Генийн өөрчлөлттэй сармагчнуудыг хувилжээ

БНХАУ-ын эрдэмтэд биоанагаахын судалгааны зорилгоор хоногийн хэмнэлийн эмгэгтэй генийн өөрчлөлтөд оруулсан Макаки төрлийн сармагчнаас таван сармагчныг хувилан гаргасан байна. Энэ тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт мэдээлэв.


Мөн БНХАУ-ын англи хэлээр гардаг томоохон сэтгүүл болох “National Science Review”-д энэхүү эрдэм шинжилгээний ажлын талаар хоёр нийтлэл гарсан байна. Хувилсан сармагчнууд Шанхай хот дахь Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Неврологийн институтид төржээ.


Хоногийн хэмнэлийн эмгэг нь хүн төрөлхтөний маш олон өвчинтэй холбоотой байдаг ажээ. Үүнд нойргүйдэл, сэтгэл гутрал, чихрийн шижин, хорт хавдар болон “Альцгеймер” зэрэг мэдрэлийн өвчин багтдаг байна.


Урьд нь энэ төрлийн өвчний судалгааны ажилд хулгана, ялаа зэрэг амьтдыг өргөн ашигладаг байсан боловч эдгээр амьтны үйл ажиллагааны хэв маяг, тархины бүтэц, бодисын солилцооны түвшин зэрэг нь хүн төрөлхтөнөөс ихээхэн ялгаатай тул тохиромжгүй байжээ.


Харин хувилсан сармагчнуудын хувьд хүний биеийн бүтэцтэй төстэй нь эмгэг судлал болон эмчилгээний салбарын судалгаанд ихээхэн хувь нэмрээ оруулах ажээ.


Неврологийн институтийн захирал Мумин Погийн мэдээлснээр, судалгааны багийн мэргэжилтнүүд цаашид тархины өвчинтэй сармагчнуудыг хувилан гаргахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр, сармагчны өвчинд эм хэрхэн нөлөөлж буйг турших ажээ.


Туршилтын улмаас амьтдын тоо толгой буурахаас сэргийлэх зорилгоор сармагчнуудыг хувилан төрүүлж байгаа ба энэ нь эм тариа хөгжүүлэх салбарын зардлыг бууруулах юм байна. 

montsame.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ