У.Хүрэлсүхийн рейтинг Х.Баттулгынхаас илүү болжээ
Монголын анхны мэдээллийн сайт www.sonin.mn сар бүрийн 16-нд Монголын хамгийн өндөр чансаатай арван улс төрчийг зарлаж байхаар боллоо.
"Монголын ТОП-10 улс төрч" нэртэй уг судалгааг Монголын анхны мэдээллийн сайт www.sonin.mn-ын дэргэдэх "Sonin.mn барометр" судалгааны төв хийж байх юм.
Энэ удаад Улаанбаатар хотын оршин суугч 1000 хүний дунд судалгаа хийсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 49,6 хувь нь эрэгтэй, 50,4 хувь нь эмэгтэй байв.
Ухнаагийн Хүрэлсүх- 35.8 %
Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн төр, намдаа хийж буй "их цэвэрлэгээ" олон нийтийн дийлэнхид таалагдаж буйг түүний рейтингийн өсөлтөөс харж болно.
Гэвч ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэр бүхий сайд, УИХ-ын гишүүд зээл авсан, эдийн засгийн байдал маш хүнд байгаа зэрэг эмзэг цэгүүд ч түүнд бий. Юутай ч тэрээр өнөөдөртөө Монголын хамгийн өндөр рейтингтэй улс төрч хэвээр байна.
Халтмаагийн Баттулга- 23.4 %
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшсэн цагаасаа хойш Монголын хамгийн өндөр рейтингтэй улс төрч гагцхүү Х.Баттулга л байлаа.
Гэвч улс төрийн нөхцөл байдалтай холбоотой юу? эсвэл иргэд бага зэрэг уйдаж эхэлсэн үү? 2018 оны сүүлээс эхлэн тэрээр Монгол улс төрчдийн "аман хүзүү"-д давхиж эхэлжээ. Энэ бууралт цааш үргэлжлэх үү? эсвэл хэсэг зуурын л үзүүлэлт үү? гэдгийг цаг хугацаа харуулна.
Самандын Жавхлан- 11 %
УИХ-ын 2016 оны сонгуульд бие дааж нэр дэвшин сонгогдсон түүний рейтинг тогтмол өндөр үзүүлэлттэй явна.
Тангараг өргөх ёслолд морьтой ирэхээс эхлээд "Та нар бүгд адилхан ичиж үхмээр амьтад шдээ" гэж УИХ-ын чуулганд хэлэх хүртэл үйлдэл бүр нь олон нийтэд эерэгээр хүрдэг. Нөгөөтэйгүүр түүнийг ямар ч шийдэл ярьдаггүй, хий шоу хийхээс өөр эрдэмгүй нэгэн гэх нийгмийн хэсэг ч бас цөөнгүй бий.
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ- 10.7 %
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараах анхдугаар чуулганы нээлтэн дээр л "МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд биш УИХ-ын дарга болж буй нь буруу" хэмээн мэдэгдэж байсан тэрээр чухамдаа "60 тэрбум", "МАНАН дэглэм", Ц.Элбэгдорж, М.Энхболд гэх мэттэй тэмцсэний үрээр л "тэмцэгч", "шударга залуу" зэрэг тодотголыг "зүүж" байна. МАН төдийгүй нийгмийн цөөнгүй хэсэг нь түүнийг тун ирээдүйтэй улс төрч гэж үнэлж буй билээ.
Төмөрбаатарын Аюурсайхан- 10.3 %
МАН УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялаад нэг жил ч болоогүй байх үед тухайн үедээ жинхэнэ МАНАН бүлэглэлийн гол "баганын" нэг байсан С.Баярыг шүүмжилсэн МАН-ын цөөн хэдэн залуу гарсан нь Т.Аюурсайхан, Н.Дэмбэрэл нар.
Тэр дундаа 2016 оны 11 сарын 17-нд хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы С.Баярт хандсан шүүмжлэл иргэдийн дийлэнхид маш их хүрсэн юм.
Үүнээс хойш ч Т.Аюурсайхан МАН, АН-ын шинэ, хуучин бүхий л улс төрчдийг шүүмжилсээр байна. Мэдээж Н.Багабанди, У.Хүрэлсүх, Г.Занданшатар тэргүүтнээс бусдыг нь шүү дээ.
Цэндийн Нямдорж- 9.5 %
Монголын хамгийн өндөр рейтингтэй улс төрч гэх жагсаалтанд багтдаг мөртлөө таны хамгийн дургүй улс төрч гэсэн жагсаалтанд ч нэр нь явж байдаг хачирхалтай дүр.
1992 оноос хойш тасралтгүй 27 жил УИХ-д сууж, Хууль Зүйн сайдаар 4 дэхь удаагаа ажиллаж буй тэрээр хэзээ "шударга үнэн"-ийг илчилж, хэзээ чимээгүй болох вэ? гэдгээ маш сайн мэддэг. Түүнд өдгөө УИХ-ын даргаар мөн л 2 дахь удаагаа ажиллах сонирхол ч байж мэднэ.
Жалбасүрэнгийн Батзандан- 9 %
"Эрүүл Нийгэм Иргэний хөдөлгөөн"-ий удирдагч асан Ж.Батзанданг Монголчууд андахгүй.
Шүүмжлэх улс төрчид нь л цагийн аясыг дагаж өөрчлөгдөж байдгаас бус Ж.Батзандангийн зангидсан хөмсөг, шахмал хоолой бүхий тэмцэгч үгс хэзээ ч өөрчлөгддөггүй.
2008 оны 7 сарын 1-ний хэрэг явдлын дараа АН-д элсэж байсан тэрээр өдгөө "төрхөмдөө" буюу Сүхбаатарын талбайдаа буцаж ирэн, "тэмцлээ" үргэлжлүүлсээр явна.
Гантөмөрийн Уянга- 8.5 %
Н.Энхбаярын дарангуйлал, Ц.Элбэгдорж, С.Баяр нарын удирдсан МАНАН бүлэглэл, УИХ-д 65 суудалтай болсон МАН-ын гээд аль ч үед системийн өөрчлөлтийн төлөөх түүний тэмцэл үргэлжилж л байв.
Өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж буй түүний цаашдын улс төрийн замнал ердийн төрийн түшмэлийнхээс өөр, дуу шуугиантай, тэмцэл өрнөлтэй хэлбэрээр үргэлжилнэ гэдэгт итгэдэг цөөнгүй хүн бий.
Тоордайн Ганболд- 7.5
Ердөө ганцхан сарын дотор телевизийн хоёр ярилцлага, нэг жагсаалд оролцож санаа бодлоо хуваалцсан түүнийг шилдэг улс төрч гэж санал асуулгад оролцогсдын цөөнгүй хэсэг нь дүгнэжээ.
Үнэхээр тийм эсэхийг цаг хугацаа харуулах биз.
Юутай ч "Алтан Дорнод Монгол" ХХК-ий ТУЗ-ийн даргаар ажилладаг түүнд МАН-ын бага хурлын гишүүн, ХҮН-ын даргаар ажиллаж байсан улс төрийн түүх бас бий.
Сайнхүүгийн Ганбаатар- 5 %
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд амжилттай оролцсон ч саналаа луйвардуулсан гэж түүнийг тодорхойлдог олон хүн бий.
Сүүлийн нэг жил орчим олон нийтэд хандсан улс төрийн үйл ажиллагаа төдийлөн явуулалгүй, МАХН-ын дэд даргын хувиар Шинэ Үндсэн хуулийн төслөө иргэдэд танилцуулан яваа түүнийг шилдэг улс төрч гэж дүгнэх хүн одоо ч байсаар байгаа бололтой.
Тайлбарыг бичсэн М.Гал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ