Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий

-10 ЖИЛИЙН ТУРШ ҮЗЭГЧДИЙГ БАЙЛДАН ДАГУУЛСАН ОРОСЫН ЗӨН БИЛГИЙН 

ТУЛААН ШОУ ТАВИЛТТАЙ ЖҮЖИГ БОЛОХ НЬ ЗАДАРЛАА-


“Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг ОХУ-ын ТНТ телевизийн эфирээр цацагдаж арван жилийн туршид үзэгчдийг байлдан дагуулсан. Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан шидтэн, зөнч, илбэч нар онгодоо дуудан, нас нөгчсөн хүмүүсийн булшиндаа авч орсон нууцыг тайлж, ирээдүйг зөгнөж, хамгаалалт тавьдаг.


Гэвч энэхүү нэвтрүүлэгт  зөн билигтнүүд ордоггүй бөгөөд, жүжигчид хөлсөлж тавилттай жүжиг хийдгээ нэвтрүүлгийн багийнхан саяхнаас  хүлээгээд байна. Энэ тухай шуугиан дэгдээд хойд хөршид намжаагүй хэвээр байгаа аж. Тодруулбал, тус нэвтрүүлэгийн оролцогч асан өөрийн нэрийг дурдахгүй байхыг хүсээд нэвтрүүлгийн нууцыг задалж мэдээлэл хийхдээ сэтгүүлчдэд тус нэвтрүүлгийн шувтаргын шатанд шалгарахад мөнгө төлдөг тухай ярьсан байдаг. “Сонгон шалгаруулалтын үеэр болон нэвтрүүлгийн тухай мэдээллийг бусдад дамжуулахгүй байх тухай гэрээнд гарын үзсэг зурсны дараа  намайг нэвтрүүлэгт оролцох мөн цаашид шалгаран үлдэх эрхийг худалдаж авахыг санал болгосон. Би “Зөн билгийн тулаан”-ы дөрөв дэх нэвтрүүлэгт оролцож байсан бөгөөд тус санал 450,0 мянган рубль байсан. Сонгон шалгаруулалтанд орж байхдаа л хагас сая рубль төлөөд төгсгөлийн шатанд шалгарлаа гэсэн үг” хэмээн экс оролцогч ярьсан байна.


Мөн одоогоос хоёр жилийн өмнө буюу, 2017 онд “Зөн билгийн тулаан” шоуны анхны хөтлөгч, жүжигчин Михаил Пореченков ярилцлага өгөхдөө,  “Би Зөн билгийн тулаан төсөл дээр маш удаан ажилласан. Бүх зүйл худал. Бүхэлдээ. Юуны талаар дэлгэрэнгүй ярих ёстой гэж. Үнэнгээсээ хэлж байна” хэмээн радиод өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн нэгдүгээр цувралаас долдугаар цуврал хүртэл ажиллаж байсан билээ.


Үүнээс гадна нэвтрүүлэгт ажиллаж байсан нэрээ нууцалсан сайтад өгсөн ярилцлагадаа “Найруулагчгүйгээр, зохиомол элементгүйгээр зураг авалтын талбай дээр юу ч бүтэхгүй. Энэ чинь шоу шүү дээ. Телевизийн эфирийг ашиглан хялбар аргаар олны танил, нэр хүндтэй болох гэсэн хүмүүс маш их ирж байсан” хэмээжээ.


-МОНГОЛЧУУД ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХЫН ТУЛД 2-10 САЯ ТӨГРӨГ 

БАРЬЖ ГҮЙСЭН НЬ БИЙ-


Тус нэвтрүүлэгт Орос дахин төдийгүй Монголчууд хууртагдсан. Өөрөөр хэлбэл, нэвтрүүлгийн алдартай мэргэч, төлгөч, үзмэрчдийг эх орондоо урьж авч ирсэн явдал нэлээдгүй хэд бий. Эгэл жирийн иргэдээс эхлээд, улс төрийн нөлөө бүхий эрхмүүд ч ажил амьдрал, хувь тавилан, бүр улс эх орны нууцыг ч асуугаад амжсан нь харамсалтай. Оросын зөн билэгтэн ирэх сургаар л байдгаа барьж гүйцгээн, тусгай үйлчилгээ авахын тулд 2-10 сая хүртэлх төгрөг барьц барьсан байдаг.


-Ираны зөн билэгтэн Мехди Эбрагими-Вафа,


-13 дахь улирлын шилдэг оролцогч “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн Елена Голунова,


-16 дахь улирлын ялагч “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгтэн Виктория Райдос,


-Зургаа дах улирлын ялагч Новосибирскээс гаралтай Сибирийн хар номтон Влад Кадони,


-13 дахь цувралын ялагч Дмитрий Волхов нар хүрэлцэн ирцгээсэн.


Зөн билэгтнүүдийг Монголд урьж ирүүлээд 1000 ам.доллар төлж  үзмэрчлүүлсэн хүмүүс олон байснаас гадна  Налайх дүүргийн нутаг дэвсгэрт дагуулж очин “Чөтгөр” даруулсан, телевизүүд нэвтрүүлэгтээ урьж ярилцсан, ингэхдээ С.Зоригийн аллага, Оюутолгойн асуудал зэрэг олон нийтийн анхаарлыг эрхгүй татдаг хэд хэдэн асуултуудад хариулт авахыг хүссэн боловч тоймтой хариу хэлээгүй байдаг. Ийм тавилтат шоунд итгэж, улсынхаа хамаг асуудлыг дэлгэн асуусан нь хамгийн эмгэнэлтэй.


Тэднийг Монголд ирэхэд манай талаас зуучилж, хамаг юмыг нь зохион байгуулж төлбөр мөнгийг нь зохицуулж гүйсэн хувь хүмүүс, албан байгууллагуудын нэр ус тодорхой бөгөөд тэд одоо хүндхэн байдалд орж байна. Тус нэвтрүүлэг тавилттай жүжиг гэдэг нь нотлогдож байгаа учир олон сая төгрөг хамж, дундаас нь зуучлагч нэрээр хувь хүртсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх асуудал сөхөгдөх нь лавтай. Зөн билэгтнүүд гэгдэх дээрх нэр дурдагдсан хүмүүст залилуулсан хүмүүс нэгдэж хохирлоо барагдуулах үндэслэл байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дурдаж эхэллээ.


П.УРНАA medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ