“Оскар”-ын шагнал гардуулах ёслол 30 жилд анх удаа хөтлөгчгүй болно
Ирэх хоёрдугаар сарын 24-нд Лос Анжелес хотноо болох “Оскар”-ын шагнал гардуулах ёслол сүүлийн 30 жилд анх удаа хөтлөгчгүй болох тухай “Reuters” агентлаг мэдээллээ.
Уг нь өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-ын Кино академийн ёслолын арга хэмжээг 39 настай жүжигчин Кевин Харт хөтлөхөөр сонгогджээ. Гэвч үүнээс хэд хоногийн дараа Кевин Харт олон жилийн өмнө “Twitter” хуудсандаа ижил хүйстнүүдийн эсрэг чиглэсэн зүйл бичиж байсан нь илэрч, олон нийтийн дунд түүнийг жигших явдал газар авсан аж.
Гэвч тэрээр өөрийн бичсэн зүйлдээ уучлал гуйхыг хүссэнгүй, харин ч “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг хөтлөхөөс татгалзжээ. Кевин Харт, “Би өнгөрсөн үе рүү буцаж, аль дээр бичсэнийхээ төлөө уучлал гуйхгүй. Тэгээд ч би хэлснээсээ буцахгүй, үзэл бодлоосоо ухрахгүй” гэж мэдэгсэн юм.
Үүний дараа түүнийг солих асуудал гарч ирэхэд “Оскар”-ын зохион байгуулагчид ёслолын арга хэмжээг хөтлөгчгүй явуулахаар шийдвэрлэжээ. Тус арга хэмжээ хамгийн сүүлд 1989 оны гуравдугаар сард хөтлөгчгүй болж байсан түүхтэй.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ