Улс орнуудын эдийн засаг 2019 онд хэрхэх талаарх 10 таамаг

Дэлхийн эдийн засаг 2018 оныг “хүчтэй” эхлүүлсэн гэж болох ч төгсгөлдөө тийм ч сайн байсангүй. Хэдий АНУ-ын эдийн засаг тэлсэн ч Евро бүс, Их Британи, Япон, БНХАУ-ынх удааширч эхэлсэн юм. Энэ таагүй байдал 2019 онд ч үргэлжлэх төлөвтэй байна. 

Лондонд төвтэй “IHS markit”-ын таамаглаж буйгаар дэлхийн эдийн засаг энэ онд 3.1 хувиар өсөх төлөвтэй аж. Өнгөрсөн онд ч дээрх тоо 3.1 хувь байв. Уг хувь сүүлийн жилүүдэд буурсаар байгаа билээ. Учирч болзошгүй томоохон эрсдэлийн нэг нь дэлхийн худалдааны хэмжээ багасаж магадгүй явдал аж. 

Мөн санхүүгийн зах зээл таатай байхгүй бололтой. Зарим эдийн засагчийн үзэж буйгаар дэлхийн эдийн засаг хямрах магадлал ирэх жилүүдэд улам нэмэгдэж байгааг Дэлхийн эдийн засгийн форумын жилийн уулзалтад зориулсан, “IHS markit”-ын тооцоонд үндэслэсэн нийтлэлд дурджээ.

1. АНУ-ын эдийн засаг үргэлжлэн тэлнэ

Ажлын байрны тоо, үйлдвэрлэл нь тогтвортой нэмэгдэж буй АНУ-ын эдийн засаг 2.6 хувиар тэлэх магадлалтай гэнэ. Хэдий энэ нь тус улсын эдийн засаг өнгөрсөн жил 2.9 хувиар тэлснээс доогуур үзүүлэлт гэлээ ч тийм ч хангалтгүй биш аж.

2. Европын орнуудын өсөлт улам удаашрах магадлалтай

Евро бүсийн өсөлт 2017 оны хоёрдугаар хагаст “оргил”-доо хүрч өссөнөөс хойш тасралтгүй удааширсаар буй. Улс төрийн тогтворгүй байдал, брекситтэй холбоотой маргаан, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Засгийн газарт нь тулгарч буй сорилт зэрэг нь бизнесийн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх талтай аж. Худалдааны “дарамт”, зээлийн нөхцөл гэх мэт хүчин зүйл тус бүсийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нь.

3. Арлын орны ДНБ ялимгүй тэлэх нь

Япон улсын эдийн засгийн өсөлт энэ онд нэг хувиас ч бага, тодруулбал, 0.9 байх төлөвтэй гэнэ. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, өмнөд хөрш болон АНУ хоорондын худалдааны маргаан үүнд нөлөөлөх аж. Ер нь арлын орны эдийн засаг урт хугацаанд тун бага хувиар тэлэх нь.

4. Хятадын “хурд” саарна

Урд хөршийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны гуравдугаар улиралд сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрсэн. Тэгвэл жилийн дүнгээр 6.6 хувиар өссөн нь 2017 онд дээрх тоо 6.9 байснаас буурсан үзүүлэлт болсон юм. Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-тай худалдааны дайн эхлүүлснээ шийдвэрлэхээр хэлэлцэж буй, мөнгө, санхүүгийн хэд хэдэн зорилт дэвшүүлж байгаа ч БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн “хурд” саарах төлөвтэй. Худалдааны дайнаас болж АНУ-аас илүүтэй өмнөд хөрш хохирч буйг шинжээчид тэмдэглэжээ.

5. Хөгжиж буй зах зээлтэй орнуудын эдийн засаг 4.9 хувиар өснө

Бразил, Энэтхэг, ОХУ-ын эдийн засаг 2018 онд өссөн бол Аргентин, Өмнөд Африк, Турк улсад санхүүгийн дарамт үүссэн. Бразил, Мексик зэрэг хөгжиж буй зах зээлтэй орны эдийн засагт энэ онд худалдаа, ам.долларын ханш чангарах, санхүүгийн зах зээлийн нөхцөл, улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэх зэрэг сорилт тулгарах нь. Өрийн хэмжээ нь доогуур, ялангуяа Азийн орнуудад дээрх бэрхшээл арай бага нөлөөлөх гэнэ. Хөгжиж буй зах зээлтэй улсуудын эдийн засаг энэ онд 4.9 хувиар өсөх таамаг гарчээ.

6. Газрын тосны үнэ 70 ам.доллар байх төлөвтэй

Эрэлт нь багасаж, нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай тул зарим түүхий эдийн ханш энэ онд буурч болзошгүй гэнэ. Таваарын зах зээлд “өөрчлөмтгий” байдал энэ онд ч үргэлжлэх төлөвтэй бөгөөд ялангуяа газрын тосны үнэ тогтворгүй байх бололтой. Баррель нефтийн ханш өнөө жил дунджаар 70 ам.доллар байх тооцоо гарчээ.

7. Инфляц өөрчлөгдөхгүй

Улс орнуудын инфляцын түвшин өнгөрсөн жилийнхээс төдийлөн өөрчлөгдөхгүй, гурав орчим хувь байх тооцоо байна.

8. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмнэ

АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ онд бодлогын хүүгээ өсгөж, үүнийг хэд хэдэн орны (Англи, Канад, Бразил, Энэтхэг, ОХУ) Төвбанк дагаж магадгүй гэсэн таамаг гарчээ. Тодруулбал, АНУ энэ жил дээрх хүүг гурван ч удаа өсгөж магадгүй гэнэ. Харин Европын Төвбанк бодлогын хүүгээ 2020 оны эхэн үе хүртэл нэмэх төлөвгүй аж. Тэгвэл Японы Төвбанк 2021 оныг хүртэл бодлогын хүүгээ хасах хувьд хэвээр хадгалахгүй байх магадлалтай.

9. Ам.долларын ханш чангарах таамаг бий

АНУ-ын эдийн засаг тэлж, Төвбанк нь бодлогын хүүгээ нэмэх төлөвтэй тул мөнгөн тэмдэгтийнх нь ханш чангарах таамаг гарчээ. Харин Европын орнуудад тогтворгүй байдал “ноёрхох” тул евро, фунт стерлингийн ханш сулрах таамаг бий. “IHS markit”-ын таамагласнаар еврогийн ам.доллартой харьцах ханш энэ оны эцэст 1.1 байх нь. Эргэн сануулахад, 2018 оны эцэст нэг евро 1.14 ам.доллартой тэнцэж байсан юм. Юанийн ам.доллартой харьцах ханш тогтвортой байх төлөв гарчээ. Тодруулбал, “ногоон”-ы эсрэг юанийн ханш долоогоос доош байх гэнэ.

10. Бодлогын алдаа хохирол учруулах уу

Бодлогын алдаа дэлхийн эдийн засагт энэ жил болон цаашид ч сөргөөр нөлөөлөх талтайг “IHS markit” сануулжээ. Худалдааны маргаанаас үүдэлтэй хүндрэлийг давж гарахад улам хүнд болж болзошгүйг дээрх байгууллага анхааруулсан байна. АНУ-ын төсвийн алдагдал нэмэгдэж буйгаас гадна тус улс болон Европын орнууд, Японы өрийн хэмжээ өсөж буйг мартах учиргүйг ч дурджээ. Бодлогын алдаа энэ оноос илүүтэйгээр ирэх жил дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх таамаг бий аж.

unuudur.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ