УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар эвлэрсэн үү
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар удаан хугацааны тэмцэлдээ цэг тавьж өнөөдөр эвлэрсэн гэх мэдээлэл www.sonin.mn зэрэг зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч эхэллээ.
Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй төрийн өндөрлөгүүд 40 гаруй минутын хугацаанд уулзсан гэх албан мэдээлэл гараад байна. Уулзалтаар чухам ямар асуудлыг хэлэлцсэн нь тодорхойгүй ч УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар эвлэрэх асуудлаар ярилцсан байх магадлалтай байна.
Зарим хэвлэлд мэдээлж буйгаар эвлэрэх саналыг намын даргын хувиар Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаж М.Энхболдод Цагаан хадаг барьсан гэх мэдээлэл ч гарч байна.
Эрх баригч намын хоёр даргын зөрчилдөөнөөс үүдэн УИХ-ын үйл ажиллагаа дөрвөн долоо хоногийн хугацаанд гацаанд ороод байгаа билээ. Тодруулбал, У.Хүрэлсүхийн талын 38 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэн бойкот зарласан. Үүнээс үүдэн хэд, хэдэн сайдын томилгооноос эхлээд олон чухал хууль хэлэлцэгдэхгүй гацаанд ороод байгаа.
Хэрвээ У.Хүрэлсүх, М.Энхболд нар эвлэрсэн бол төрийн ажил болон УИХ-ын үйл ажиллагаа энэ долоо хоногоос хэвийн үргэлжлэх нь.
medee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ