Х.Баянмөнх: Бэрхшээл бий, гэхдээ давна
Үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн олимпийн мөнгө, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ/хуучнаар ЗХУ/-ын гавьяат тамирчин, "Зууны манлай" бөх Хорлоогийн Баянмөнхөөс дараах тодруулгыг хийлээ.
-Бөхчүүд допингд холбогдох нь ихэслээ. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Монгол Улсын баяр наадмын тухай хуульд "шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна" гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр хэн дуртай бөхөөс шинжилгээ авч байна. Гэхдээ допингийн шинжилгээг авч болох ч хуульд заасан эрхийн дагуу авах ёстой.
Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй. Мөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан тохиолдолд хөндлөнгийн гэрчийг оролцуулах. Гэтэл эмч, сувилагч хоёр шинжилгээ аваад тэр нь ямар ч баталгаагүй байна. Үнэхээр тэр бөхөөс авсан шинжилгээ мөн үү гэдгийг яаж батлах вэ? Би дэлхийд 16 жил допингийн шинжилгээ өгч байсан. Тэгэхэд дасгалжуулагч, багийн ахлагч нарыг заавал хажууд нь байлгадаг байсан.
-Допингийн шинжилгээ илэрсэн бөхчүүд шүүхдээд яваад байна. Энэ нь ёс зүйд нийцэх үү?
-Би түрүүн хэлсэн. Допингийн шинжилгээг хэн дуртай нь авахгүй ээ. Зөвхөн улсын наадмын бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс авна гээд заачихсан байхад яагаад бусад үед биднээс авч байгаа юм бэ гэж бөхчүүд шүүхэд хандаж байна. Тэд эрхээ хамгаалж байна. Гэтэл улсын наадмын шинжилгээгээр гараагүй байхад нь нөгөө бөхөө барьж аваад шинжилгээ аваад хориотой бодис хэрэглэсэн байна гээд зарлачихдаг. Шинжлэх эрхийг хуулиар баталгаажуулах хэрэгтэй байна. Зөвхөн аналгин уухад л гарчихдаг эд шүү дээ. Бөхчүүд дунд янз бүрийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс байна. Тэгэхээр үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй.
-Л.Чинбат болон Б.Бат-Эрдэнэ нарын холбоо гээд дотроо хоёр хуваагдчихлаа. Гэтэл бөхийн төлөө хийх мөрийн хөтөлбөрөө танилцуулаагүй хэрнээ бид хууль ёсны гээд яваад байгаад та юу гэж хэлэх вэ?
-Тийм байж магадгүй. Энэ их зөв асуулт байна. Мөрийн хөтөлбөр танилцуулна аа.
–Бөхийн нэр хүнд унаж байна шүү дээ. Та бүхэн юу хийх вэ?
–Бөхийн хөгжлийн төлөө шинэчлэл хийх шаардлага байгаа. 10 гаруй шинэчлэл хийх шаардлагатай. Гэхдээ үндэснийхээ уламжлалт дархлааг хадгалаад орчин үеийн спортыг хөгжүүлж байгаа дэлхий нийтийн жишгийг оруулаад шинэчлэл хийх боломжтой. Өнгөрсөн 16 жил бид мэргэжлийн хувьд их хоцорсон.
-Та бүхэн ямар шинэчлэл хийх вэ?
-Допингийн шинжилгээний талаар, начны найраа гээд бүгдийг устгах хэрэгтэй. Хурлаар батлуулаад устгая. Өнөөдөр зарлачих юм бол эсэргүүцдэг хүмүүс жагсаал хийгээд ч болов эсэргүүцнэ шүү дээ. Тэгэхээр тэр хуулийг батлуулахгүй байж магадгүй /инээв/. Та бүхэн нэг зүйлийг анхаараарай. Бөхийн өргөөг булаацалдаж байна гэж нийгэмд зориудаар ташаа мэдээлэл тараагаад байна. Өөрсдийнхөө хуудуутай зүйлийг нуухын тулд Бөхийн өргөө гэж хэлээд байна. Үнэн чанартаа Бөхийн өргөөг булаалцалдсан нэг ч хүн байхгүй. Харин төрд өгөхөөр шийдвэл олон эзэн гарч ирнэ. Тэр үед л жинхэнэ булаацалдана.
-Л.Чинбат энэ талаар юу гэж байна вэ?
-Энэ маргааны талаар Н.Чинбат шүүхийн талаа барьж байгаа. “Шүүхийн шийдвэрээ харна. Надад тэргүүн хийх гээд байх хүсэл байхгүй. Би шүүхийн шийдвэрээр зөв юм хийж явжээ гэдгээ л харуулах юм" гэж хэлж байгаа.
-Шүүхийн шийдвэр гарахад аль нэг холбоо нь үйл ажиллагаа явуулах боломжгүй дахин “Их Эе” хурлыг хийнэ гэж та хэлж байсан шүү дээ?
-Хуваагдмал байдал дахин үүсэх учир үйл ажиллагааг авч явах боломж байхгүй. Тиймээс бид шүүхээр эрхээ авсан холбоотой л ажиллана.
–Шинэ оноос эхлэн бөхийн барилдаан Бөхийн өргөөндөө болох хэвээрээ юу?
-Болно гэж ойлгож болно. Бөхийн өргөөг нээхэд цэвэрлэгээ хийхээс эхлээд хийх ажил их байна. Бэрхшээл бий, гэхдээ давна.
news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ