С.Паушок: Ганболд Монголд авлигын тогтолцоог хөгжүүлсэн хүн
“Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулсан ОХУ-ын иргэн Сергей Викторович Паушокийн ярилцлагыг хүргэж байна.
-Монголын хэвлэлүүдээр таны тухай нийтлэл маш их гарсан байна?
-Тийм ээ. Түүх давтагдаж байна.
-Та жирийн иргэдэд танил болж эхэлж байх шиг байна?
-Би Ганболдтой өрсөлдөх арай ч болоогүй байх л даа.
-Тэр телевизийн хоёр нэвтрүүлэгт оролцсоноос хойш ардын баатрын дүр төрхтэй болоод байгаа.
-Тэр тиймэрхүү дүрээ өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хүмүүсийг хуурахад ашиглах байх даа. Тэр их онцгой хүн.
-Мөн иргэдийн дунд шударга ёсны төлөө тэмцэгчийн дүр төрхөөр танигдаж эхлээд байгаа?
-Түүнийг одоогоор ямар бодолтой байгааг мэдэхгүй байна. Ямартай ч тэр олонд танигдсан байдлаа өөрт ашигтайгаар эргүүлж байна. Одоогоор олны дунд шударга ёсны тэмцэгч гэдэг дүрээр танигдсан байх. Би танд нэгэн түүх яръя.
-За. Ямар түүх эхлэх билээ?
-Түүнийг “Ямар хүн бэ гэдгийг нь тодруулах”, мөн түүний үйл хэрэг хаашаа чиглэх гэдэг талаар л даа.
2011 онд “Рекат” компанитай хийсэн миний хэлэлцээр бүтэлгүйтсний дараа ноён Ганболд миний компанийг 23 сая ам.доллараар худалдаж авахаар над дээр ирсэн. Наймааг 3 хувааж хийсэн. Эхний хэсэг нь миний авсан 18 сая ам.доллар, хоёр дахь нь 5 сард “Рекат”-аас урьдчилгаанд төлөгдсөн 3 сая ам.доллар.
Баатар бид хоёр олон дахин гадаад гүйлгээний шилжүүлэг хийхгүйгээр тохирч Баатар над руу захиа илгээсэн. Захиан дээр “Рекат”-аас урьдчилгаанд төлсөн төлбөрөөр Ганболдын төлбөрт тооцож, уг мөнгөө Ганболдоос авна гэж тохирсон байсан. Өнөөдрийн байдлаар Ноён Ганболд нийт үнийн дүнг 18 сая гэж яриад байгаа гэдгийг сонссон. Энэ мөнгийг ерөнхий прокурор асан Дорлигжавт өгсөн авлига гэж яриад байгаа. Энэ бол худлаа.
Монголын хууль хяналтын байгууллагад танилцуулах зорилгоор бүх холбогдох бичиг баримтыг бид нотариатаар баталгаажуулаад өмгөөлөгчид явуулсан байгаа.
Ноён Ганболд өөрийнхөө энэ тоглоомонд улсаа, хууль хяналтын байгууллагуудыг татаад оруулчихсан байгаа. Тэгээд ч зогсохгүй Ноён Ганболд энэ тоглоомдоо АНУ-ыг мөн татан оруулсан. Нью-Йоркод би “Газпром” банк болон “Бат бродерс” компанийн эсрэг шүүхийн маргаанд оролцож байгаа. Уг маргааны хүрээнд энэ бүх асуудал нь Монголын хууль, эрх зүйн орчноос хальж гараад байна. Өмнөх болон одоогийн бүх асуудал Нью-Йоркод холбогдон яригдах болно. Иймээс хуулийн байгууллагуудын бүх үйлдэл, алдаанууд татварын болон бусад бүх асуудлууд Нью-Йоркийн Дээд шүүхэд шалгагдана. Ганболдын залилан хийсэн хууран мэхэлсэн бүх баримтууд байгаа. Өөрт байгаа бодит бүх мэдээллийг Нью-Йоркийн Дээд шүүхэд явуулсан байгаа.
-Та Нью-Йоркийн Дээд шүүх рүү явуулсан бүх баримтуудаа Монголын хуулийн байгууллагад өгсөн үү?
-Бид Монголын хууль сахиулах байгууллагууд руу Ганболдын болон хамтрагчдынх нь хууль бус үйлдлийн талаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг хэдэн удаа өгсөн.
Ганболд “Монголын хууль сахиулах байгууллагууд миний нөлөөнд байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэх хаах эсэхийг би мэднэ” гэж хэлж байсныг бид баримтжуулсан байгаа.
Миний гомдлуудыг Монголын хууль сахиулах байгууллагууд хүлээж авахгүй байгаа. Үүнээс үзэхэд Ганболд Монголын прокурорын газрыг хүссэнээрээ хөдөлгөдөг юм байна гэж ойлгосон.
Бид энэ талаар түүний яриаг баримтжуулаад Нью-Йорк руу явуулсан байгаа. Дорлигжавт Ганболд авлига өөр байдлаар өгдөг байсан эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ одоо яригдаад байгаа мөнгө нь “Рекат”-д буцааж өгсөн миний мөнгө. Ганболд монголын прокурорын байгууллагатай санхүүгийн холбоотой гэж ярьж байсныг баримтжуулсан гэж хэлсэн.
Тиймээс Монголд маргааныг шударга шийдүүлнэ гэдэг эргэлзээтэй. Надад маргааныг Нью-Йоркийн мужийн шүүх эсвэл АНУ-ын холбооны шүүхээр шийдүүлэх боломж байгаа юм. Тэд монголын төрийн байгууллагуудад бодит мэдээлэл өгөөгүйгээс гадна Нью-Йоркийн шүүхэд ч бас худал мэдээлэл өгч байгаа. Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яаман дээр ирж тангараг өргөж, мэдүүлэг өгөхдөө худал мэдээлэл өгсөн болохыг би тогтоосон. Энэ талаар би өөрийн гомдолдоо оруулсан байгаа. Миний шүүхэд гаргасан гомдол хоёр хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, Ганболд болон түүний хамсаатнуудын луйврын үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулах, хоёрдугаарт, Ганболд нь прокурорт авлига өгөхдөө ам.доллараар өгсөн гэж мэдэгдээд байгаа нь АНУ-ын Хууль зүйн яамаар шалгагдажх нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэхээр АНУ-ын хуулиар шийдэгдэх боломж гарч ирж байгаа юм. Мөн Ганболд, “Газпром” банкны хамтаар АНУ-ын шүүх рүү эхэлж хандсан нь Монголын хуулиар шийдэгдэх асуудлыг АНУ-ын шүүхээр шийдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь прокурор, АТГ болон бусад хуулийн байгууллагад нэг талаараа маш том тус болсон. Монголд л шударга байдлыг тогтоолгоно гэж бодож байвал эндүүрэл.
-Ганболд, Дорлигжавд ам.доллараар авлига өгсөн гэж ярьж байгаа нь АНУ-д хэрэг үүсгэх нөхцөл бүрдсэн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Америк доллараар хийгдсэн гэмт хэрэг учир АНУ-д эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл бүрдэж байгаа юм. Дорлигжавыг саатуулсан байна. Тэр нь авлига эсэхийг нотлоогүй байгаа. Гэхдээ мөрдөн шалгах үйл ажиллагаа эхэлчихлээ. Ер нь Ганболд Монголд авлигын тогтолцоог хөгжүүлсэн хүн. Тиймээс дотооддоо учраа олж чадахгүй бол гадаадын хуулийн байгууллагаас туслалцаа авсан нь дээр. Гандболдод Эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахыг би хүсч байна. Бидэнд нотлох баримт хангалттай бий. Монголын хуулийн байгууллагад нотлох баримтаа өгөхөд бэлэн. Гэхдээ Монголын хуулийн байгууллага үүнийг хүсэхгүй байгаа.
-Надад танаас асуух хэдэн зүйл байна?
-Тэгэлгүй яахав.
-Та “Алтан Дорнод Монгол” компанийг бүх хөрөнгөтэй нь Ганболдод 23 сая ам.доллароор зарсан гэдэг үнэн үү. Гэрээн дээр тэгж байсныг би харсан юм?
-Тийм ээ. Үнэн. Үүний талаар дэлгэрэнгүй ярья. Ганболд “Алтан Дорнод Монгол”-ыг хууль бусаар өмчилж байгаа юм.
-Та үүнийг тодруулаад тайлбарлахгүй юу?
-Нотлох баримт надад байгаа. Ганболд надаас компани худалдаж авсныхаа дараа “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн 71 хувийг эзэмшиж байсан Оросын “Алтан Дорнод” компанийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй байгаа юм.
Мөн “Яхтон” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй. 12 мянган ам.долларын төлбөрөө төлөөгүй. “Яхтон” ХХК нь “Алтан Дорнод Монгол”-ын найман хувийг эзэмшиж байсан. Нийлүүлээд бодоход 79 хувь болж байна. Ганболд өөрийн эзэмшлийн биш компанийнхаа өмнөөс яагаад яриад байгаа юм бэ.
-Ноён Ганболд та хоёрын хооронд байгуулсан гэрээг харсан. Түүн дээр таныг “Алтан Дорнод Монгол”-ын эзэн гэж байсан...?
-Би маргаагүй л дээ. Би ноён Ганболдод зарсан. Ноён Ганболд хэт яаруу хандсан. Тиймээс бүртгэлийг буруу, хууль бус аргаар хийсэн болохыг би хожим олж мэдсэн. Ганболдод компанийн бүх өр шилжсэн. Түүнд татварын өр, цалин, банкууд, бусад этгээдүүдийн өмнө хүлээсэн өр байсан..
-Нийт өрийн дүн нь хэд байсан юм бэ?
-100 гаруй сая ам.доллар.
-Төр болон банкуудад уу?
- Яг зөв. Тэр 300 сая гэж яриад байгаа. Энэ толгой эргэм том тоо шүү дээ. Тэр үлгэрт гардаг мэт хүрч ирээд 300 сая ам.долларын өрийг төлсөн гэж яриад байгаа юм. Би дахиад нэг зүйл хэлье. Тэр компанийн эзэн болсныхоо дараа хэн нэгний өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэхгүй байхын тулд өөрийнхөө эзэмшлийн өөр компани руу тэр дор нь шилжүүлээд анх худалдаж авсан компаниа татан буулгасан байсан. Шүүж үзвэл анхны худалдаж авсан компани нь долоон хоногийн дараа татан буугдсан байгаа.
-Банкууд болон татварын алба “Алтан Дорнод” компанитай хамт бүх өр нь ноён Ганболд руу шилжсэнийг мэдэж байсан уу?
-Та ойлгож байгаа байх, би Монголд бизнес эрхлэх ямар ч боломжгүй болсон тул өөрийн хүлээсэн үүргээ тэдний өмнө биелүүлэх боломж мөн байхгүй. Тиймээс шинэ эзэнд бүх өрийг хамт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгээд “Рекат”-тай хийсэн анхны тохиролцоо болон ноён Ганболдтой хийсэн гэрээний нэг зайлшгүй нөхцөл бол бүх өр тэдэнд шилжих, тэд өрийг төлж барагдуулах нөхцөл байсан. Гэтэл ноён Ганболд долоон хоногийн дотор өөр компанидаа шилжүүлж яг худалдаж авсан компаниа татан буулгасан. Монгол руу шал өөр шинэ компани хүрээд ирсэн.
-“Газпром” банкин дээр ямар хүндрэл танд учирсан юм бэ. Та яагаад Нью-Йоркын шүүхэд хандах болов?
-“Газпром” банк “Коммерсантъ”-д өгсөн ярилцлагандаа тэдний өрийг худалдан авагч нь Ганболд байсан гэдгийг дурдсан. Өөрөөр хэлбэл “Газпром” банк нь барьцаат зээлийн хөрөнгөө Ганболдын хамаарал бүхий “Бат бродерс” компанид зарсан. Гандболдтой хуйвалдаад Ганболдод шилжүүлсэн зарсан гэсэн үг. Ингэснээр Ганболд нь нэгэн зэрэг өөрөө зээлдүүлэг, зээлдэгч болсон. Би “Газпром” банкны зээлийн батлан даагч нь байсан юм. Тиймээс энэ бол бас л залилан. Нэг хүн өөрөө зээлдэгч болон зээлдүүлэгч байж болохгүй. “Газпром” банк “Коммерсантъ”-д өгсөн ярилцлагандаа Ганболд худалдан авагч байсныг мэдэж байсан ч гэсэн түүнд зарсан гэж дурдсан байдаг. Түүний дараа тэд Ганболдтой хуйвалдаад тэр мөнгийг ОХУ-д болон АНУ-д батлан даалтын дагуу надаас дахин нэхэж эхэлсэн. Гэхдээ “Газпром” банк бол зээлдүүлэгч биш болсон. Яагаад гэвэл миний өрийг зарсан. “Бат бродерс”, “Алтан Дорнод” Монголын тайланд миний өрний талаар ямар ч бүртгэл байхгүй. Тэр хоёр байгууллага АНУ-ын шүүхийг хуураад надаас мөнгө нэхээд эхэлсэн. Үүнийг бол залилан гэдэг юм. Бид Нью-Йоркын шүүхэд “Бат бродерс” болон “Алтан Дорнод”-ын санхүүгийн тайлан, залилангийн талаар бусад олон тооны нотлох баримтыг хүлээлгэн өгсөн.
-“Газпром” банкинд таныг өртэй гэсэн Москвагийн нэг дүүргийн шүүхийн талаар та тайлбарлана уу. Эсвэл Орост бас шүүхийн шийдвэрүүд нь... Тодруулбал?
-Москвагийн Черемущенский дүүргийн шүүхэд “Газпром” банк хандсан. “Газпром” банк нь шүүхэд өөрт байсан бүрэн мэдээллээ өгөөгүй. Энэ нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, “Газпром” банк намайг хариуцагч гэдгийг надад мэдэгдээгүй. Шүүхийн хуралдаанд би ч оролцоогүй. Миний өмгөөлөгч ч оролцоогүй. Шүүхийн шийдвэр нь учир дутагдалтай гарсан. АНУ-д шүүхийн зарланг заавал гарт хүлээлгэж өгдөг. Тэгээд хүлээж авснаа гарын үсгээр баталгаажуулдаг. Надад шүүхийн зарланг шуудангаар явуулсан байсан. Би шүүх хуралдаан болох өдрийн 10.00 цагт захиаг нь авсан. Шүүх хурал 11.00 цагт болсон. Яаж Москвад нэг цагийн дотор шүүхийн хуралдаанд очих вэ. Бид Арбитрийн шүүхийн, давж заалдсан Москвагийн шүүхийн мэдээллийн баримтуудыг АНУ-д өгсөн шүүхийн нэхэмжлэхдээ хавсаргасан. Үүний талаар би ямар нэг юм ярихгүй. Шүүх үүнийг ярих биз. Тэр бүх хэргийг орчуулаад, нотариатаар батлуудаад илгээсэн. Арбитр болон Москвагийн Черемущенский шүүхийн процесс яаж явагдсан талаарх мэдээллийг явуулсан.
-Дахиад нэг асуулт асууя. Танд Монголын төр, компанийн өмнө ямар нэгэн өр байгаа юу?
-Ноён Паушокт Монголын төрд ямар нэгэн өр байхгүй. Яагаад гэвэл, би хувь хүнийхээ хувьд Монголын төртэй ямар нэгэн асуудлаар харьцаж байгаагүй. Хоёрдугаарт, Монголын хувийн компанитай хувиараа бас харьцаж байгаагүй. Тэгэхээр бас өргүй. Харин нэг асуудал үлдсэн байгаа. Тэр нь Төв банкинд хадгалуулсан алттай холбоотой асуудал. Яагаад гэвэл, өмнө хийсэн маргааны хүрээнд шаардах эрх бүхий этгээд нь зөвхөн ноён Паушок үлдээд байгаа. Гаагийн арбитр дээр ОХУ-ын хуулийн этгээдүүд болох ЗАО “Золотой восток”, ЗАО “Восток нефтегаз” оролцож байсан ч тэдгээр компаниуд татан буугдсан. Тэгэхээр би ганцаараа үлдсэн. Шийдэх нэг асуудал нь энэ. Гэхдээ төр бол долоон жилийн хугацаанд надтай ямарваа нэгэн хэлэлцээрт ороогүй учир Гааг дах процесыг бид сэргээж байна.
-Та “Алтан Доронд Монгол”-ыг 100 сая ам.долларын өртэй нь хамт зарсан гэсэн үг үү?
-Тийм ээ.
Түүнд бол банк, татвар, нийлүүлэгч, цалингийн өр орсон. Яг аль нь хэд гэдгийг би яг одоо бол нарийн хэлж мэдэхгүй байна. Тэрийг хуульч нараасаа асуух хэрэгтэй байх.
Бүх өрийн бүртгэлийг бид анхнаасаа Ганболдод шилжүүлсэн. Наймаа хийхийн өмнө сарын хугацаанд Ганболд аудитын шалгалт оруулсан. Энэ шалтгалтын дараа ноён Ганболд худалдаж авах шийдвэрээ гаргасан. Бүх өрийг хүлээж байгаагаа илэрхийлээд, бүгдийг нь баталгаажуулж гарын үсэг зурсан. Тодорхой үнийн дүнгээр компанийг худалдаж аваад, бүх өрийг барагдуулах үүрэгтэй болж байгаагаа эхнээсээ мэдэж байсан.
Түүнээс тэр цалингийн өрөө бүрэн барагдуулаагүй. Ажилчдын 95 хувь нь цалингаа аваагүй. Зөвхөн өөр дээрээ ажиллахаар үлдсэн хүмүүсийн цалинг л өгсөн. “Газпром” банкны өрийг төлөөгүй. Татварын өрөнд бодит байдлаас хэд дахин үнэтэй үнэлсэн хөрөнгийг шилжүүлсэн. Нийлүүлэгч нартай бол ямарваа нэгэн тооцоо хийгээгүй. Заримтай нь би одоо хүртэл утсаар холбогддог. Ямар ч мөнгө төлөөгүй гэдгийг надад хэлдэг. Миний зээлийн жагсаалтад байгаа хүмүүсийн өрийг бодож үзвэл, Ганболдын төлсөн гээд байгаа 300 сая ам.долларын өрийг хэн ч аваагүй байгаа. Бидний мэдэж байгаагаар гурван жилийн хугацаанд Батзориг болон өөрийн эхнэр, дүүтэйгээ янз бүрийн банкны янз бүрийн данснаас 28 сая ам.доллар гаргаж авсан.
-Та Ганболдын санхүүгийн нөхцөл байдлын талаар нарийн мэдээлэлтэй байна шүү?
-Тийм ээ. Бидэнд нарийн мэдээлэл байгаа. Нарийн мэдээлэл Оросоос өөр АНУ-д байгаа. Үүнийг яаж авчив гээд Ганболд эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулах гэж оролдох л байх. Гэхдээ Паушок бүх мэдээллийг хуулийн хүрээнд авсан.
-Миний мэдэхээр танд хэд хэдэн удаа эрүүгийн хэрэг үүсч байсан. Яг одоо Монголд танд эрүүгийн хэрэг үүссэн байгаа юу?
-Засгийн газар намайг Арбитрын шүүхээс болоод эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Ганболд бол дураараа эрүүгийн хэрэг үүсгэж хаадаг. Ганболд эрүүгийн хэргийг тоглоом шиг л үүсгэж хаадаг.Дорлигжавыг ч тэр эрүүгийн хэрэгт татаж чадаж байна.
“Алтан Дорнод”-той холбоотой надад эрүүгийн хэрэг үүсгэх боломж түүнд байхгүй. Яагаад гэвэл одоо болтол “Алтан Дорнод”-ын эзэн би байгаа. Би хуулийн энэ нарийн асуудлуудыг ярихаас гадна ямар ч хамаагүй хүн нэхэмжлэл гаргаж болдог юм уу. Одоо байгаа гүйцэтгэх захирал Идэр ямарваа нэгэн юманд гарын үсэг зурах эрхгүй. Би түүнийг томилоогүй.
-Энэ зүйлсийг та Монголын хуулийн байгууллагад өгсөн үү?
-Одоогоор өгөөгүй байгаа. Прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэхгүй байна. Хэрэв үүсгэвэл би өөрт байгаа материалаа тэр дор нь хүлээлгэж өгнө. Тэд үүсгэхгүй байгаа учраас бид тэдний өөрсдийнх нь очсон өөр газар очихоос өөр аргагүй. Энд би АНУ-ын тухай ярьж байна л даа. Анх АНУ-ын хуульд “Газпром” банк хандсан. Дараа нь “Бат бродерс” нэмэгдсэн. Би өөрийгөө хамгаалах гэж тийшээ очсон. Өөрийгөө хамгаалах хангалттай их материал надад бий. Нэг нь иргэний хэрэг. Хоёр дахь нь эрүүгийн хэрэг үүсэхэд шаардлагатай материал.
-Та Монголын шүүхэд “Алтан Дорнод”-ын эзэн гэдгээ баталгаажуулаад, өөрийн эзэмшлээ сэргээх талаар бодсон уу?
-Бид түүнийг эрүүгийн хэрэг үүсгэх замаар л оролдоно доо. Яагаад гэвэл, Монголын хуулиар бол хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үүсгэх боломж бий. Өнгөрсөн оны наймдугаар сард л би үүнийг мэдсэн. Миний хувийн дампуурлыг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч надад энэ талаарх мэдээллийг өгсөн. Бүх асуудал Эрүүгийн хуулиар шийдэгдэх болсон байгаа учраас Эрүүгийн хэрэг нээгдвэл бид тэр дор нь Монгол руу очиж Захиргааны шүүхэд хандана. Тэгээд Ганболд “Алтан Дорнод”-ын эзэн гэж бүртгэсэн талаарх гомдол гаргана. Гол нь Ганболд ОХУ-д бүх юмыг сэргээх боломжгүй болсон. Компаниуд нь татан буугдсан.
-Та Монголд бизнесээ яаж эхэлсэн юм бэ?
-1997 онд эхэлсэн. “Алмазъ САХА” компанитай холбоотойгоор эхэлсэн. 1997 онд Монголд ажиллаж байсан компанид би зөвлөх байсан юм. 1997 оны зургадугаар сард би анх Монголд очсон. Тэр үед манай дарга байсан Игошин гэдэг хүн бий. 1974, 1975 онд Монголд ажиллаж байсан. Алтан гадас одон авсан гадаадын хүний нэг нь миний дарга байсан юм. Анхны драгыг угсарч байсан. Монголын геологийн нөхцөл байдлын талаар сайн мэдээлэлтэй байсан учир Монголд бизнес эрхлэх шийдвэр гарсан.
-Би Оросын “Форбес” сэтгүүлд нийтлэгдсэн Жегуловын нийтлэлийг уншиж байсан. Түүн дээр таныг Ерөнхий асан Фрадков, Дерифаскатай нефть боловсруулах үйлдвэрийн талаар маргалдсан гэж уншиж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тэр Монголд болсон үйл явдал юм. Тэр уулзалтан дээр Монголын олон бизнес эрхлэгчид байсан. Тухайн үеийн Монголын Ерөнхий сайд ч байсан. Тэр талаар Монголын хэвлэл мэдээллээр дэлгэрэнгүй бичигдэж байсан. Орост ч бас. Тэр шууд маргаан биш л дээ.
Ноён Фрадков нөхцөл байдлыг гүйцэд ойлгоогүйгээр надад анхааруулга өгсөн. Анхааруулга өгөхөд нь би Монголын нефть боловсруулах үйлдвэрлэлд ашиглах түүхий эдийг хангасан гэж тайлбарласан. Тэгтэл “Эхлээд түүхий нефтийн асуудлаа шийдчээд дараа нь боловсруулах үйлдвэрээ бариарай” гэж хэлсэн. Би тэр үед түүхий эдийн асуудлаа шийдчихээд нефть боловсруулах үйлдвэрээ бариад эхэлсэн байсан. Монголчууд бүгд мэдэж байгаа. 2007 онд бид ажилчдын тосгоноо бариад дууссан байсан. Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн бичиг баримтууд бэлэн болсон байсан. Түүхий эдээ Орос болон Саудын Арабаас авахаар тохирсон. “Сино ойл”-той гэрээ байгуулсан байсан. Оросоос түүхий эд авах асуудал гарвал Хөх хот хүртэл нефть дамжууулах хоолойгоор аваад Хөх хотоос Монгол руу тээвэрлэх байсан юм. Хэрэв Засгийн газар татварын бодлогоороо оролцоогүй байсан бол 2010 онд үйлдвэр ажиллаад эхэлчих байсан. Улаанбаатар хотын экологийн асуудал шийдэгдэх байсан. Яагаад гэвэл бид үйлдвэр дээрээ пропан-бутан газ гаргахаар төлөвлөж байв. Улаанбаатрын утааны асуудал бас бүрэн шийдэгдэх байлаа. Бидний тооцоолсноор үйлдвэр баригдсан бол Улаанбаатрын утааны асуудал шийдэгдэхээс гадна 2030 он хүртэл Монголын эдийн засгийн хөгжилд шаардагдах шатахууныг өгөх байсан. Үйлдвэр бол шууд евро-5 шатахуун үйлдвэрлэх байсан.
1500 ажлын байр бий болгож, жилд доод тал нь 100 сая ам.долларын татвар төлөх байсан. Үйлдвэр экологийн асуудлыг бүрэн шийдэх боломж бүрдүүлэх байсан. Одоо 2019 он болж байна. Энэ асуудал одоо ч шийдэгдээгүй л байна.
-Та АПУ-д хувь эзэмшиж байсан уу?
-Үгүй үгүй.
-Үгүй гэж үү?
-Үгүй үгүй. Би байгаагүй. Би нефть боловсруулах үйлдвэрлэл, уул уурхайн хайгуул, олборлолттой л холбоотой байсан. Зам барих, барилга барих зэрэгт би оролцож байгаагүй. Төсвийн юмнуудад бид бүр оролцож байгаагүй. Аймаг, суманд хийд, цэцэрлэг барьсан. Гэхдээ тэр нь төсөвтэй холбоогүй. Бидний өөрсдийн санаачилж, хүмүүнлэгийн үүднээс барьсан зүйлс.
-Заамарт их олон нинжа байсан. Тэднийг та машин дээр ачаад, олборлодог талбайгаасаа хол аваачсан. Тэгснээр нийгмийн танд хандах хандлага сөргөөр өөрчлөгдсөн.
-Би өөрийнхөө хувийн өмчийг л хамгаалсан. Алт олборлох өөрийн өмчөө хамгаалсан юм. Компанийн тооцоогоор тэр үед 350 кг алт алдагдсан байсан. Бид банктай төлбөр хийх хэрэгтэй байсан. Цалингаа тавих хэрэгтэй байсан. Ханган нийлүүлэгч нарт төлбөр хийх байсан. Гэтэл ажлыг нь бид хийгээд ашгийг нь нинжа нар хүртээд байсан. Тиймээс бид хуулийн хүрээнд асуудлыг шийдэх гэж оролдсон. Бид бүх түвшний байгууллагууд руу хандаж байсан. Парламент руу ч, Ерөнхийлөгч руу ч тэр. Хэдэн арван удаа хандсан. Засгийн газар уул уурхайн компаниудыг олборлолтын талбай руу дотоодын цэрэг орох шийдвэр гаргасны дараа л би тэднийг нүүн шилжүүлэх шаардлагатай болсон. Өөр аргаар хөрөнгөө хамгаалах боломж байхгүй байсан. Тиймээс л нүүн шилжүүлсэн хэрэг.
-Татварын өр чинь яагаад тийм их хуримтлагдсан юм бэ?
- Энэ бол 68%-ийн гэнэтийн ашгийн татвар. 2006, 2007 онд би гэнэтийн ашгийн татвар алт олборлолтыг нураана гэдгийг их олон удаа анхааруулж байсан.
Маш олон баримт байгаа. Тэгээд миний хэлснээр л болсон. Эцэст нь Монголд Паушокын нөлөөгүйгээр татварын шийдвэрийг 2010 онд цуцалсан. Паушокийн талааарх шийдвэр 2011 онд гарсан. 2013, 2014 онд Монголбанк арилжааны банкуудаар дамжуулаад алтны олборлолтыг санхүүжүүлж эхэлсэн. Нурааж болох бүх юмыг эхлээд нураасан. Сонсдоо, Паушок 1997 онд Монголд ирэхэд тонн хагас л алт олборлодог байсан. 2007 онд явахад 28 тонн алт олборлодог болсон байсан. 2008-2012 он хүртэл олборлолт хэд дахин буурсан. Татварын 68 хувийн санаа нь бол Паушокт зориулаагүй юм. Тэр татвар нь Эрдэнэт, Оросын холбооны улсын эсрэг биш гэдгийг батлах зорилготой байсан юм. Уг татварыг Эрдэнэтэд хамаатай гэж тайлбарлах нь асуудалтай болох гээд байсан байх. Тиймээс ийм популист хуулийг баталсан. Гэхдээ энэ баталсан популист хууль нь үр өгөөжөө өгөөгүй. Харин алт олборлолтыг нураасан. Иймээс энэ алдаа байсан юм. Гэхдээ хүн бүр алддаг шүү дээ. Энэ хуулиас хамгийн их хохирсон нь “Алтан Дорнод”. Яагаад гэхээр, Паушокын алт олборлолтын компаниудыг тэмцлийн хэрэгсэл болгосон. Өөрөөр хэлбэл, парламент, Засгийн газар татварынхантай тэмцэх тэмцлийн хэрэгсэл болгосон юм. Тэгэхдээ бусад компаниуд зөвхөн миний гавьяагаар оршин тогтнож үлдсэн.. Би алтаа Монголбанк болон бусад банкинд хадгалуулдаг байсан. Бусад нь ч бас тэгдэг байсан. Тэр үед олборлолтын үйл ажиллагааны зардал, цалин, явцын татварууд төлөгдөж байсан. Ханган нийлүүлэгч нарт төлбөр хийгдсэн. Эдийн засаг тэлж л байсан шүү дээ. Яг хохирсон нь л “Алтан Дорнод” л болсон доо. Шударга бусаар хохирсон юм. Арбитрын хурлын явцад, Монголын Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга нэрийг нь би санахгүй байна. Тэр хүн Арбитрт албан ёсны захиаг илгээдэг. Албан бичгэндээ Арбитрын хурлын явцад манай талын нөхцөл байдлыг муутгахгүй гэсэн байсан.
Гэвч 2009 онд Алтан Дорнод компанийн үйл ажиллагааг зогсоосон. Бүх данс, тоног төхөөрөмжийг битүүмжилж, манай талбайг дотоодын цэрэг хамгаалалтад авсан. Уг нь бол Арбитрын шүүхэд Монголын Засгийн газраас илгээсэн “Эдийн засгийн нөхцөл байдлыг муудуулахгүй” гэсэн амлалт бүхий захиа тэр үед байж л байсан. 2011 оны дөрөвдүгээр сарын 28-нд Арбитрын шийдвэр гарсан. Би ноён Ганболдод бизнесээ зарж, тоглоомноос гарсны дараа Монголын Засгийн газрын эсрэг маргаан үүсгээгүй ээ. Маргаан гараагүй, тайвшраад байж байсан. Гэтэл ноён Ганболд гарч ирж, бүх асуудлыг дахин сэргээсэн учир бид Монголын Засгийн газартай Арбитрын маргааныг дахин эхлүүлэхээр болж байна. Тэр материал дахин сөхөгдөхөд, захиаг олж харах байх. Надад нэмж батлаад байх зүйл байхгүй. Одоо бид энэ асуудлыг эцэслэн шийдэх гэсэн оролдлогоо хийж эхэлнэ. Ингэхдээ хоёр зүйлээр хандана. Төв банк гэрээнийхээ нөхцөлийг зөрчөөд гадаад руу хууль бусаар гаргаж зарсан бидний алт. Мөн “Алтан Дорнод”-ын эсрэг хийсэн Монголын Засгийн газрын үйлдлийг энд хөндөнө. Дахиад тайлбарлая, цорын ганцхан нэхэмжлэх эрхтэй субъект нь би юм. Ганболдын гавьяагаар тэр компаниуд татан буугдсан. Ганболд өөрөө эзэн нь болоогүй байсан. Тэгэхээр Ганболд тухайн компаниудын нэхэмжлэгч биш. Одоо өмчлөөд байгаа компанийнхаа ч эзэн болоогүй. Тэр бол хууль ёсны эзэн биш. Хулхи эзэн юм.
-Та өнгөрсөн оны наймдугаар сард энэ тухай мэдсэн гэсэн. Тийм үү?
-Яг тийм. Надад нотлох юм байгаа. Намайг хөрөнгөө нуугаад байна гээд шийдвэр гүйцэтгэгч Оросын холбооны улсын прокурорын газар руу хандсан байна билээ. Миний хөрөнгөн дотор ЗАО “Золотой восток”, ЗАО “Восток нефтегаз” дурдагдсан. Би тэгэхэд нь маш их баярласан. Бид дараа тэр байгууллагууд руу хандаад ЗАО “Золотой восток”-ийн жинхэнэ эзэн нь Паушок гэсэн тодорхойлолтыг авсан. Бид тэр тодорхойлолтыг зориудаар баталгаажуулж авсан.
-Түүх дөнгөж эхэлж байгаа юм шүү?
-Энэ ямар үр дагавартай байх талаар та төсөөлөхгүй л байх л даа. Ноён Ганболд бөөн асуудалд өөрийгөө, өөрхийнхөө хамаатан садангаа, дүүгээ, ээжийгээ, нагац эгчийгээ, Лондонд байдаг цүнхийг нь зөөдөг нэг хамтрагчаа, татан оруулсан. Нагац эгчийнхээ нэр дээр нэг компаниа бүртгүүлсэн байдаг юм билээ. Тэр Монголын хууль сахиулах байгууллага, татварын алба, Монгол Улсыг бөөн асуудал руу чирж оруулсан. Хэрэв бүх юм мөрөөрөө явж байсан бол Ганболдыг нас бартал бүх юм тайван л байх байсан. Ноён Ганболд, Батзориг нар надаас бөөн мөнгө нэмэмжилснээр бүх юм дахин эхэлж байна даа.
-Алтан Дорнодыг зарсан талаарх өөрийн байр сууриа илэрхийлсэнд талархлаа.
-Би Ганболдтой маргаад баймааргүй байна л даа. Надад тэр сонин биш байна. Би бодит байдлын талаар л Монголчуудад хүргэхийг зорьсон юм. Хоёрдугаарт, миний ярьсан бүх зүйл нотлох баримттай. Би “Газпром” банк, хууль сахиулагч байгууллагуудын эсрэг зүгээр явдаг амиа хорлогч биш. Надад бүх нотлох баримтууд байгаа. Би хэнийг ч айлган сүрдүүлээгүй. Зүгээр л бүгд үйл явдалын өрнөлийг бодитоор хараасай гэж хүсэж байна. Бүгд өөрийнхөө ажлыг үнэн зөвөөр хийгээсэй гэж хүсэж байна. Гэр орондоо, эх орондоо асуудал битгий үүсгээсэй гэж хүсэж байна. Энэ бүх асуудлыг Ганболд, Батзориг нар АНУ-ын хуулийн талбар руу чирээд оруулчихлаа. Энэ асуудлууд Монголд шийдэгдэхгүй ээ. Зөвхөн нэг газар шийдэгдэхээ больсон. Хөндлөнгийн газар хөндлөнгийн хүн энэ асуудлыг шийдэх болсон. Бүгдээрээ л ажлаа үнэнчээр хийгээсэй гэж хүсэж байна. Бид АНУ-д хандаад хэрэг үүсгээд тэднийг буруутай гэж үзвэл хариуцлагаа хүлээх байх. Цагаадвал тэгээд одоо яахав дээ зугаалж л байна биз. Гэхдээ бүгдийг төөрөлдүүлж, талбай дээр гарчихаад авилгалын эсрэг шударга ёсны төлөө тэмцэгчийн дүрд тоглох нь зөв ч юм уу.
-Нөхцөл байдлын талаар болон цаашид өрнөх үйл явдлын талаар өөрийнхөө байр сууриа илэрхийлсэнд баярлалаа.
-Монголчуудад бүгдэд нь баярлалаа. Дахин шаардлагатай хэрэг гарвал дахиад мэдээлэл өгөхөд бэлэн байна.
Ярилцсан: Б.Болор-Эрдэнэ ikon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ