Зул сараар жуулчдын хөлд дарагддаг хотууд

Шинэ жил, зул сарын амралтын өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэхийн тулд аялалд гарах хүмүүс олон байдаг билээ. Жилийн хамгийн сайхан энэ үеэр гэр бүлийнхэнтэйгээ гайхалтай газруудаар аялахын тулд хүмүүсийн хамгийн ихээр зорин очдог газруудыг хүргэж байна.

  1. Дани улс, Копенгаген хот

Данийн нийслэл Копенгаген бол Скандинавын орнуудаас аялахад хамгийн бага зардал ордог атлаа үзэсгэлэнтэй газар юм. Жижигхэн боловч маш найрсаг уур амьсгал таныг Копенгагенд угтан авах болно. Харьцангуй жижигхэн газар нутагтай болохоор Копенгагенд үзэхийг төлөвлөсөн газрууддаа очиход хялбар бөгөөд өвлийн улиралд тийм ч хүйтэн биш, дунджаар цельсийн 0 градус байдаг. Мөн шинэ жилийн үеэр гудамж талбайг олон янзын гэрлэн чимэглэлээр чимж, өндөр гацуур моддыг засч тавьсан байдаг. Зул сарын яармагууд дэлгэгдсэний дараа Копенгаген хот бүр ч үзэсгэлэнтэй болдог байна.

  1. Ирланд улс, Дублин хот

Зул сарын гэрлэн чимэглэлээ зүүсний дараа хамгийн үзэсгэлэнтэй харагддаг Европын бас нэгэн хот бол Дублин юм. Зул сарын үеэр гудамж талбайд найрал дуу эгшиглэж, тэшүүрийн талбай хаа сайгүй нээгддэг байна. Ирландын нийслэл, 1000 гаруй жилийн түүхтэй Дублинд түүхийн дурсгал бүхий олон үзэсгэлэнт цайзууд бийгээс гадна ард түмэн нь  дэлхийн хамгийн нөхөрсөгт тооцогддог тул зул сарын баярыг халуун, дулаан уур амьсгалтайгаар өнгөрүүлж болох юм. Мөн Европын бусад улсуудтай харьцуулахад аялахад өртөг багатайд тооцогддог байна.

  1. Австри улс, Зальцбург хот

Барокко урсгалын гайхалтай уран барилгуудаар дүүрэн Зальцбург хот нь Моцартын төрсөн нутаг гэдгээрээ алдартай. Тиймдээ ч хөгжмийн томоохон фестивалиуд тогтмол зохион байгуулагддаг бөгөөд зул сарын баяраар гайхалтай сайхан байгаль, уран барилга болон дуу хөгжмийн урлагийг мэдрэх гэсэн хүмүүс ихээр зорин очдог ажээ.

  1. АНУ, Нью-Йорк хот

Эрх чөлөөний хөшөө, Брүүклинийн, гүүр, Линкольн төв, Янкий цэнгэлдэх хүрээлэн, “Times Square”, ихэр цамхгийн буурь зэрэг дэлхийд алдартай олон газруудтай учраас Нью-Йорк хотыг “дэлхийн нийслэл” хэмээн нэрийдсэн биз ээ. Тус хотыг зорих жуулчдын тоо нь хүн амынхаа тооноос ч их буюу 50 сая байна. Ялангуяа зул сарын баярыг өнгөрүүлэхээр маш олон жуулчин Нью-Йорк хотыг зорин очдог ажээ. Дэлхийн санхүү, хэвлэл мэдээлэл, шоу бизнес, загварын ертөнц, технологийн төв болсон энэ хот таныг хэзээ ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

  1. Чех улс, Праг хот

Хуучны хэв маягтай Праг хотод зул сарын баяраар гудамж талбай ер бусын, ид шидтэй гэмээр тод өнгө, халуун уур амьсгалаар дүүрч өөрчлөгддөг. Жил бүр зул сараар хотын төв талбайд гар урлалын бүтээгдэхүүн, модон тоглоомуудаар дүүрч, бяцхан хүүхдүүд дуулж, үндэсний бүжгийн үзүүлбэрүүдийг үзүүлдэг байна. Гэхдээ төв талбай дээрх зул сарын яармагаас гадна энэ хотын нээлттэй, найрсаг хүмүүс, гайхалтай уур амьсгал, эрч хүчийг мэдрэх гэж маш олон жуулчин зорин ирдэг аж.

  1. Финлянд улс, Лапланд хот

Зул сарын баярын өлгий нутгийг энэхүү жагсаалтад оруулахгүй байхын аргагүй билээ. Зул сарын гайхамшигт итгэдэг болон итгэхийг хүсдэг хүн болгон энэ хотыг арванхоёрдугаар сард зорин ирдэг байна. Санта Клаусын тосгон, Сантагийн цэцэрлэгт хүрээлэн гээд зул сарын баяраар үзэж харах зүйл тун ихтэй. Түүнчлэн гудамж талбайд эгшиглэх зул сарын сүлд дуунууд, цаа бугуудыг хараад таны сэтгэл өөрийн эрхгүй хөдлөх болно.

  1. Шотланд улс, Эдинбург хот

Шотландын нийслэл Эдинбург хот нь түүх, соёлын үнэт өв бүхий үзэсгэлэнтэй хот юм. Модоор чимэглэсэн, өвөрмөц ханатай, гар урлалын бүтээгдэхүүнийг төрөл төрлөөр нь өрсөн зул сарын яармагийг сонирхож, үзэсгэлэнт театрууд болон сүмийн гадаа болох зул сарын тоглолтуудыг үзэх боломжтой юм. Зул сарын уур амьсгал энэ хотод арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт эхэлж, шинэ он гартал үргэлжлэх болно.

  1. Канад улс, Квибек хот

Цас мөсний оронд зул сарын баярын уур амьсгалыг мэдрэхийг хүсч байвал Канадын Квибек хотыг зориорой. Гэрлээр чимэглэсэн нарийн гудамжнууд, гялалзсан өндөр гацуурууд, цасанд дарагдсан байшингууд, гудамжны найрал дуучид гээд зул сарын үлгэрт гардаг дүр төрхийг та эндээс олох болно. Дэлхийд алдартай зул сарын яармагуудын нэг болох “Marche de Noel” энэ хотод нээгддэг бөгөөд энэ үеэр гар урлалын ховор хүүхэлдэйнүүд, хувцас, керамик урлал, үндэсний архи, шарз, нарийн боов гээд үзэж, сонирхох, худалдан авахуйц зүйлс ихтэй.

  1. Франц улс, Страсбург хот

Франц улсын Страсбург хот зул сарын баяраар маш үзэсгэлэнтэй болдог. Тус хот нь зул сарын баярын амттан, дарс, жигнэмгээрээ дэлхийд алдартай юм. Зул сарын баярын үеэр хот бүхэлдээ баярын хөтөлбөр, концерт, соёлын арга хэмжээнүүдээр бялхан, таныг угтан авах болно.

  1. Өмнөд Солонгос улс, Сөүл хот

Азийн улс орнуудаас зул сарын баярыг хамгийн гэрэл гэгээтэй, өргөн дэлгэр тэмдэглэдэг хот бол БНСУ-ын нийслэл Сөүл юм. Зул сарын баяраар томоохон дэлгүүрүүдийн хямдрал, бүх оддын нэгдсэн тоглолт болдог тул жуулчдад уйдах зав гардаггүй аж. Хэрвээ та зул сарын оройн зоогтоо цацагт хяруулын мах зооглохыг хүсвэл ресторанууд жилийн энэ үеэр онцгойлон хоолны цэстээ оруулсан байдаг тул санаа зовох хэрэггүй. Зардлын хувьд харьцангуй хямд төдийгүй мартагдашгүй, гайхалтай дурсамжуудыг Сөүлийн зул сараар бүтээх боломжтой юм.

Эх сурвалж: Roughguides.com news.mn 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ