О.Бурмаа: Дахин барилдах, эсэхээ хараахан шийдээгүй явна
Монгол Улс жүдо, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс гурван медаль хүртсэн дөрөвхөн хүчтэнтэй. Тэдний нэг нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа (бусад нь Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, Д.Сумъяа). ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальтай, Азийн аварга тэрбээр Монголын чөлөөт бөхийнхнөөс дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн анхны эмэгтэй тамирчин.
Эл спортын хүнд жингийн тамирчдыг сүүлийн 20-иод жил тахалж яваа О.Бурмаа Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтай, улсын найман удаагийн аварга. Риогийн олимпын дараа үрийн зулай үнэрлэн, спортоос түр хөндийрөөд буй түүнийг “Crossfit” фитнест бэлтгэл хийж байхад нь ийн ярилцав.
-Өнөөдөр (өчигдөр) бэлтгэлдээ нөхөртэйгөө хамт иржээ. Та хоёрыг бэлтгэлтэй үед хүүхдийг нь хэн хардаг вэ?
-Манай эгч. Хүүхэд харах хүн олно гэдэг чинь жинхэнэ алаан байхгүй юү (инээв). Нөхөр минь үндэсний бөхөөр барилддаг. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном шүү дээ. Хоёулаа тамирчин болохоор нэгнийхээ жаргал, зовлонг илүү сайн ойлгодог.
Би бэлтгэлээ долоо хоногт хоёр, заримдаа гурван удаа хийдэг юм. Төрсний дараа бие нялхран, амархан цуцаж ядрах болсон. Тиймээс аль болох хөнгөн бэлтгэл хийн, хөлсөө гаргаж байна.
-Чөлөөт бөхийн бэлтгэл хийж байгаа юу?
-2016 оны тавдугаар сард болсон тэмцээнээс олимпын эрх авч чадаагүй. Түүнээс хойш бэлтгэл огт хийгээгүй ээ.
-Дэвжээндээ эргэн ирэх, зодог тайлах, эсэхийг тань уншигчид их сонирхож байгаа нь мэдээж. Та дахин барилдах уу?
-Яг тэгнэ, тэгэхгүй гэж тодорхой хэлж чадахгүй нь. Энэ талаар тодорхой шийдвэр гаргаж амжаагүй явна. Өөрийнхөө гарч гадаагүй оргилд шавиа хүргэхийн төлөө дасгалжуулагч болж ч магадгүй.
-Энэ талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцсан уу. О.Бурмаад юу гэж зөвлөдөг вэ?
-Хань минь өөрөө л мэд гэдэг.
-2014 онд ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Риогийн олимпын дараа хувийн амьдралдаа анхаарна” гэсэн. Төлөвлөж байгаад үрийн зулай үнэрлэсэн үү?
-Өө, нэг их айхтар төлөвлөн, одоо хүүхэдтэй болъё гээгүй ээ. Хувь заяаны тохиолоор л ээж болсон. Амжилтын төлөө зүтгэн, бүх анхаарлаа бэлтгэл, тэмцээнд хандуулан, хувийн амьдралаа хойш нь тавьж явсаар байтал нэг мэдэх нь ээ нас 30 гарчихсан байв.
Ойр дотнынхон минь “Төрөх оройтлоо” гэж сануулах болсон. Спорт залуу насны ажил. Нөгөө талаар хэр баргийн тамирчин дунджаар 10 жил хичээллэж байж амжилтын үзүүрээс атгадаг. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх хэмжээнд хүрч, тогтмол амжилт гаргахад дахиад олон жил шаардлагатай.
Энэ мэт шалтгаанаар эмэгтэй тамирчид ихэвчлэн 30 гаруй насандаа үрийн зулай үнэрлэдэг. Би ч бас тэглээ. Ээж болоход үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Хүүхдээ анх тэврэхдээ өөрийн эрхгүй уйлсан. Төрөхөд үнэхээр аймар өвддөг юм байна. Тамирчин болохоор бусдаас тэсвэр, хатуужилтай байх болов уу гэж өөрийгөө бодсон. Гэтэл андуурч.
Анзаарах нь ээ, хэвлэл мэдээллийнхэн надаас ихэвчлэн ДАШТ-ээс медаль хүртэхэд ярилцлага авдаг. Энэ удаа барилдахгүй байгаа, ээж болсон үед ярилцлага өгч буй нь сонирхолтой санагдаж байна.
-Та нэлээд хожим буюу 19 насандаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Эл спортод хөл тавихад юу нөлөөлөв?
-Бага нас минь “Сэлбэ” зуслантай салшгүй холбоотой. Тэнд хурга ишиг хариулж өссөн. Цөөнгүй аймгийн бөх наадмын бэлтгэлээ Сэлбэд базаана. Хурга ишиг эргүүлж явангаа тэдний бэлтгэлийг харах дуртай байв. Тэр бүхэн спортод хорхойтой, дуртай болоход их нөлөөлсөн.
Би эхээс наймуулаа. Ах надаас “Сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй болох вэ” гэхээр нь цагдаа, эмч, эсвэл бөх барилдана гэдэг байв. Миний багын найз Наранзулын аав дасгалжуулагч, ах нь чөлөөт бөхийн шүүгч Сэрээтэр. Тэрбээр эл спортоор хичээллэхийг бид хоёрт зөвлөсөн юм. 2001 оны Азийн АШТ-ээс Ц.Энхжаргал Гавьяат мөнгөн медаль хүртэн, анхдагч болсныг хүмүүс андахгүй. Тэгэхэд түүний барилдааныг зурагтаар үзээд эмэгтэй хүн чөлөөт бөхөөр барилддагийг би анх мэдсэн.
Сэрээтэр ах “Монголын чөлөөт бөхийн холбооноос Ц.Энхжаргалд “УАЗ-469” маркийн автомашин бэлэглэжээ” гэхэд нь сэтгэл их хөдөлж билээ. Тэгж 19 насандаа Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, ОУХМ Т.Дамбарагчаа багшаар чөлөөт бөх заалгасан. Анхандаа мундаг тамирчин болно, олимп, ДАШТ-ээс медаль хүртэнэ гэж бодоогүй ээ. Чөлөөт бөхөөр барилдахад ээж дургүйцсэн, ах эрс эсэргүүцсэн.
Намайг хүмүүс хожуу барилдсан гэдэг. Гэхдээ тухайн үед би эмэгтэй бөхчүүдээс хамгийн залуу нь байлаа. Манай эмэгтэй дүү эл спортод хөл тавьсан ч харамсалтай нь, хөлний бэртлийн улмаас барилдахаа больсон. Уг нь түүнд их ирээдүй байсан юм. Би мордох, сугадах дархан мэхтэй. Ер нь хүнд жинд барилддаг бөхчүүд эдгээр мэхийг түлхүү хийдэг.
-Дэлхийн энтэй бөхөөс ингэж асуухаар хүмүүс гайхаж магадгүй. Өдий хүртэл сурч, өөрийн болгож чадахгүй яваа мэх, техник бий юү?
-Байлгүй яах вэ. Арагшаагаа мостлон эргэж чаддаггүй. Олонх тамирчин үүнийг хоёр сар хичээллээд сурчихдаг. Гэтэл би одоо ч өөрийн болгож чадахгүй явна. Яагаад ч юм бэ, хэчнээн хичээгээд ч бардаггүй.
-Энэ нь таны сул тал болж, барилдаанд чинь нөлөөлдөг үү?
-Ингэж чаддаггүйн балгаар олон барилдаанд ялагдсан. Олимп, дэлхийн аварга Наталья Воробьёвад л гэхэд дөрөв бил үү, таван удаа. Шидэхээр нь яаж ч чадалгүй уначихдаг. Хэрвээ мостолж чаддаг байсан бол юу гэж тэгж ялагдах вэ. Хөнгөхөөн нумарч эргээд гарчихна шүү дээ.
-Түүнийг хэдэн удаа ялсан билээ?
-Гурав.
-Та багын биерхүү хүүхэд байв уу?
-Тийм ээ. Манай гэр бүлд хоёр л өндөр хүн бий. Нэг нь би, нөгөөх нь миний хамгийн бага дүү. Хүнд жингийн тамирчин өндөр биетэй байхын давуу тал их.
Намайг чөлөөт бөхөөр анх хичээллэхэд Т.Сүхбаатар багш “Миний шавь ч ёстой 72 кг-ын жинд л барилдах бөх дөө” гэсэн нь зөв байсаан. Жин хасахын зовлон мэдрэлгүй өдий хүрлээ. Сүүлдээ ч жиндээ бүр дассан л даа.
-Жиндээ дасахгүйн улмаас амжилт нь уруудсан тамирчин цөөнгүй. Нэг жинд олон жил өрсөлдсөн нь таныг тогтмол амжилт гарган, олон жил барилдахад их нөлөөлсөн байх.
-Тэгсэн шүү. Хэчнээн мундаг бөх байлаа ч шинэ жинд дасахад багадаа хоёр жил зарцуулдаг.
-Өдий хүртэл оролцсон тэмцээнүүдээс хамгийн дурсамжтай нь аль вэ?
-2004 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн. Тэр жил Монголоос дөрвөн эмэгтэй бөх зодоглон, бүгд медаль хүртсэн. Бас 2009 оны ДАШТ. Тэр жил цаг агаарын улмаас хүнд жинд барилддаг зарим эрэгтэй бөх тэмцээнээс хоцрон, барилдаж чадаагүй. Тэдний бүтэн жилийн хөдөлмөр салхинд хийсэхэд их харамссан.
ДАШТ-д оролцсон манай бөхчүүд ялагдан, сүүлчийн найдвар болж Б.Одончимэг бид хоёр үлдэв. Манай тамирчид нутаг буцахад тухайн үед МЧБХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Чинбат “Хэн нь ч ярилцлага өгч болохгүй шүү. Би араас чинь очоод албан ёсны тайлбар хийнэ” гэсэн.
Би гайхан, эвгүй санагдаад “Дарга аа, бүх зүйл дуусаагүй. Барилдах хүн байгаа шүү дээ” хэмээж билээ. Одоо бодох нь ээ, мөн ч бөх зүрхтэй байж. Тэгээд л маргааш нь барилдаад үзүүрлэсэн.
-Түүнээс хойш зөвхөн дэлхийн аварга болохын төлөө барилдсан нь тодорхой. Хамгийн дөхөж очсон нь аль ДАШТ байв?
-2014 оны ДАШТ. Тэр жил би шөвгийн наймд жингийнхээ гол өрсөлдөгч, олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн таван удаагийн аварга, Болгарын бөх С.Станкатай учраа таарлаа.
Түүнд өмнө нь таван удаа өвдөг шороодоод байсан юм л даа. Би 2:0-ээр дийлдэж байв. Станка байсхийгээд л “Бурмаа, давай, давай” гэж миний шарыг малтана. Би тохиромжтой мөчийг хүлээгээд л байсан. Тэгж байгаад толгойг нь эргүүлж дараад дөрвөн оноо авав. Босож ирээд харах нь ээ барилдаан дуусахад хоёрхон секунд дутуу байсан шүү.
Дэвжээнээс дөнгөж буугаад шахам дараагийн тойрогт барилдсан. Хамаг хүчээ шавхчихсан байсан би сэргэж ер амжаагүй. Бразилын тамирчин Алине Феррейраг ялна гэдэгтээ ялимгүй бардан, гол өрсөлдөгчөө яллаа гэж арай эрт сэтгэл амарсан нь миний алдаа болсон.
Хэрвээ түүнийг ялсан бол өдгөө жиндээ босоо яваа, дэлхийн дөрвөн удаагийн аварга, АНУ-ын Аделине Грэйтэй түрүү булаалдах байв.
-Монголчууд тамирчдынхаа амжилтад ханан, ДАШТ-ий мөнгө, хүрэл медалийг бараг тоохоо байж. Хэчнээн олон удаа Төрийнхөө далбааг дэлхийн дэвжээнд мандуулсан ч дэлхийн аварга болоогүй л бол анхаарлын гадуур үлдэх нь бий. Танд иймэрхүү зүйл анзаарагддаг уу?
-ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхэд Хууль зүйн яамнаас надад хоёр өрөө байр бэлэглэсэн, Төв аймгийнхан сая төгрөгөөр шагнасан. Түүнээс хойш амжилтыг минь үнэлээгүй.
2013 онд ДАШТ-ээс хоёр дахь медалиа авахад чимээгүй өнгөрсөн. Дараа жил нь гурав дахь медалиа хүртэхэд ч мөн адил. Бусад аймгийнхан тамирчдаа их дэмжиж, амжилтыг нь үнэлдэг юм билээ. Манай аймгийнхан дэмждэггүй.
-Та бөх барилдах төдийгүй цагдаа болох мөрөөдлөө биелүүлсэн хүн. Хувь заяа байв уу, эсвэл нэлээд хөөцөлдөж байгаад цагдаа болсон уу?
-Үнэнийг хэлэхэд Зэвсэгт хүчний “Алдар”, хилийн цэргийн “Хилчин”, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороо зэрэг олон сонголт надад байсан. Багадаа цагдаа болъё гэж боддог байсан тул гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад 2007 онд “Хүч”-д орж, тамирчин нь болсон. Багаасаа мөрөөдсөн ажлаа хийж яваа болохоор их дуртай. Хамт олонтойгоо бужигнан, эргүүлд гарах сайхан.
-Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа “Хүч”-ийг татан буулгаж, шагналын цолыг цуцалсан. Одоо та ямар цолтой байгаа вэ?
-Ахлагч. Тийм тушаал гарахаас өмнө би дэслэгч цолтой байсан. “Хүч”-ийг татан буулгаснаас хойш би Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэст алба хааж байна. Дэслэгчийн мөрдэстэй мөртлөө ахлагчийн орон тоон дээр ажилладаг.
Манай хэлтсийн дарга Т.Дамбийням хурандаа намайг үнэхээр сайн ойлгож, дэмждэг юм. Тэдэндээ болон Монголын чөлөөт бөхийн холбооны хамт олонд баярлаж явдаг.
-Үндэсний бөхчүүд, тамирчдад цагдаа, армийн цол олгохыг эсэргүүцэх хүн цөөнгүй. Энэ талаар ямар бодолтой явдаг бол?
-Зарим хүн “Ажлаа хийдэггүй тамирчдад цол өглөө” гэж шүүмжилдэг. Бэлтгэл, тэмцээн гэсээр зөвхөн надад гэлтгүй тамирчдад албан үүргээ гүйцэтгэх цаг зав хомс байдаг. Шөнөжин нойргүй эргүүлд гарахад л амжилтад сөргөөр нөлөөлнө. Би төдийгөөс өдий хүртэл цагдаагийн байгууллагын нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөн, үүрэг гүйцэтгэж явна.
Уг нь тамирчид бид Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаа, цэргийн цол хүртдэг. Хэрвээ ингээд цуцалчих байсан бол яах гэж цол олгосон юм бол. Энэ талаар хөөцөлдөж үзээгүй, бусдынхаа адил ахлагч болсон.
-Цагдаагийн алба хаагчдын адил эргүүл, хамгаалалтад гардаг уу?
-Гардаг. Жирэмсний амралтаа аваад өнгөрсөн долдугаар сард ажилдаа орсон. Зарим хүн “Цагдаа нар түрэмгий, харилцааны соёлгүй” гэж шүүмжилдэг. Хэдийгээр энэ нь үнэн ч зарим тохиолдолд өрөөсгөл ойлголт юм шиг санагддаг.
Жишээлбэл, би чамтай зөөлөн харилцаж “За, миний дүү ингэж болохгүй. Тэгээрэй, ингээрэй” гэвэл даварна. Зандарвал үгэнд орно. Хүмүүс баяр ёслолоор баярлаж явахад цагдаа нар албан үүргээ гүйцэтгэдэг. Олны аюулгүй байдлын төлөө амрах, баярлах ч сөхөөгүй явдаг шүү дээ.
-Саяхан ДАШТ-ий хүрэл медальт Б.Одончимэгтэй ярилцахад “Хүнд жинд бидний амжилтыг үргэлжлүүлэх, залгамж ирээдүйтэй тамирчин хуруу дарам” гэсэн. Та түүнтэй санал нийлэх үү?
-Байхгүй нь үнэн шүү дээ. Үргэлжлэл болох ирээдүйтэй бөх торнихыг хүлээсээр өдий хүртэл барилдсан тамирчин нь би. 2017 оны Азийн АШТ-д V байрт шалгарсан Г.Уртнасанд нэлээд найдлага тавьж байгаа.
Үрийн зулай үнэрлээд, спортоос түр хөндийрсөн ч залуу хүн болохоор формдоо хурдан орчих байх. Чөлөөт төдийгүй бөхийн төрлийн спортын хүнд жинд бэлтгэл хангагч цөөн нь гол асуудал. Би ч бас ийм асуудалтай тулгарч явлаа.
Тамирчны амжилтад жингийн өрсөлдөөн их чухал. Намайг ДАШТ-ээс гурван медаль хүртэхэд Б.Одончимэг, Г.Наранчимэг хоёр их нөлөөлсөн. Би тэднээс маш их зүйл сурсан.
-Өнгөрсөн жил Г.Насанбурмаа Гавьяат ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн анхны монгол бөх болсон. Түүний амжилтыг давтах, медалийнхаа тоог ахиулах бодол танд бий юү?
-Ид барилдаж яваа, бэлтгэл сайтай үед ингэж асуусан бол “Бий” гэж хариулах байсан болов уу. Одоохондоо спортоос хөндийрсөн, бүх анхаарлаа хувийн амьдралдаа хандуулж яваа болохоор энэ талаар бодоогүй. О.Насанбурмааг ДАШТ-ий дөрвөн медальтай болоход үнэхээр их баярласан, огшсон, түүнээр бахархсан.
Укагийн эгч Мягмарсүрэн чөлөөт бөхөөр хичээллэсэн Монголын анхны эмэгтэй тамирчдын нэг. Адилхан овогтой тул бид гурвыг төрсөн, эгч дүү гэж хүмүүс их андуурдаг байж билээ.
-Танд одоо олимпын медаль л дутуу. Түүнийгээ гүйцээхийн тулд “Токио-2020”-д оролцохын төлөө зүтгэх үү?
-Би олимпод 2004, 2012 онд оролцсон. Надад олимпоос бусад бүх тэмцээний медаль бий. Түүнийгээ 2024 оны олимпод гүйцээнэ гэвэл худлаа ярьсан болно. Үнэндээ Токиогийн олимпын талаар бодсон юм алга. Чамайг асуухаар чинь “Нээрэн юу билээ” гэж бодож сууна.
unuudur.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ