс болгох итгэл хүлээлгэсэн. Тиймдээ ч итгэлийг зүтгэлээр хариулна хэмээн МАН мэдэгдэж байв.
Гэвч энэ амлалтаас ухарч хэдэн хэсэг талцаж, байгуулсан Засгийн газраа огцруулж, яг өнөөдрийн түвшинд хууль тогтоох байгууллагын даргыг огцруулж байна. М.Энхболдыг огцруулчихвал иргэдийн амьдрал сайжирч, улс орон маань өр зээлнээс салчих юм шиг аашиллаа. Бүр хоёронтоо жагсаал цуглаан зохион байгуулж, өдгөө Төв талбай дээрээ эгнүүлэн гэр барьж, УИХ-ын чуулган хуралдах бүрт цагаан хоолойгоор “Энхболд огцор” гэж хашгичих, зарлахын хооронд байсаар лав сар гаруй болов.
Үнэндээ улс төрд өрнөсөн сүүлийн хоёр сар гаруйн үйл явцаас хэн нь хэн бэ гэдэг нь алган дээр тавьсан юм шиг л ил байв. Ямар ч боловсролыг суурь хүмүүжил давж гарна гэж хаа нэгтээ сонсож байсан үг улам бүр батжих шиг. Мэдээж хүмүүжлийг дагаад ёс зүй, ёс суртахуун яригдана. Огт уулзаж үзээгүй, эчнээ танил бус хүнээ үзэн ядах, харааж зүхэх байдал олон нийтийн сүлжээнд хүчээ авсан. Яг л ийм явц сүүлийн саруудад өрнөлөө. Нэг ёсондоо хэнийг ч үзэн ядуулж болдог гэдгийг харуулсан үйл явц байлаа. Нэгэнт үзэн ядагдсан хууль тогтоох байгууллагын дарга өнөөдөр огцорчихлоо. Тэр багагүй хугацаанд тэсвэрлэж, зөвхөн хуулийн дагуу л ажлаа өгнө гэснийхээ дагуу ажлаа өгөв. Хэн хүнд баймгүй тэвчээр гаргаж, төрийн хүний жудаг заасныг энд онцлох ёстой. Тиймдээ ч “Ялагдал мэт ялалт байдгийг, ялалт мэт ялагдал байдгийг харлаа” гэсэн биз ээ. Учир нь, М.Энхболд МАН-ыг УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонхи болоход гол үүрэг гүйцэтгэсэн хүн. Хүссэн ч, эс хүссэн ч тэр гавьяа нь М.Энхболдод ногдох учиртай. Гэвч энэ гавьяа нь, сонгуулийн ялалт нь хувь хүндээ бол ялагдлаар дуусч байгаа нь өнөөдөр огцорсноор нь тодорхой харагдаж байна. Харин ялагдал мэт ялалт байдгийн тухайд өнөөдрөөс эхлэн түүнд тохож байсан бүх “ял” МАН-ын удирдлага руу, тэмцэгч гишүүд рүү шилжиж байна. М.Энхболд л УИХ-ын даргаас огцорчихвол энэ улс хөгжинө гэсэн амлалтаа, 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртэйгөө хамтад нь хэрэгжүүлэх хүндхэн үүрэг тэдэнд ногдож байгаа юм. Энэ ачааг үүрэх нэг хүн нь мэдээж УИХ-ын дараагийн дарга.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын дараагийн спикер хэн бэ гэдэг асуудал яригдана. М.Энхболд ажлаа өгөхөөс өмнө орныхоо хүнийг МАН-ын даргад санал болгосон ч дэмжлэг аваагүй гэх мэдээлэл бий. Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд ч хүн санал болгож, мөн л хүлээн зөвшөөрүүлж чадаагүй. Тиймээс намынхаа Удирдах зөвлөлд хоёр талаас нэр оруулж, нууц санал хураалтаар шийдэхээр болсон байна. Мэдээж үүнээс өмнө нэрсээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын дараагийн дарга Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Ж.Эрдэнэбат гээд маш олон нэр хөвөрч байна. Д.Лүндээжанцан, Ж.Эрдэнэбат хоёр бол үндсэндээ өрсөлдөөнөөс хасагдсан гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд 1950-иад оныхныг дарга болгохоо болъё, залуусаа дэмжье гэх санал ч гарч иржээ.
Яг үнэндээ хоёр талцаад байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн 27-гийн талаас УИХ-ын дарга хийчихээр кандитат тун цөөн харагдаж байх. Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг Ерөнхий сайд зөвшөөрөөгүй. Парламентад 2-3 сонгогдсон дээрээс нь эмэгтэйчүүдийн төлөөлөл яагаад байж болохгүй гэж Д.Оюунхоролыг зүтгүүлэх сонирхол ч бий аж. Мөн Ц.Мөнх-Оргилын хувьд байж болох хувилбар. Түүнийг долдугаар сарын 1-нтэй холбоно гэдгээс бага зэрэг эмээсэн байдалтай байгаа гэх.
Харин 33-ын төлөөлөлд УИХ-ын дарга болох сонирхолтой хүн олон буй аж. Гэхдээ мөн л шалгуурт нийцэх нь ховор, жишээ нь Ө.Энхтүвшин гишүүн гэхэд ямар ч дэмжлэггүй. Ц.Нямдорж гишүүний хувьд Ерөнхийлөгчөөс дэмжлэг авахад хэцүү. Ямар боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүх сая нэр дурдагдсан хоёр гишүүнтэй тусад нь уулзаж, спикерт зүтгүүлнэ гэдгээ хэлжээ.
УИХ-ын дарга байж болох дараагийн кандитат бол Сү.Батболд гишүүн. Үүнтэй зэрэгцээд жил гаруй хугацаанд УИХ-ыг залуу хүн удирдаж болох юм гэх санал ч МАН дотроос гарч байгаа аж. “Залуу” гэдэг тодотголд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэр явж буй гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан байна. Тэр нь түүнийг спикерт зүтгүүлж, Л.Оюун-Эрдэнэ оронд нь ЗГХЭГ-ын даргаар очих нь гэсэн мэдээлэл юм. Түүнчлэн М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах ажиллагаанд оройлон оролцсон Ж.Батзандан гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын нэгийг л УИХ-ын дарга болгомоор байна гэж ярьсан. Нөгөөдүүл нь ч бас шууд татгалзчихгүй байгаа гэх юм билээ.
Ямар боловч энэ мэтээр УИХ-ын дараагийн даргын нэрс хөвөрч байна. Намрын чуулганы төгсгөлд парламент шинэ даргатай болохоор төлөвлөсөн. Тэгэхээр шинэ даргыг сонгох асуудлыг ирэх пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх мэдээлэл байгаа юм.
eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ