ХЭРГИЙН ГАЗАР: Хамтдаа үсэрч амиа алдаагүй, хүзүүнд нь хутгалаад цонхоор шидсэн байжээ
ТАВАН ДАВХРЫН ТАГНЫ ЦОНХЫГ ХАГАЛАН ШИДСЭН БАЙНА-
Өндрөөс унаж амиа алдсан гэх мэдээллийн цаана маш олон нууц нуугдсаар байдаг. Олон давхар орон сууцны дээвэр дээрээс унасан, өөрийн амьдардаг байрны цонхноос үсэрсэн зэрэг тохиолдлууд нь амиа хорлолт уу? эсвэл хэн нэгэн санаатай түлхэж амь насыг нь хохироосон уу?, амиа хорлохоос өөр аргагүй байдалд хүргэсэн үү? гэх асуултад хариулт хайсаар байгаа хэргүүд маш олон. Уг хэргүүдийн цаана гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтууралт, бэлгийн дарамт, сэтгэл санааны дарамт шахалт, үл ойлголцол, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэнэтийн шийдвэр гаргаж үсэрч амиа хорлох тохиолдол бий.
Өчигдөр буюу энэ сарын 22-ны эрэгтэй эмэгтэй хоёр хүн таван давхар орон сууцнаас унаж нас барсан хэрэг гарав. Уг хэргийг хамтдаа үсэрч амиа алдсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байсан хэдий ч үнэндээ хүн амины хэрэг үйлдэгджээ. Тодруулбал, тус байранд хамтран амьдарч байсан хайр сэтгэлийн холбоотой 22 настай эрэгтэй М, 17 настай эмэгтэй Э нар энэ сарын 22-ны өдөр хоёулаа нас барсан. Учир нь эрэгтэй 22 настай М нь хувийн таарамжгүй харилцаанаас болж эмэгтэй 17 настай Э–г хүзүүн тус газарт хутгалж, тагтны цонхыг хагалан шидсэн байна. Улмаар эрэгтэй М нь тагтны цонхоор дамжин дээвэр лүү гарч үсэрсэн гэх мэдээлийг хэргийн газарт байсан эх сурвалж мэдээлэв.
Манай сурвалжлах баг хэргийн газарт 14 цаг орчимд очлоо. Тус хэрэг гарсан газар Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны таван давхар саарал 18-р байр. Байрны гадна хүн цөөн алхах хэдий ч энгийн хувцастай цагдаа нар тэмдэглэл бичиж байгаатай таарсан юм. Харин цогцосыг аль хэдийн авч явсан байлаа.
Тус байрны хойд талд очиход газарт шар өвсөн дээр их хэмжээний цус байх бөгөөд цонхны хагарсан шил унасан байв. Таван давхар дээш харвал вакум бүрхүүлтэй тагтны цонх бүхэлдээ хагарч улмаар цонхны рам эргэн тойрон цусны толбо болсон харагдаж байлаа. Хагарсан цонхны цааш лавшруулан харваас, тагт руу гарсан хаалга онгорхой хэвээр байсан юм. Дотор нь шинжээчид ажиллаж байгаа аж. Шинжээчид хэргийн газраас эд зүйлийг нь нотлох баримтаар хураан авч гарч байгаа нь ч харагдаж байв.
Хамгийн хачирхалтай нь хэрэг гарсан цаг нь өглөөний 9:30 цаг орчимд болсон гэх. Хүн бүр ажилдаа гарч, шинэ өглөө эхэлж байхад хэн нэгний толгойд хүний амь бүрэлгээд өөрөө өндрөөс үсрэх бодол төрсөн гэхэд итгэхэд бэрх аж.
-НЭГ ЭРЭГТЭЙ ХҮН ТАГНЫ ЦОНХ ДАМЖИН ДЭЭВЭР ЛҮҮ ГАРЧ БАЙХЫГ ХАРСАН ГЭВ-
Орон сууцны иргэдийн хэлж байгаагаар нэг эрэгтэй хүн тагтны цонх дамжин дээвэр лүү гарч байхыг хүн харсан. “Хүн үсэрчихлээ” хэмээн хүн орилох сонсогдсон. Гэтэл удалгүй түргэний тэрэг ирсэн. Юу болсныг очиж харахаас айгаад очиж ч зүрхлээгүй хэмээн иргэд халаглан ярьж байлаа. Түүнчлэн зэргэлдээх хөршийн мэдээлж буйгаар, 34-р тоотод хэн оршин суудаг нь тодорхойгүй. Ер нь тааралдаж царайг нь харж байсан удаа байхгүй. Хаалгыг нь тогшиж юм лавлах гэхээр тайлдаггүй. Хүн байдаггүй юм уу. Үгүй бол тайлж өгдөггүй юм уу мэдэхгүй. Өглөө ямар нэгэн чимээ гараагүй. Гэнэт л цагдаа сэргийлэх болоод байхаар нь асуутал хоёр хүн үсэрч нас барсан гэж байсан гэв.
Хэргийн газарт Тохижилт үйлчилгээний албаныхан цэвэрлэгээ хийж байх үеэр юу болсон талаар лавлавал, “Тэд хүн үхсэн гэсэн бид мэдэхгүй байна” хэмээлээ. Байрны хажууд цагдаагийн болон шүүх эмнэлгийн машин зогссон байв. Харин орцны үүдээр иргэдээс мэдээлэл авахаар лавлаж зогсоход уйлсан эмэгтэй ухаангүй шахам гүйсээр оров.
Хамтран амьдрагчийнхаа аминд хүрч өөрөө өндрөөс үсэрсэн гэх талийгаач эрэгтэй 22 настай М нь түргэний тэргээр ГССҮТ-рүү хүргэгдэж очоод эмчилгээ авч амжилгүй амьсгал хураасан бол 17 настай Э нь газар дээрээ нас барсан байна.
-АНХ ДУУДЛАГА ИРЭХДЭЭ “ЭМЭГТЭЙ ЭРЭГТЭЙ ХҮМҮҮС ХӨТЛӨЛЦӨӨД ҮСЭРСЭН” ГЭЖЭЭ-
Албанаас өгсөн мэдээллээр, 09.30 цагт “Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны 18 дугаар байрны дээвэр дээрээс эрэгтэй, эмэгтэй хүн унаж амь насаа алдсан. “Эрэгтэй эмэгтэй залуухан хүмүүс хөтлөлцөөд үсэрч амиа алдсан” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ. Хэргийн газарт очиход тус байранд оршин суудаг байсан хоёр иргэн таван давхраас унаж улмаар эмэгтэй газар дээрээ нас барсан байсан. Харин эрэгтэй түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэгдсэн даруй амьсгал хураасан гэсэн харамсалтай мэдээлэл байна.
Дээрх онц ноцтой хүн амины хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг илрүүлэхээр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж эхэлсэн” гэлээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г. БАЗАРРАГЧАА
medee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ