С.Эрдэнэ: Д.Дорлигжавыг хөөх эсэхээ намын дүрмээр шийднэ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

-УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барьсан. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийн талаар УИХ дахь АН-ын бүлэг ярилцаагүй байгаа. Бид нам дээрээ ярилцах ёстой. Үүний дараагаар албан ёсны байр сууриа илэрхийлнэ. Өнөөдөр нэг хүний хувьд бие дааж байр сууриа илэрхийлэх боломжгүй. Энэ асуудал нэг хүний, УИХ-ын даргатай холбоотой асуудал биш. Бүхэл бүтэн парламентын дархлаатай холбоотой асуудал. 1990 онд Үндсэн хуулийг баталсан хүмүүс алсыг харж боловсруулан, баталсан байгаа. Ялангуяа Үндсэн хуулийн эцэг Б.Чимэд  гуай Үндсэн хуулийн дархлаан дээр их анхаардаг. Өнөөдөр улс орны бодлогыг гол тодорхойлдог, үндэсний аюулгүй байдлын үзэл санааг гартаа барьж байдаг ҮАБЗ-ийн гурван гишүүн аль аль нь дархлаатай байх ёстой. Тэр дундаа УИХ-ын дарга дархлаатай байх ёстой. Тэгэхгүй бол парламентад олонхи болсон намын дарга нь УИХ-ын даргыг дуртай цагтаа солиод, засаглал тогтворгүй гэдэгтэй адилхан парламент ч гэсэн тогтворгүй байдал руу орно. Хариуцлага тооцох тусдаа заалт байгаа. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр өмнө нь Ц.Нямдорж УИХ-ын даргаасаа огцорч байсан. Зохицуулалт нь байгаа. Тиймээс би гишүүдийн олонхиор шийдээд явахыг зөв хувилбар гэж харахгүй байна.

Өнөөдөр АН-ын бүлэгэнэ хуулийн төслийг хэлэлцээгүй байгаа учир албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна.  Бид улс төрийн процесс, эрх баригч хүчний байр суурийг харж байна. Тийм учраас одоохондоо яарахгүй байгаа.

-Орд газруудыг төрд авч байна. АН үүнд ямар байр суурьтай байна вэ. Зарим эдийн засагчид хөрөнгө оруулалтыг үргээж болзошгүй гэж болгоомжлуулж байна?

-Манай АН үзэл баримтлалтын төслөө боловсруулаад өчигдөр УДШ-д өгсөн. Манай намын үзэл баримтлалын гол санаа байгаа. Баруун төвийн үзэл баримтлалтай, хувийн өмч, зах зээлийн зарчмаар улс орны эдийн засаг цаашаа хөгжих ёстой гэсэн байр суурь баримталдаг. Бүх зүйлийг төрд авах замаар явах нь зөв биш. Өнөөдөр дэлхийд сонгодог жишээ байна. Тухайлбал, Венесуль байна. Топ нөхөр гарч ирээд төрд бүх зүйлээ аваад, нефтиэ үнэгүйдүүлж, дүрвүүлж байна. Монголын хувьд стратегийн ордод төр тодорхой хувь эзэмшдэг байх ёстой. Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна гэдэг. Иргэдэд хувь оногдуулах хэрэгтэй. Гэхдээ бүх зүйлийг хураагаад явбал Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үү. Сэтгэлийн хөөрлөөр, хэт улс төрийн хийрхлээр аливаа асуудалд хандаад баймааргүй байна.

-Гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Зарим гишүүдийг эргүүлэн татах, түдгэлзүүлэх асуудал ч яригдаад байх шиг байна?

-Өнөөдөр хулгайг жижиг, том гэж яриад байна. Хулгай бол хулгай. Тухайн үед 10 мянган төгрөг хулгай хийгээд 10 жилийн ял аваад явж байсан иргэн байна. Хууль иргэддээ тэгш үйлчлэх ёстой. Тэрбум тэрбумаар нь тэгшитгэн хуваарилсан зохион байгуулалттай төрийн луйвар харагдаад байгаа юм. Үүнийгээ зээл, төлнө гээд байна. Нэгэнт хуультай, шүүхтэй орон бол шийтгэлээ ногдуулах хэрэгтэй. АН үүн дээр хатуу байр суурьтай байгаа. Хамгийн аюултай нь гурван хувийн зээлээр аваад банк бусаар дамжуулж мөнгө хүүлсэн. Иргэдэд очих боломжийг эрх мэдэл, мэдээллийн давуу талаа ашиглаж авсан нь туйлын буруу. Засгийн газрын кабинетын гишүүд зээл авсан байна. УИХ хуралдвал энэ асуудлыг оруулж ирэх байх. Гэтэл хуралдаандаа суухгүй, өөрсдийн гэмт хэргийн мөрийг баллах сонирхол байна уу гэж харж байна.

-Танай намын гишүүн, Улсын ерөнхий прокурор байсан Д.Дорлигжавыг баривчиллаа. Танайх намын гишүүнчлэлээс хөөх үү?

-Д.Дорлигжав даргын хувьд манай намын дарга байсан. Гэм буруутай нь тогтоогдвол манай намын дүрэмд заалт байвал шийднэ. Заалт байхгүй бол хуулиараа асуудлаа шийдэх байх.

-Танай нам УИХ-ыг тараах тогтоолоо боловсруулсан уу?

-АН-ын Улс төрийн зөвлөл УИХ-ыг тараах шийдвэр гаргаад, УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа илэрхийлсэн. Бид удахгүй УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах тогтоолын төслийг боловсруулж, гарын үсэг цуглуулна. Өнөөдөр шударга ёс яриад байгаа хүмүүс тэр тогтоолд гарын үсэг зурах байх гэж бодож байна.

-УИХ-ын нэр бүхий гишүүд хоёр дахь удаагаа жагсах гэж байна. Энэ жагсаалыг олон талаас нь дүгнэж, тайлбарлаж байна. Та юу гэж харж байна?

-Иргэд сайн дураараа жагсч, цуглах эрх нь нээлттэй. Эрх барьж байгаа нам хэний эсрэг жагсаад байгаа нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй байгаад нь гайхаж байна. Хэн нь хэнийхээ эсрэг жагсаад байгааг би ойлгохгүй байгаа. ЖДҮХС-аас зээл авсан нь нэг бүлэг, 60 тэрбумынхан нь нэг хэсэг бүлэг болчихсон. Энэ хоёр нэгнийхээ эсрэг жагсаад байгаа гэж харж байна. Үнэхээр М.Энхболд гэдэг хүнийг огцруулаад улс орны амьдрал сайжраад явна гэвэл хоёр гараа өргөөд дэмжмээр байна. Гэтэл үүний ард гэмт хэргээ нуун дарагдуулах гэсэн, өөр зорилго агуулсан зорилго байгаа учраас санаа зовж байгаа юм.

-Таныг нийгмийн даатгалын сангаас 58 тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр АТГ-т газарт шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл сошиалаар яваад байгаа?

Сүүлийн үед сошиалаар намайг 58 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын сангаас шамшигдуулсан гэж шалгуулж байгаа талаар мэдээлэл сошиал орчинд гараад байгаа. Нийтлэлч Баабар намайг гүтгэж, хоёр сая төгрөгөөр торгуулсан. Энэ 58 тэрбум төгрөг нь ор үндэслэлгүй зүйл гэдгийг АТГ-аас тайлбар ирүүлсэн. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг шамшигдуулсан гэсэн гүтгэлгийн шинжтэй асуудал сүүлийн 10 гаруй жил надруу чиглүүлж, гүтгэж байгаа юм. Нийгмийн даатгалын санг 2002 онд Төрийн санд нэгтгэсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Төрийн сан, Сангийн яамны мэдэлд байсаар ирсэн. Ер нь сүүлийн үед сошиал хуудсаар худал мэдээллүүд маш их гарч байгаа. Ийм увайгүй үйлдэл маш их гарч байгаа. Гэхдээ би сөрөг хүчний намын дарга, улстөрчийн хувьд энэ мэт гүтгэлгийг харж байсан учраас эмзэглээгүй.

news.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ