Дэлхийн хотууд агаарын бохирдолтой хэрхэн тэмцэж байна вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээс үзвэл, 2030-аас 2050 оны хооронд агаарын бохирдлын улмаас олон сая хүн амиа алдах аюул нүүрлээд байна. Дэлхийн нийт хүн амын 95 хувь нь бохир, хортой агаараар амьсгалж буйг судалгаанууд харуулж байна. Агаарын бохирдол хүний оюуны чадамжийг бууруулж, чихрийн шижнээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Иймээс дэлхийн хотууд тоон технологийн дэвшлийг хот төлөвлөлтөд ашиглах ухаалаг хотын санаачилгын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах тодорхой алхмуудыг хийж байна.
Бээжин, Шинэ Дэли зэрэг хурдацтай хөгжиж буй хотуудад агаарын бохирдол амьсгалын замын өвчин нэмэгдэх, нислэг цуцлагдах шалтгаан болж, үр хүүхдүүдийн гадаа тоглох боломжийг хязгаарлаж байна. Автомашины тоо нэмэгдүүлэн, чулуужсан түлш, ялангуяа нүүрсний хэрэглээг бий болгож буй эдийн засгийн өсөлтийн “дайвар бүтээгдэхүүн” нь өтгөн утаа, зузаан тортог. 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын гуравны хоёр нь хотод оршин суух төлөвтэй байгаа тул хотын агаарын бохирдлын асуудал хурцаар тавигдаж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцгойлон анхааруулж байна.
АНУ-ын Лос Анжелес хот сүүлийн тавин жилийн хугацаанд агаарын бохирдлын төвшинг 98 хувиар бууруулсан туршлагатай. Хэдийгээр тус хот утаа цэвэршүүлэгчийн тусламжтайгаар энэ амжилтад хүрсэн ч, агаарын чанарын асуудалтай нүүр туулсан хэвээр байна. Дэлхий даяар ухаалаг хотуудыг бий болгох үүднээс агаарын бохирдолтой хэрхэн тэмцэх вэ?
Парис
Парис хот амралтын өдрүүдэд төв гудамжаар автомашин явахыг хориглож, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр нийтийн тээвэр үнэгүй үйлчилж, автомашин, унадаг дугуй хамтран эзэмших хөтөлбөрийг дэмждэг аж. Сейн мөрний баруун эргийг автомашингүй бүс болгон зарлаж, Елисейн талбай орчим автомашин явахыг сар бүр тодорхой хугацаанд хориглосон шийдвэр гаргажээ.
Нидерланд
2025 оноос бензин болон дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглож, зөвхөн цахилгаан болон ус төрөгч автомашиныг зөвшөөрөх тухай хууль гаргахаар ажиллаж байна. Тус улсын ихэнх хотууд унадаг дугуй хэрэглэхийг дэмжиж байгаа гэнэ.
Фрайбург
Германы Фрайбург хот 500 км урт унадаг дугуйн зам, трамвайн шугамтай бөгөөд хямд нийтийн тээврийн системтэй. Тус хотын захын Ваубан дүүрэгт иргэдийг гэрийнхээ ойрхон машинаа тавихыг хориглосон тул оршин суугчид нь 18 мянган еврогоор хотын захад зогсоол худалдан авдаг гэнэ. Машингүй иргэдэд хямд үнэтэй орон сууц, үнэгүй нийтийн тээврийн үйлчилгээ, унадаг дугуйн зогсоолыг санал болгож байна.
Копенгаген
Данийн нийслэл Копенгаген хотод хүнээсээ илүү унадаг дугуйтай гэнэ. Тус хотын ихэнх хэсэгт машинаар явахыг хориглосон бөгөөд 2025 он гэхэд нүүрс төрөгчгүй хот болох зорилт тавиад байна.
Куритиба
Хоёр сая хүн амтай Бразилийн Куритиба хот дэлхийн хамгийн хямд нийтийн тээвэртэй хот. Хотын хүн амын 70 хувь нь ажилдаа ирж, очихдоо нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэнэ. Үр дүн нь цэвэр агаар, түгжрэлгүй зам.
Бээжин
Хятадын нийслэл Бээжин хотод сүндэрлэх “утаагүй цамхаг” 1170 ВТ цахилгаан эрчим хүчээр цагт 30 куб.м агаар цэвэрлэх хүчин чадалтай. Утаа, тортогийн үлдэгдлүүдийг нягтруулж, бөгж, товч зэрэг зүйлсийг хийдэг гэнэ. Энэхүү цамхагийн загварыг Нидерландын зураач Даан Роозегаарде гаргажээ. Тэрбээр хэд хэдэн ногоон төсөл санаачилсан. 2017 онд Хятадын компанитай хамтран утаа сорох дугуй бүтээжээ. Үүнээс гадна Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулах бас нэг арга зам нь цахилгаан автобус болж байна. Агаарын бохирдлыг бууруулах төслийн нэг хэсэг болсон энэхүү цахилгаан автобус бүр жилд 45 тонн нүүрстөрөгчийн давхар исэлийг устгах давхар зориулалттай.
Их Британи
Их Британийн засгийн газар 2030 гэхэд одоо ашиглаж буй автомашины тал хувийг холимог хөдөлгүүрт болон цахилгаан автомашинаар солих замаар 2040 гэхэд дизель болон хийн түлшээр явдаг автомашиныг бүрэн хориглохоор төлөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ